Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2019/01607

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “К ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Т-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 100,466,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч С.Т , гэрч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч С.Т  нь “А” ББСБ-аас 50,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар сарын 4,2 хувийн хүүтэйгээр, нэмэгдүүлсэн хүү 0,84 хувийн /төлөгдөөгуй зээлийн ундсэн өрийн улдэгдлээс тооцохоор/ хүутэйгээр бизнесийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот СХД, 1-р хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 000 тоот хаягт байрлах 198 метр квадрат талбайтай Ү дугаартай, гэрчилгээний дугаар 000 дугаартай хувийн сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нь зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлөх 1,960,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2,170,000  төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус төлж нийт 7,130,000 төгрөг төлсөн.

Зээлдэгч С.Т аас үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 41,870,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,596,000 төгрөг, нийт 100,466,000 төгрөгийг гаргуулах, зээлдэгч сайн дураар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд тусгагдсан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 000 тоот хаягт байрлах 198 м.кв талбайтай Ү- дугаартай, гэрчилгээний 000 дугаартай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Бид зөвхөн зээлийн гэрээ байгуулсан С.Т аас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа, түүний нэр заасан хүний данс руу зээл болох 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч С.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “К ББСБ” ХХК-тай 50,000,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар зээлийн гэрээ байгуулсан. Би уг мөнгийг аваагүй. Д.О мөнгийг авч хэрэглэсэн. Зээлийн барьцаанд би өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын зам 000 тоот хаягт байрлах амины орон сууцыг тавьсан.

Тухайн үед Д.О-той хамт явсан нэг залуугийн Хаан банкны дансанд хийсэн бөгөөд тэр мөнгөнөөс Д.О нь надад 10,000,000 төгрөг өгч, зээлийг бүгдийг нь төлж таны гэрчилгээг авч өгнө гэж хэлсэн. Банкны хуулиар банк болон Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчид авсан мөнгийг өгөх ёстой. Тус банк бус санхүүгийн байгууллага нь Д.О-ийн танил байсан учир миний данс руу хийлгүй өөр хүний данс руу хийж банкны хуулийг зөрчсөн байна. Би энэ талаарх гомдлоо санхүүгийн зохицуулах хороонд өгнө.

Д.О нь АНУ-д амьдардаг түүний охин болох Халиунаа нь автомашины осол гаргаж их хэмжээний төлбөрт орсон тул мөнгө яаралтай хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр үед надад барилга дуусгах хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул энэхүү хэрэгцээг маань ашиглаж зээл олж өгнө, удахгүй манай компанид хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хуурч, өөрийн танилын Банк бус санхүүгийн байгууллагатай оройн цагаар ажил тарсны дараа гэрээ хийлгүүлж, их хэмжээний мөнгө гаргуулж авсан. Тэрээр зээлийг гэрээ  байгуулагдсанаас хойш 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж байсан боловч зээлээ эргэн төлөлгүй өнөөдрийн байдлаар 2 жил өнгөрөөд байна.

Зээлийг авсан Д.О нь урьдын танил харьцааг эвдэж, миний итгэлийг урвуулан ашиглаж, удахгүй хөрөнгө оруулалт орж ирэх мэтээр бусдыг төөрөгдүүлж, бодит байдлыг нуун дарагдуулж, бусдыг залилан мэхэлсний улмаас өнөөдөр миний эд хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрээд байна. Энэхүү үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхийг хүсэн цагдаад өргөдөл гаргасан байгаа. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн мөрдөгч Пүрэвийн мэдэлд шалгагдан Д.О-г яллагдагчаар татан удахгүй шүүх рүү шилжүүлэх гэж байна. “К ББСБ” ХХК нь цагдаад дуудагдан мэдүүлэг өгч байгаа.

Нэхэмжлэгч нь мөнгийг Д.О авсан гэдгийг сайн мэдэж байгаа, мөн захирал нь гэх залуу надтай биш, Д.Отгонхорлоотой өнөөдрийг хүртэл зээлийг төлүүлэх талаар харьцаж ирсэн. Д.О нь тус банк бустай үргэлж харьцаж зээлээ төлөх талаар ярьдаг, зээлийн хүүг Д.О өөрөө төлж байсан. Өнөөдрийг хүртэл би хүнд сайхан сэтгэл гаргаж, хүнд зовлон учирсан үед нь тусалсныхаа хариуд эд хөрөнгөөрөө тоглуулж, ийм байдалд хүрсэндээ гүнээ гомдолтой байна. Энэ газар сүүлд шинэ захиралтай болсон байсан. Тэр захиралд нь 69,000,000 төгрөгөө төлье гэж хэлээд бичиг үйлдэж өгсөн байгаа. 100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь хариуцагч С.Т д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 100,466,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг ...зээлийн гэрээг С.Т тай байгуулсан, түүний хүсэлтийн дагуу зээлийг П.Б-н данс руу шилжүүлсэн. Зээлийн хүүд 7,130,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул С.Т аас л үүргийг шаардана, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлнэ гэж, хариуцагч тал нь …зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг Д.О авсан, зээлийн хүүг мөн тэр төлж байсан, ББСБ нь Д.О-той л харьцаж байсан. Би зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй, ББСБ нь зээлийг буюу 50,0 сая төгрөгийг миний дансанд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл шилжүүлээгүй, би зээл аваагүй учраас зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй, Отгонхорлоо зээлийг хариуцана гэдгээ баталдаг гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болох “А ББСБ” ХХК-ийн нэршил “К ББСБ” болон өөрчлөгдсөн талаар талууд маргадаггүй, энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон оноосон нэрийг өөрчлөхийг зөвшөөрөх тухай Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар нотлогдож байх учир “К ББСБ” ХХК нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болно. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь 2017 оны 2 сарын 24-ний өдөр зээлдэгч С.Т тай 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4.2% хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцон зээлийн гэрээг байгуулсан, мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд иргэн болон хуулийн этгээд хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн, барьцаа нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”, 189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 156 дугаар зүйлийн 156.2 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ...” гэсэн хуулийн зүйл, заалтуудад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн үүргийг шаардах эрхтэй. Мөн тухайн хуулийн этгээд нь зээлийн буюу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь хуулийн этгээдийн дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогддог. 

 

Хариуцагч С.Т ын ...нэхэмжлэлийн шаардлагыг буюу зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй, хүлээхгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч зээлдүүлэгч хуульд заасны дагуу зээл буюу мөнгийг С.Т  миний дансанд шилжүүлээгүй тул зээлийн харилцаа үүсээгүй, зээлийг бодитоор Отгонхорлоо авч ашигласан, хүүг нь төлж байсан гэх тайлбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл,  зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн ...зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэх агуулгад нийцэж байх хэдий ч зээлдүүлэгч буюу “К ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч С.Т ын хүсэлтийн дагуу, өөрийнх зааж тодорхойлсон нэр, дансанд зээлийн гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлж өгсөн гэх тайлбар нь “Миний бие С.Т нь тус банк бусаас 50 сая төгрөгийн зээл авахаар гэрээ хийсэн юм. Миний хүсэлтээр дүү П.Б-н 5057299144 тоот дансаар 50 сая төгрөгийг шилжүүлэхийг зөвшөөрөв” гэх А ББСБ-д С.Т аас гаргасан хүсэлт буюу баримтаар нотлогдсон, энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасантай нийцэж байх тул зээлдэгчид гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн гэж үзнэ. 

 

Тодруулбал зээлдэгч С.Т ын хүсэлтийн дагуу зээлдүүлэгч ББСБ нь 5057299144 дансанд 49,500,000 төгрөгийг “зээлийн гэрээний дагуу шилжүүлэв” гэсэн утга агуулгаар 2017 оны 2 сарын 24-ний өдөр шилжүүлснээр зээлдүүлэгч үүргээ биелүүлжээ.

Харин зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 50,0 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй, зээлдэгч бодитоор 49,500,000 төгрөгийг хүлээн авсан байх тул зээлдэгч буюу хариуцагч нь хэрэглэсэн, ашигласан зээлийн хэмжээгээр хариуцлагыг хүлээх учиртай.   

 

Гэрч Д.О нь ...2017 онд зээл хөөцөлдөж явж байгаад С.Т  бид хоёр нэлээн дотно болсон. Тэр үед зуучлагч гээд 2 залуу гарч ирсэн. н.Чинсанаа гэдэг залуу н.Цолмон захирлын найз гэж хэлээд бид хоёрыг уулзуулж байсан. Цолмон захирал бид хоёрыг Цэдэнсодном гэдэг захирал дээр орж уулзаад гэрээ хийж бид хоёр тэр өдөртөө 50,000,000 төгрөг авсан. С.Т  эгч картаа орхисон байна гэж хэлээд зуучлагч залуугийн данс руу  мөнгө шилжүүлж авсан. Тэрнээс би 32,000,000 төгрөгийг бэлэн данс руу гаа шилжүүлж авсан. 10,000,000 төгрөгийг нь С.Т  эгчид өгсөн. 8,000,000 төгрөгийг зуучлалын хөлсөнд зуучилж өгсөн хүмүүс нь өөрсдөө авсан. Манай охин хурдны зам дээр машин мөргөж асуудал гаргасан. Үүнээс болж надад мөнгөний хэрэг гарсан учраас С.Т  эгчээс мөнгө зээлсэн. Би зээлийн гэрээний үүргийг хариуцна, гэхдээ 70,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцна гэж мэдүүлдэг, хариуцагч С.Т  нь Д.О зээлийг хариуцана гэдэг боловч нэхэмжлэгч нь зээлийн үүргийг зөвхөн хариуцагч С.Т аас шаардсан нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд болно.

 

Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу 500,000 төгрөгийг шимтгэлд суутган авсан, энэ нь хуулийн дагуу, зээлдэгчийн хүсэл зориг гэх хэдий ч зээлдэгчийн зүгээс Зээлийн гэрээний 1.4-т заасан зээлийн үйлчилгээний шимтгэл 1%-ийг буюу 500,000 төгрөгийг суутгуулах хүсэл зориг нотлогдоогүй бөгөөд харин зээлийг авсны дараа шимтгэл төлөх үүрэг зээлдэгчид байжээ. 

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 2 сарын 24-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ нь дээр дурдсанчлан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь зээлдэгч С.Т ын буюу нэг иргэний өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Нэгэнт зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэн нэг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй, хууль болон зээлийн, барьцааны гэрээний дагуух шаардлага байх тул нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хангах нь зүйтэй. 

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу хариуцагч буюу зээлдэгч С.Т  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэлх хугацааны хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл зөв гэж үзнэ.

 

 Дээр дурдсанчлан зээлдүүлэгч 49,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн тул нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь зээл бодитоор олгосон, шилжүүлсэн хэмжээнд ногдох гэрээний үүргийг хариуцагчаас шаардах нь хуульд нийцнэ.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 2 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 30 хоногийн хүү 4.2% гэж тохиролцсон бөгөөд бодитоор олгосон зээл 49,500,000 төгрөгийн хүү 2,079,000 төгрөг, 1 хоногийн хүү 69,300 төгрөг, нэхэмжлэгч талаас зээлийн үүргийг шаардаж буй хугацаагаа 2019 оны 1 сарын 25-ны өдөр хүртэл гэж тодорхойлсон /хх 23/. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 2 сарын 26-ны өдөр дуусахад зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,500,000 төгрөг, 399 хоногийн хүү /399 х 69,300/ 27,650,700 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2017 оны 4 сарын 6-нд 1,960,000 төгрөг, 5 сарын 2-нд 2,170,000 төгрөгийг тус тус төлснийг хасч тооцоход 23,520,700 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байжээ.

 

Гэрээний хугацаа дууссанаас хойшхи 2019 оны 1 сарын 25-н хүртэлх хугацаан дахь зээлийн гэрээний үүргийн хувьд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, 216.4 “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 3 сарын 30-ны өдөр төлөгдсөн 3,000,000 төгрөгийг үндсэн зээл 49,500,000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 46,500,000 төгрөгийн 30 хоногийн 4.2 хувиар хүүг тооцоход 1,953,000 төгрөг, нэг хоногийн хүү 65,100 төгрөг болох ба зээлийн гэрээний үүрэг шаардах хүртэлх хэтэрсэн хугацаа 301 хоногоор тооцоход 19,595,100 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй болно. Ингээд зээлийн үүрэг гүйцэтгээгүй хугацааны нийт хүү 43,115,800 төгрөг, үүний нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй гэж үзэхэд 8,623,160, үндсэн зээл 46,500,000 төгрөг, нийт 98,238,960 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч С.Т д хариуцуулах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 100,466,000 төгрөгөөс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 2,227,040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Т аас зээлийн гэрээний үүрэгт нийт 98,238,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгож, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам, Найрамдалын зам 000 тоот хаягт байрлах Ү- дугаартай хувийн сууц буюу үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Т аас 98,238,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,227,040 төгрөгийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Т  нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 000 тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, Ү-  тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 649,145 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ