Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

 

 

 

    2023        02         13                                    2023/ШЦТ/177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Батбаяр,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Г.Ганболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209000001992 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б.А- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

“Баялаг Энержи” ХХК-ний хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Пи Си Молл” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу байгууллагадаа бараа авч байна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Пи Си Молл” ХХК-иас гар утас, бараа авч, 165.976.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: ...2021 онд найзынхаа ахын машиныг унагаснаас болоод өрөнд орж, яаралтай өндөр хүүтэй зээл авч төлж барагдуулсан. Энэ мөнгөө төлөхийн тулд гар утаснуудыг авч хүмүүсийн өрийг төлж байсан. Энэ хэргийн хохиролд 25.000.000 төгрөгт хашаа байшингаа өгсөн. Үлдэх 140.976.424 төгрөгийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: ... Б.А- нь бидний урт хугацааны хамтын ажиллагааны итгэлцлийг ашиглан манай компанитай байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу байгууллагадаа авч байгаа мэтээр ойлгуулан манай ажилтнаас олон тооны гар утаснуудыг авч өөртөө ашиглаж байсан нь 2 компанийн тооцоо нийлэх актаар нотлогдсон. Үүнээс болоод манай ажилтан ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халагдсан. Б.А- нь 165.976.424 төгрөгийн хохирол учруулснаас аав нь 25.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 140.976.424 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд “Б” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/125 тоот албан бичиг / 1хх 6-7 /, “Б” ХХК, “Пи Си Молл” ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ / 1хх 8-13 /, “Пи Си Молл” ХХК-иас авсан барааны жагсаалт, зарлагын баримтууд / 1хх 16-26 /, хохирогч Б.Б-ий мэдүүлэг / 1хх 40 /, гэрч Г.Ч-ын мэдүүлэг / 1хх 42-43 /, гэрч Ц.Б-ын мэдүүлэг / 1хх 45-46 /, гэрч Г.Н-ын мэдүүлэг / 1хх 48 /, гэрч Л.А-ын мэдүүлэг / 1хх 50 /, “Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн СБ1-22-2696 дугаартай дүгнэлт / 1хх 53-55 /, яллагдагч Б.А-ын мэдүүлэг / 1хх 221-222 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх 59 / зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А- нь “Б” ХХК-ний хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Пи Си Молл” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу байгууллагадаа бараа авч байна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Пи Си Молл” ХХК-иас 165.976.424 төгрөгийн үнэ бүхий бараа, олон тооны гар утаснуудыг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

“Б” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/125 тоот албан бичиг / 1хх 6-7 /

“Б” ХХК, “Пи Си Молл” ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ / 1хх 8-13 /

“Пи Си Молл” ХХК-иас авсан барааны жагсаалт, зарлагын баримтууд / 1хх 16-26 /

Хохирогч Б.Б-ий / 1хх 40 / “...Манай “Пи Си Молл” ХХК нь “Б” ХХК-тай удаан хугацааны турш хамтарч ажиллаж байгаа. Сүүлд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Б” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Гэтэл тухайн компанийн хангамжийн менежер Б.А- нь бидний урт хугацааны хамтын ажиллагааны итгэлцлийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож тухайн зээлийн байгууллагаас “Айфоне”, “Самсунг” брендийн гар утаснуудыг авах хүсэлтэй байна гэж олон тооны гар утаснуудыг авч, хувьдаа ашигласан нь 2 компанийн тооцоо нийлэх актаар тогтоогдсон. Б.А- нь дээрх бараануудыг зээлээр авахдаа манай компанийн борлуулалт хариуцсан менежер Ц.Баттулгатай харилцаж зарлагын баримт үйлдэж авдаг байсан нь тогтоогдсон. Ингээд Б.А- нь дээрх үйлдлээрээ манай компанид 165.976.424 төгрөгийн хохирол учруулсан болох нь манай санхүүгийн албанаас гаргасан тайлангаар тогтоогдсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Ч-ын / 1хх 42-43 / “..."Б” компани 2016 оноос хойш манай компаниас худалдан авалтууд хийж ирсэн түүхтэй. Энэ хүрээнд “Б” ХХК-ний манайхтай харьцдаг борлуулалтын менежер Б.А- гэдэг залуутай утсаар холбогдож 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манайхтай байгуулсан гэрээний дагуу авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог шилжүүлэхийг шаардсан. ...2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр "Б” ХХК-иас манайх руу албан бичиг хүргүүлж байсан. ...2022 оны 09 дүгээр сарны 30-ны өдөр “Б” ХХК-иас манай руу албан бичгээр хариу хүргүүлж байсан. Уг албан бичигт “Б" ХХК-ний хангамжийн мэргэжилтэн Б.А- нь компанийнхаа нэрийг ашиглаж манай байгууллагаас зээлээр худалдан авсан бараа бүтэгдэхүүнийг бүгдийг хувьдаа завшсан, энэ тухай байгууллагынхаа удирдлага болон хуулийн зөвлөхөд амаар болон бичгээр тайлбар гаргаж хүлээн зөвшөөрсөн тухай байсан юм. ...Б.А- нь "Б” ХХК болон “Өсөх Зоос” ХХК-ний нэрийн өмнөөс манай компанитай харьцаж олж авсан олон жилийн харилцаан дээрээ биднийг төөрөгдөлд оруулж эдгээр бараануудыг хувьдаа авч завшсан байна. ...Б.А- нь манай байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч хувьдаа завшиж нийт 165.976.424 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ц.Б-н / 1хх 45-46 / “...”Өсөх Зоос” ХХК-ний охин компани болох “Б” компани байгуулагдаж мөн тухайн компанийг мөн адил Б.А- төлөөлж манайхтай харьцдаг байсан. ...”Б” ХХК нь манайхаас өндөр дүнтэй худалдан авалт хийхгүй байж байгаад 2022 оны хавраас эхлэн худалдан авалтуудыг эрчимтэй хийж эхэлсэн. Худалдан авалт хийхдээ 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зээлээр худалдан авах гэрээ байгуулж, ухаалаг гар утаснууд болон зөөврийн компьютер авч байсан. Уг гэрээнд манай компани болох нийлүүлэгч талаас би өөрөө, нөгөө тал болох худалдан авагч талаас Б.А- төлөөлж гэрээг байгуулж байсан. ...Гэрээнд хөнгөлөлт үзүүлэх барааны жагсаалт байгаа, мөн 1 сарын хугацаанд зээлээр худалдан авах бүтээгдэхүүний үнийн дүн 50 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж заасан байгаа. Тухайн 50 сая төгрөгт багтааж зээлээр бүтээгдэхүүнээ авчихаад дараа сард тооцоо хийчихээд дахин авах боломжтой гэсэн үг юм. Тухайн гэрээг компанийн хуульчдаа өгч хянуулсны үндсэн дээр захирлаар батлуулсан байгаа. Б.А-ын хувьд 5, 6 дугаар сард авсан барааных нь үнийн дүн 165 сая төгрөг болчихоод байгаа юм. Тухайн үед Б.А- өөрөө “Өсөх Зоос” ХХК дээр гэрээ байгуулчихъя гэж ярьж байсан боловч гэрээ байгуулаагүй, зээлээр бүтээгдэхүүнээ аваад явсан. Б.А- нь “Өсөх Зоос” ХХК дээр зээлээр худалдан авалт хийе” гэхээр нь би “ Гэрээ байгуулъя” гэж хэлж байсан ч Б.А- нь “Гэрээ байгуулахад гэрээ батлах хүмүүс байхгүй байна. Дараа нь нөхөөд байгуулчихъя” гэх зэргээр ярихаар нь би Б.А-ыг итгэлтэй түнш гээд мөн борлуулалтаа бодоод ямар нэгэн гэрээгүйгээр “Өсөх Зоос” ХХК-д зээлээр худалдан авалтыг нийлүүлсэн. Б.А- нь “ Уурхайн үйл ажиллагаа эхлэх гээд манай дээр шалгалтаар хүмүүс ирчихээд байгаа. Захирал, манай уурхайн дарга нар гар утас ав гэсэн юм” гэж хэлж надад тийм ойлголт төрүүлж бүтээгдэхүүнийг анх авч байсан. Анх гэрээ хийнэ гэдгээ яриад гэрээ нь хуульч дээр хянагдаж байна гэх зэргээр удааширч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүрсэн. Тиймээс эхний 4 худалдан авалтууд гэрээнд багтаж байгаа. Сүүлд 7 дугаар сарын худалдан авалтууд дээр Б.А- нь “ Группийн ерөнхийлөгч шагнал авах гэж байгаа. Найран дээр бэлэглэлийн журмаар хүмүүст өгөх гэж байгаа тул захирал ав гэсэн юм” гээд зээлээр худалдан авалт хийгээд явсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Н-н / 1хх 48 / “...Б.А- нь “Өсөх Зоос” ХХК-д анх ажиллаж байгаад сүүлд “Б” ХХК байгуулагдах үед хангамжийн мэргэжилтнээр ажилд ороод 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан байгаа. ...Б.А- нь гэрээг зорилгын хувьд өөрөөр ашиглаж гар утаснууд зээлээр авч хувьдаа ашигласан байгаа. Дээрх гэрээний зорилго нь оффисын ажилчдын компьютер болон түүний дагалдах хэрэгслүүдийг авах юм. Гар утас авахаар ерөөсөө хандаж байгаагүй. Б.А- дур мэдэж “Пи Си Молл” ХХК-иас зээлээр бараа бүтээгдэхүүн авч хувьдаа ашигласан нь тогтоогдсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Л.А-тын / 1хх 50 / “...Б.А- нь манайхаар байнга ирж үйлчлүүлдэг хуучин барьж байсан “Самсунг фолд” “Айфон 13 про макс” загварын гар утас барьцаанд тавьж байсан. Одоогоор Б.А-ын барьцаанд тавьсан эд зүйл манайд байхгүй байна. Барьцаанд тавьсан гар утсаа зээлээ төлж аваад буцаагаад барьцаанд тавьдаг байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн СБ1-22-2696 дугаартай дүгнэлтээр “...Эд зүйлийг нийт 165.976.424 төгрөгөөр” үнэлсэн дүгнэлт / 1хх 53-55 /

Яллагдагч Б.А-ын / 1хх 221-222 / “...Зээлийг яаралтай төлөх шаардлагатай байсан учир урьдын харилцааны итгэлцэл дээр үндэслэн “Пи Си Молл” ХХК-ний өндөр үнийн дүн бүхий Айфоне, Самсунг маркийн гар утаснуудыг зээлээр авч зарж байсан. Гэвч зээлийг хугацаандаа төлж чадаагүйн улмаас 2 компанийн хооронд өр тооцооны асуудал үүсэж, намайг байгууллагын дотоод журам зөрчсөн гээд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр ажлаас халсан. Алдаатай үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.А-т ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос 25.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүйг дурдав.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.А-ын гэм буруут үйлдлийн улмаас бусдад нийт 165.976.424 төгрөгний хохирол учирсан бөгөөд үүнээс 25.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх 140.976.424 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Б- / “Пи Си Молл” ХХК /-д олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

 

Хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгдэгч Б.А-т тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ЦХШЗ/876 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 140.976.424 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б- / “Пи Си Молл” ХХК /-д олгосугай.

6. Б.А-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ЦХШЗ/876 дугаартай шүүгчийн захирамжаар Б.А-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ