Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/01581

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Х банк ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.А

 

Хариуцагч: С.С нарт  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,926,830 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк ” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Т.А , С.С нар нь “Х банк ” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1530017713 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зээл авсан. Банк нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр зээлдэгч Т.А ын “Х банк ” ХХК дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,944,481 төгрөг, зээлийн хүүд 361,336 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1530017713 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн  үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 335 хоног хугацаа хэтрүүлээд байна. “Х банк ” ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.  

1530017713 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1530017713-02 баталгаат ипотекийн гэрээ, мөн өдрийн 1530017713-01 барьцааны гэрээгээр Ү- улсын бүртгэлийн дугаартай, ХУД, 12-р хороо, Мал бригад 1-р гудамж 000 тоот хаягт байрлах, 244м/кв талбай бүхий хувийн сууц, Г- улсын бүртгэлийн дугаартай, ХУД, 12-р хороо, Мал бригад 1-р гудамж 000 тоот хаягт байрлах 700м/кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар хашааны хамт, Гэрчилгээний №000 дугаартай, НТД:000, Налайх дүүрэг, 4-р хороо, үйлдвэрийн бүсд байрлалтай 6000 м/кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон 1530017713 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13,055,518 төгрөг, 2018 оны 4-р сарын 1-ний өдрийн байдпаарх хүү 842,320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,991 төгрөг, нийт 13,926,830 төгрөгийг Т.А , С.С нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.А , С.С нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Хариуцагч Т.А , С.С бид Х банк аар дамжуулан өрхийн хэрэглээний зээл 15,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд үүнээс зээлийн үндсэн төлбөрт 1,944,481 төгрөг, зээлийн хүүд 361,336 төгрөгийг төлсөн. Бид санхүүгийн боломж муудсанаас зээлийн гэрээгээ зөрчиж зээл, зээлийн хүүг төлж чадахгүй, цаашид ч төлөхөд хүндрэлтэй байна. Бид цаашид ЖДҮДСангаас 200 сая төгрөг авч бетон блок, замаскны цех, хүнсний бүтээгдэхүүн савлах цех зэргийг барьж үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэрлэлийг явуулахад цаг хугацаа ихээхэн шаардагдах тул зээлийн төлбөрийг 2019 оны сүүлч, 2020 оны энхний 5 сард багтааж үндсэн зээлийн өр болох 13,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк ” ХХК нь хариуцагч Т.А , С.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,926,830 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1530017713-02 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, мөн өдөр 1530017713-01 дугаар Барьцааны гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч “Х банк ” ХХК нь зээлийн гэрээ байгуулах үед зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох ба зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал нь гэрээ болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Зээлдэгчид буюу хариуцагч тал нь хуульд заасан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр гүйцэтгээгүй зээлийн үүргийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь ...зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Т.А ын дансны хуулга, зээлдэгчийн зээл төлөлтийн хуулга зэрэг баримтаар зээлийн гэрээний үүргийг цаг хугацаандаа биелүүлээгүй, улмаар энэ нь гэрээ цуцлах үндэслэл гэж нотлох ба хариуцагч тал 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээл төлөөгүй гэх тайлбарыг үгүйсгээгүй тул 2020 оны 12 дугаар сард дуусах зээлийн гэрээг зээлдүүлэгч болох “Х банк ” ХХК-ийн санаачилгаар гэрээнд заасны дагуу цуцалж байгаа нь хууль болон зээлийн гэрээний зүйл, заалтад нийцэж байна.

 

Тодруулбал зээлийн гэрээний 1.11-т “Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно. Ийнхүү хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарна”, 5.1.1-т “...Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол Банк санаачлан гэрээг цуцална” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “Х банк ” ХХК-иас дангаар санаачлан зээлийн гэрээг цуцалж байгаа нь хуулийн үндэслэлтэй.  

 

Нэгэнт зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас цуцалж байгаа тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тул зээлдэгч зээлээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү 842,320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,991 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 13,055,518 төгрөг, нийт 13,926,830 төгрөг шаардаж байгаа нь гэрээнд заасны дагуу, хуульд заасан шаардах эрхийн хүрээнд байх ба дээрх шаардлага нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар, зээл, түүний хүүгийн тооцоолол, зээлдэгчийн дансны хуулга, зээлийн хуваарь зэргээр нотлогдох ба үндсэн зээлийн үлдэгдлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь зээлдэгч Т.А , хамтран зээлдэгч С.С нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь зээлийн гэрээний 3.1.6-д “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй”, 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж тус тус заасантай нийцэх тул хамтран зээлдэгч С.С нь мөн зээлийн үүргийг үндсэн зээлдэгчийн адил хариуцах учиртай.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээний үүрэгт 13,926,830 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Т.А , С.С нараас 13,926,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, барьцаа хөрөнгийг албадан худалдаж, худалдсан үнээс үүргийг хангаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тухайн тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Т.А т 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн, тэрээр холбогдох баримтад гарын үсэг зурсан, хариуцагч С.Санжхүүд шүүх хуралдааны товыг мөн хуульд заасны дагуу утсаар мэдэгдсэн, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааныг товыг лавлах үүрэгтэй болно.

 

Тус шүүх хуралдаанд хариуцагч нараас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй талаарх хүсэлтийг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Т.А , С.С нарын эзгүйд хэргийг хэлэлцсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А , С.С нараас 13,926,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд С.С-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Мал бригадын 1 дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай 244 м.кв талбайтай, Ү-  тоот улсын бүртгэлийн дугаартай фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай С.Санжхүүгийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, 000 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, С.С-ийн эзэмшлийн Налайх /Үйлдвэрлэлийн бүс/ 4-р хороонд байршилтай 60,000 м.кв талбайтай, 000 нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 297,784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ