Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

 

 

 

 

2023          02          13                                   2023/ШЦТ/176

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,    

улсын яллагч Н.Энхтулга,

иргэдийн төлөөлөгч Ч.Халиун,

шинжээч Э.Баасанжав / цахимаар /,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч З.М-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209000001732 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: З.М- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй дэлгүүрийн агуулахын үүдэнд иргэн Д.Ш-ийн нүүр, толгойн тус газарт гараараа цохих зэргээр зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М- мэдүүлэхдээ:  ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоос төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У- мэдүүлэхдээ: ... 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орой 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас манай эхнэр рүү ярьсан байсан. Тэгээд ээж рүүгээ залгахад “аав чинь өөд болчихсон” гэж хэлсэн. Миний аав “Баргил Тех” ХХК-д засварчин ажилтай байсан. Сард 2.000.000 төгрөгний цалин авдаг байсан. Хөдөлмөрч, хичээнгүй зантай хүн байсан. Урьд ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байсан. Аав маань нас барснаас хойш ээж маань ажлаа хийж чадахгүй байгаа ба манай 2 хүүхэд маань 7 хоногт 2 удаа уйлдаг. Баримтаар гаргаж өгсөн нийт 130.843.065 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 50.000.000 төгрөг сэтгэл санааны хохирол,  30.000.000 төгрөг тэтгэвэрт гарах хүртэл хугацааны цалин хөлс, үлдэх 45.695.641 төгрөг оршуулгын зардал болно. Гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Э.Баасанжав мэдүүлэхдээ: ... Би шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилох тухай тогтоол ирсний дагуу томилогдож тус хэрэгт дүгнэлт гаргасан. Хохирогчид учирсан гэмтэл нь тухайн хэсэг газар буюу толгойд доргилт авснаар тархины битүү гэмтэл авч үүсэх боломжтой гэмтэл байсан. Хохирогч эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй байсан. Хохирогчийн биед байсан хуучин гэмтэл нь хохирогчийн амь насанд нөлөөлөхгүй. Амь хохирогчийн цусанд 2.6 промилл, ходоодонд 6.2 промилл, цөсөнд 2.7 промилл, шээсэнд 2.1 промиллийн спиртын агууламж илэрсэн. Энэ нь удаан хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэснээр илрэх боломжтой, согтолтын хүнд зэрэг юм гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 7 /, мөрдөгчийн илтгэх хуудас / хх 10 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-13 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16-24 /, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-ын мэдүүлэг / хх 26-27 /, гэрч А.Д-ийн мэдүүлэг / хх 28-29 /, гэрч Б.С-ын мэдүүлэг / хх 30-31 /, гэрч Ш.Д-ны мэдүүлэг / хх 35-36 /, гэрч Р.Оюунгэрэлийн мэдүүлэг / хх 41 /, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх 48 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2545 дугаартай цогцост хийсэн дүгнэлт / хх 51-54 /, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 994 дугаартай дүгнэлт / хх 183-184 /, яллагдагч З.М-ын мэдүүлэг / хх 4-5 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 152 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.М- нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй дэлгүүрийн агуулахын үүдэнд иргэн Д.Ш-ийн нүүр, толгойн тус газарт гараараа цохиж, санаатай алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 7 /

 

Мөрдөгчийн илтгэх хуудас / хх 10 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-13 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 16-24 / “...Уг бичлэгийн 13:28:14 цагт муу пизда чи муу гэж эрэгтэй хүн үг хэлж, улбар шар өнгийн цамцтай халимаг үстэй ягаан өнгийн өмдтэй хүрэн өнгийн хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн бичлэгийн зүүн талаас гарч ирж байгаа бичлэг байлаа. Уг бичлэгийн 13:28:23 цагт улаан цамцтай хүн дээр улбар шаргал цамцтай хүн очиж хажууд нь сууж байх бөгөөд хяналтын камерын бичлэгт муу пизда минь гэх эрэгтэй хүний дуу гарч байлаа. Уг бичлэгийн 13:28:32 цагт саарал өнгийн футболктой хар өнгийн жилетиктэй баруун гартаа архины шил барьсан хүн пизда минь гэсээр зүүн гартаа хагас сав кола ундаа барьсаар гарч ирж байлаа. Уг бичлэгийн 13:28:38 улбар шар өнгийн цамцтай эрэгтэй хүн хар жилетиктэй эрэгтэй хүн рүү салаавч гаргаж байгаа харагдаж байлаа. Бичлэгийн 13:28:43 цагт май энийг барьж бай гэж улаан цамцтай эрэгтэй хүнд шилтэй архи ундаагаа өгөөд муу шээс минь гэж хэлээд хар өнгийн хантаазтай эрэгтэй хүн зүүн гараараа улбар шар өнгийн цамцтай эрэгтэй хүний баруун шанаанд 1 удаа цохиж байгаа байдал байлаа. Үзлэгийг үргэлжлүүлэхэд 13:28:45 цагт уг хар өнгийн хантаазтай эрэгтэй хүн улбар шар ангийн цамцтай эрэгтэй хүний зүүн шанаанд баруун гараараа 1 удаа цохиж байна. Уг цохиулсан эрэгтэй хүн түрүүлгээ хараад гар нь суларч дахин өндийхгүй байлаа. Уг бичлэгийн 13:29:24 цагт улбар шар өнгийн цамцтай эрэгтэй хүнийг хар өнгийн жилетиктэй эрэгтэй өргөж татаад дахин нэг удаа баруун гараараа толгой хэсэгт дээрээс доош чиглэж цохиж байлаа. Муу шээс минь гэж орилж байв улаан цамцтай эрэгтэй одоо болно гээд хориглож байв” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-ын / хх 26-27 / “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим цагдаагаас манай эхнэр рүү залгаад Ш.У- гэх хүнтэй ярья гэж хэлээд ярихад “Танай хадам аав нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд би шууд ирсэн чинь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Сод Монгол”-ын шатахуун түгээх станцын ард байж байхад нь ирж хараад шүүх шинжилгээний машинд өгч явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Д-ийн / хх 28-29 / “...Би өөрийн ажлын 99087891 дугаараас 16 цаг 22 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт манай ажил буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Би Эс Эйч” ХХК-ний агуулахаа хаах гээд гарах гэж байсан чинь манай агуулахын тээврийн хэрэгсэл орж гардаг хаалганы урд цементэн дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Намайг 13 цаг 30 минутын үед гарахад 2 залуутай байсан. Нэг залуу нь өргөөд байх шиг байсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч Б.С-ын / хх 30-31 / “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талд зам дагуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу очиж шалгахад 55-60 орчим насны эрэгтэй хүн нас барсан байдалтай байхаар нь 103 дуудаж хэргийн газрын хамгаалалт авч Бэлх-10 мэдэгдэж ажилласан. Тухайн үед биечилсэн сурвалжилга хийж нас барсан этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллах үед Д.Ш- гэгч нас барсан болохыг тогтоож, уг гэмт хэргийг үйлдсэн гэх З.М-ыг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон “Гүнт-20”-д эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ш.Д-ы / хх 35-36 / “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Билэгт хаан дэлгүүрийн арын гудамжинд 12-13 цагийн орчим байх гэрээсээ уучихаад гараад ирсэн чинь Д.Ш- 0.75 литрийн хараа архи өвөртөлсөн явж байсан бөгөөд бид хоёр “Арвин” дэлгүүрийн үүдэнд уусан. Тэгээд дахин урд талын “Билэгт хаан” дэлгүүрийн гадна зогсож байхад дэлгүүрийн эзэн Хүрлээ явж байхаар нь Д.Ш- очиж архи зээлчих гээд 0.75 литрийн “Алтансүлд” гэх архи аваад “Арвин” дэлгүүрийн үүдэнд уусан. Архи дуусаж байх үед З.М- хойд талаас ирээд тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Би муудаад байсан бөгөөд дүү хүүхдээ орхиод явсан байсан болохоор гэр рүүгээ ороод буцаж гарч ирээд архи уусан газраа сууж байхад З.М-, Д.Ш- нар муудалцаад над руу ирсэн. Тэгж байгаад зууралдсан санагдаад байна. Би салгаад байх шиг байсан. Архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Би дахиад гэр рүү орсон. Ороод хэр удсанаа мэдэхгүй буцаад гараад ирэхэд Д.Ш- хажууд хэвтээд байж байсан. Би тасарсан гэж бодож байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Р.О-ийн / хх 41 / “...З.М- нь миний хүргэн ах, Д.Ш- нь манай хэсгийн ахлагчийн нөхөр гэдгээр нь таньдаг. Би өглөө 2 хүүхдээ хүргэж өгчихөөд 09 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ ирсэн. Тэгээд удалгүй байж байтал Д.Ш- ах орж ирээд 100 граммын Хараа нэртэй архи худалдаж авсан. Удалгүй Дэлгэрсайхан орж ирээд 0.5 литрийн Шүншиг нэртэй архи худалдаж авсан. Тухайн өдөр хүргэн ах сургуулийн хүүхдүүд хүргэх цаг 12 өнгөрч байхад нэг орж ирээд дахиж харагдаагүй. Орж ирэхдээ бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх 48 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2545 дугаартай цогцост хийсэн дүгнэлтэд:

Талийгаач Д.Ш-ийн цогцост тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дух, духны дотор хэсэг, дух чамархайн суурь, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархай, уртавтар тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг шингэг цусан хураа, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, булчин, хуйхад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлийн, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Тархины битүү гэмтэл нь мохоор зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Талийгаачийн цогцост үхэлд хүргэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас барсан. Духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь хуучин, бусад нь шинэ гэмтэл байна” гэжээ. / хх 51-54 /

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 994 дугаартай дүгнэлтэд “..З.М- нь хэрэг хариуцах чадвартай. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна” гэжээ. / хх 183-184 /

 

Яллагдагч З.М-ын / хх 4-5 / “...Би гэрээсээ 11 цаг өнгөрч байхад гараад “Дэвжих” нэртэй хүнсний дэлгүүр орж 0.5 литрийн хараа архи худалдаж авсан. Тэр архиа гудамжинд ганцаараа уугаад дуусгасан. Тэрнээс хойш үйл явдлыг санахгүй байна. Нэг мэдсэн эхнэр “Д.Ш-той архи уусан юм уу” гэж асуусан санагдаж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:  ... Шүүгдэгч З.М-, хохирогч нар нь хэн аль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, З.М- нь хохирогчийг зодож алсан гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч З.М-ад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.М-ын хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч З.М-ад ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч З.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн нүүр, толгойд гараараа цохиж, амь насыг нь санаатай хохироосон, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн оршуулгын болон бусад зардлаас  28.158.181 төгрөгийг төлж барагдуулсан, өндөр настай зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У- нь сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, амь хохирогч Д.Ш-ийн тэтгэвэрт гарах хүртэлх хугацааны цалин 30.000.000 төгрөг, оршуулгын болон бусад зардалд 45.695.641 төгрөг, нийт 130.843.065 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Эдгээрээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд:

Талийгаачийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөөлүүлэх хүртэлх хугацаанд нийт 160 хүн ирж / хх 78 /, хөдөөлүүлэхэд 80 хүн / хх 105 / тус тус оролцсон болох нь ”MBL CITI” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт “Цэгц баян“ ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай зарлагын баримтуудаар тус тус нотлогдож байна.

Эдгээртэй холбоотойгоор “Суварга Буян” ХХК-с 6.500.000 төгрөгний үйлчилгээ / хх 79 /, талийгаачийн охин  Ш.Уянга нь гадаад улсаас ирж, буцсан зардалд 7.727.470 төгрөг / хх 65-66 /, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг / хх 149-150 /, хэдийгээр баримтгүй боловч шашны зан үйлтэй холбоотой тодорхой хэмжээний зардал гарсан гэж үзэж 1.000.000 төгрөг, бусад зардалд 16.296.587 төгрөг, 49 хоногийн ажил явдалд 1.634.124 төгрөг, нийт 36.158.181 төгрөгийг шүүгдэгч З.М-аас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин талийгаач Д.Ш- нь “Баргил Тех“ ХХК-д засварчнаар сарын 2.000.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан / хх 64 / гэсэн тодорхойлолт хэрэгт байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн талийгаачийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл тус компанид 420.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан байх ба нас барах үедээ ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй тул 30.000.000 төгрөгийг, хохирогчийн талаас бүрдүүлж өгсөн / хх 63-122 / хэрэгт авагдсан баримтуудаас дээрх оршуулгын ажил явдалд хэрэглээгүй буюу цаг хугацааны хувьд хамааралгүй, тамга тэмдэггүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй 44.737.460 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлыг тооцон гаргуулах баримт байхгүй тул баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүгдэгч З.М- нь төлбөл зохих 36.158.181 төгрөгнөөс шүүхийн шатанд 10.000.000 төгрөг, хохирол гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргаж, уг хугацаанд 18.158.181 төгрөгийг тус тус төлж, үлдэх 8.000.000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 13-ны дотор төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-тай тохиролцсон байх тул хохирлоос үлдэх 8.000.000 төгрөгийг З.М-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-т олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч З.М-ын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 138 хоногийг эдлэх ялд оруулан тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар З.М-ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.М-ын цагдан хоригдсон 138 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-аас 8.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-т олгож, нэхэмжлэлээс 74.737.460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. З.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                          Б.ДУЛАМСҮРЭН

                                                    

                                                               Б.ОТГОНЦЭЦЭГ