| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0162/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/183 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/183
2023 02 14 2023/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
хохирогч М.С-,
шүүгдэгч Б.Ш-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал оролцуулан эрүүгийн 2203007220029 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б.Ш- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цаг 25 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1 дүгээр хойд талын замд Honda fit маркийн ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.С-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш- мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн 720.000 төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С- мэдүүлэхдээ: ...Би эгчийнхээ хамт оюутны байр руугаа очих гээд Өргөө амаржихын урд талд байх гарцаар гарч байхад миний зүүн талаас машин ирж мөргөсөн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би оюутан учир мөнгөний боломжгүйгээс эмчийн зөвлөсөн физик эмчилгээг хийлгэж, эмийг нь авч ууж чадахгүй байгаа. Миний нуруу одоо байнга өвддөг бөгөөд өвчин намдаах эм л уудаг. Үүнтэй холбоотой 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би эмнэлэгт хэвтээгүй боловч ээж намайг эгчийнд асарсан ба ээжийн ажилгүй байсан цалинг мөн нэхэмжилж байна. Үүнээс гадна Алтангагнуур, Барагшуун авсан 7000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-12 /, хохирогч М.С-ийн мэдүүлэг / хх 15 /, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.У-ын мэдүүлэг / хх 18, 21 /, гэрч С.Ч-ийн мэдүүлэг / хх 23 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15633 дугаартай дүгнэлт / хх 30-31 /, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 999599 дугаартай дүгнэлт / хх 39-42 /, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1620 дугаартай дүгнэлт / хх 75-76 /, яллагдагч Б.Ш-ын мэдүүлэг / хх 85 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 68 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цаг 25 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1 дүгээр хойд талын замд Honda fit маркийн ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.С-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-12 /
Хохирогч М.С-ийн / хх 15 / “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Их дэлгүүрийн тэнд судалгааны ажил хийж байгаад 20 цаг өнгөрч байхад хамаатны эгч Чимэдийн хамтаар 1 дүгээр төрхийн хойд талын уулзвараар явган хүний гарцаар гарч байтал ертөнцийн зүгээс хойноос буюу төв замаар явж байсан машин урагшаа эргэж орж ирээд миний зүүн тал руу ирж мөргөөд би газар унасан. Эгч намайг татаж босгоод газраас малгай унасан байсныг аваад байж байтал жолооч нь бууж ирээд “Гайгүй юу гэхээр нь би гар өвдөөд байна гэж хэлээд урагшаа эмнэлэг ороод үзүүлчихье” гэж хэлээд машинаа зогсоол руу оруулсан...” гэх мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.У-ын / хх 18, 21 / “...Тухайн машин миний өөрийн эзэмшлийнх ба би өөрөө унадаг байж байгаад 2022 оны 09 дүгээр сард төрснөөс хойш манай нөхөр унаж байгаа. Миний машинд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр,
Гэрч С.Ч-ийн / хх 23 / “...Үеэл дүү М.С-ийн хамт 1 дүгээр төрхийн хойд талын уулзварын явган хүний гарцаар гарч байтал төв замаас орж ирсэн машин манай дүүгийн зүүн тал руу нь мөргөж газар унагаасан. Тэгээд дүүгээ газар унасан байхад нь татаж босгоод байж байтал машин дотроос жолооч нь бууж ирээд биеийн байдлыг асуухад манай дүү зүүн гар, хүзүү, өвдөж байна гэсэн. Тэгтэл нөгөө машины жолооч Өргөө амаржих газар руу орж үзүүлэх хэрэгтэй гээд машинаа хөдөлгөөд зогсоолд тавьчихаад бууж ирэхэд цагдаа нар ирээд үзлэг хэмжилт хийсэн. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15633 дугаартай дүгнэлтэд:
1. М.С-ийн биед бүсэлхийн 5-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. / хх 30-31 /
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 999599 дугаартай дүгнэлт / хх 39-42 /
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1620 дугаартай дүгнэлтэд:
1. Явган зорчигч М.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Honda Fit маркийн ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ш- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан гэх үндэслэлтэй байна гэжээ. / хх 75-76 /
Яллагдагч Б.Ш-ын / хх 85 / “...Нэгдүгээр төрхийн хойд талын туслах зам руу орох гэж байгаад зам хөндлөн гарч байсан нэг эмэгтэйг мөргөсөн. Тэгээд машинаас бууж ирэхэд босоод ирчихсэн зам дээр зогсож байсан. Би биеийн байдлыг нь асуухад зүүн гар өвдөж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ш-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ш-ын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Ш-т ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ш- нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч М.С-т 720.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан ба хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Мөрдөн шалгалтын явцад хохирогч М.С-ийн баримтаар нэхэмжилсэн 720.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн байх ба шүүх хуралдаанд хохирогч М.С- нь Барагшуун, Алтангагнуур авсан 7000 төгрөгийг нэхэмжилж, баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч М.С- нь физик эмчилгээ хийлгэх 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч одоогоор дээрх эмчилгээг хийлгээгүй болохоо мэдүүлсэн тул үүнтэй холбоотой эмчилгээний зардал болон хохирогчийг эх нь асарсан хугацааны ажилгүй байсан цалин зэргийг баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Ш-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ш-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Ш- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-аас 7000 төгрөгийг гаргуулан хохирогч М.С-т олгож, цаашдын эмчилгээний зардал болон асаргаатай холбоотой ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлсэн үедээ шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ