| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
2023 02 15 2023/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Ч.Батбаатар,
хохирогч Б.А-,
шүүгдэгч Э.У-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн 2203007430012 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Э.У- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн урд замд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 25 минутын орчим Тоёота королла аксёо маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 520.000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн. Би 644.100 төгрөг төлөхөөр авчирсан. Би даатгалтай учир хагалгааны зардлыг төлөх боломжтой гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А- мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр гэртээ харихаар явган хүний гарцаар гараад явж байтал машинд мөргүүлсэн. Үүнээс хойш би хичээлдээ суугаагүй, шалгалтаа бүрэн өгч чадаагүй. Шүүгдэгч компьютер томографын зураг 260.000 төгрөг, нүдний шилний 95.000 төгрөг, эм тарианд 140.000 төгрөг, гипсний гадуур өмсөх бойток 25.000 төгрөгөөр авч өгсөн. Мөн нэмж 650.000 төгрөг авлаа. Цаашид нүүрний бэртэл гэмтэлдээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт / хх 5-10 /, хохирогч Б.А-гийн мэдүүлэг / хх 14 /, гэрч Э.Ц-ийн мэдүүлэг / хх 34 /, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б-ын мэдүүлэг / хх 17, 20 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15919 дугаартай дүгнэлт / хх 37-38 /, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1139022268 дугаартай дүгнэлт / хх 47-51 /, мөрдөгчийн магадлагаа / хх 72-73 /, яллагдагч Э.У-ын мэдүүлэг / хх 83 /, хохирлын баримтууд / хх 57-62 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 71 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.У- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн урд замд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 25 минутын орчим Тоёота королла аксёо маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт / хх 5-10 /
Хохирогч Б.А-гийн / хх 14 / “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 20 минутын орчим би МУИС-ийн 2-р байранд давтлагаас тараад гэр рүүгээ харихаар сургуулийн урд талын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад ороход машин ирж байгаа харагдаагүй. Миний урд талд явган зорчигч нар гарцаар гараад явж байсан. 2 дугаар эгнээний харалдаа явж байхад миний баруун талаас машин мөргөж, би газар унасан. Жолооч нь бууж ирээд гэмтлийн эмнэлэг явъя гээд би машинд нь суугаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Жолоочид гомдолтой. Эрүүл мэндтэй холбоотой гарах зардал, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,
Гэрч Э.Ц-гийн / хх 34 / “...Тухайн өдөр би дүү Э.Уянгын машины урд зорчигчийн суудал дээр суугаад явж байсан. Ингээд МУИС-ийн номын сангийн урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарц руу ойртож ирээд гарцаар гарч явсан хүмүүсийг гаргаад хөдлөхөд зам хөндлөн гарч явсан хүмүүсийн хойноос нь дахиад нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэр үед нь дүү Э.У- тоормос гишгэсэн боловч машин гулгаж урагшлаад гарцаар гарч явсан эмэгтэйг машины зүүн урд хэсгээр мөргөөд зогссон...” гэх мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б-ын / хх 17, 20 / “...Тоёота королла аксёо маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд өөрийн нэр дээр худалдаж авсан. Манай эхнэр Э.У- осол болсон өдрийн дараа машинаа жолоодож яваад хүн мөргөсөн гэж надад хэлсэн. Машинтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Э.У- бид хоёр тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа болж байна. Би машины нэрийг нь шилжүүлж өгч амжаагүй байгаа. Иймд машин жолоодож явсан Э.У- хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15919 дугаартай дүгнэлтэд:
Б.А-гийн биед хоншоор ясны цөмөрсөн, зүүн тавхайн эрхий хурууны үзүүр, угийн шивнүүрийн хугарал, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 37-38 /
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1139022268 дугаартай дүгнэлт / хх 47-51 /
Мөрдөгчийн магадлагаанд:
Королла Аксёо маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.У- нь Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл. Явган хүний гарц нэвтрэх, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Явган зорчигч Б.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ. / хх 72-73 /
Яллагдагч Э.У-ын / хх 83 / “...Зам их халтиргаатай байсан ба би тоормос гишгэсэн боловч гулгаж явсаар явган зорчигчийг мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой зардалд 500.000 орчим төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.У-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Э.У-ын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Э.У-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.У- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримтаар нотлогдсон 1.170.000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч нь санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдүүдтэй зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Э.У- нь мөрдөн шалгалтын явцад хохирогч Б.А-д баримтаар нэхэмжилсэн 1.170.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогчид шинжээчийн дүгнэлтээр хоншоор ясны цөмөрсөн, зүүн тавхайн эрхий хурууны үзүүр, угийн шивнүүрийн хугарал, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий олон тооны гэмтэл учирсан тул дээрх гэмтлийн улмаас гарсан эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй, Э.У- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.У-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А- нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.У- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Э.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ