| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2023/0079/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/92 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/92
2023 01 19 2023/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 05750 0010 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б ыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... тоотод тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Г ийг үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хардаж, гар, цээж, их бие, хэвлийн тус газруудад нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дал, бугалга, зүүн дал, мөр, бугалга, зүүн суга, цээж, баруун шуунд цус хуралт, цээж хэвлийд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 05750 0010 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч П.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... тоотод тоотод Д.Г ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим гэртээ орсон чинь манай нөхөр Б гэртээ согтуу унтаж байхаар нь нөхрийгөө сэрээлгүй жижиг өрөөндөө ороод хэвтэж байсан. Шөнийн хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна нөхөр том өрөөнөөс жижиг өрөөнд орж ирээд “сэрээхгүй том өрөөнд хувцастай унтуулсан байна” гээд дайрч хэл амаар доромжилж хоёр гараараа нуруу, цээж хэсэг рүү олон удаа цохиод болихгүй “өдөржингөө гэртээ байхгүй хаагуур яваад байгаа юм” гээд орилж хашгичаад болихгүй байхаар нь нөхрийгөө тайвшруулах гээд “за ойлгосон, дахиж тэгэхгүй” гэж байгаад зодохыг нь болиулж байгаад гэрээсээ гарч зугтаад охиныхоо гэрт очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр П.Б их согтолттой байсан. Гэхдээ хүний ярьж хэлж байгааг ойлгох чадвартай байсан. Намайг урьд өмнө цохиж зодож, хэл амаар доромжилж байгаагүй. Бид нар жоохон маргаантай байгаа. Хувийн таарамжгүй харьцааны улмаас бодох байх. Гэртээ байхдаа ялих ялихгүй зүйлээс болж маргалдаад байдаг. Миний нуруу, цээж өвдөөд байгаа учраас шүүх эмнэлэгт үзүүлнэ..”,
Би 2019 оноос өөрийн нүүр номоор дамжуулан 50+ цоглогууд гэсэн группд элссэн байсан. Би группд байхдаа П.Б гэх хүнтэй танилцсан. Бид нүүр номоор харилцаж байгаад 2021 онд уулздаг болсон. 2022 оны 01 дүгээр сараас эхлэн ........... тоотод тоотод байрлах манай гэрт хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд урд өмнө надад ямар нэгэн байдлаар гар хүрч, цохиж зодож байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр П.Б ын хамт Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны байранд ахмадын бүжгийн тэмцээнд очиж байж байгаад Баганат өргөө хотхоны .... дугаар байранд байх охиныхоо хүүхдийг харахаар орсон. Харин П.Б нь 16 дугаар хороололд байдаг найзынхаа гэрт очно гээд явсан. Би 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд П.Б том өрөөний буйдан дээр бүхлээрээ унтаж байсан. Би өрөөндөө ороод гар утсаар оролдоод хэвтэж байхад П.Б сэрээд өрөөнд орж ирсэн. П.Б надад хандаж “чи намайг сэрээж оронд оруулсангүй” гээд агсарч эхэлсэн. Мөн намайг охиныдоо очно гэж худлаа хэлээд гадуур хэслээ гээд “янхан, чавганц” зэргээр хараагаад гараа зангидаж байгаад миний хоёр гарын бугалга, мөр хэсэгт гараараа цохиод байсан. Би хэвтэж байгаад босч ирээд өрөөнийхөө хооронд зугтаасан. П.Б нь миний араас дагаж доромжлоод цохиод байсан. Би ухаан алдах гээд байхаар нь П.Б т хандаж “би ухаан алдах гээд байна” гэж хэлэхэд муужиртал чинь цохино гээд хөөгөөд байсан. Би даралтны эмээ уугаад жоохон тайвширч байгаад П.Б ыг аргадаж тайвшруулсан. П.Б нь орондоо ороод унтах гээд хэвтхээр нь гэрээс гарч охиныхоо гэрт очиж учир байдлаа хэлсэн. Би 2 хүргэнийхээ хамт гэртээ орох гэхэд П.Б дотор талаасаа цоожилсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирж хаалгыг нүдэж байгаад нээлгэсэн... Намайг гадуур явлаа гэж цохиж зодсон юм шиг байна лээ. Гараараа миний мөр, бугалга хэсэгт олон удаа цохисон... П.Б нь гараа зангидаж байгаад маш олон удаа цохисон. Би П.Б оос 600.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 13-15/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15796 дугаартай:
“Д.Г ийн биед баруун дал, бугалга, зүүн дал, мөр, бугалга, зүүн суга, цээж, баруун шуунд цус хуралт, цээж хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,
Шүүгдэгч П.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би Д.Г гэх эмэгтэйтэй 2019 онд танилцаж харилцаж байгаад 2020 оноос ........... тоотод тоотод хамтран амьдарч эхэлсэн. Тус байр нь Д.Г ийн нэр дээр байдаг бөгөөд бид 2 түүний гэрт хамт амьдардаг байсан. Намайг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Б гэртээ дуудаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байдаг гэрт нь очсон. Найз бид 2 уулзаад түүний гэрт 2 шил 0.75 граммын, 1 шил 0.5 граммын архи уусан. Уусан архиндаа согтоод хэзээ, хэрхэн, яаж ирснээ санахгүй байгаа бөгөөд нэг ухаан ороход ганцаараа унтаж байсан. Хаалга нүдэх чимээнээр сэртэл Д.Г гаднаас 2 хүргэнээ дагуулаад цагдаа нарын хамт орж ирсэн. Би согтуудаа Д.Г ийн 2 дал, хэвлий хэсэгт маш олон удаа цохиж зодсон байсан. Д.Г ийн 2 бугалга, дал хэсэгт нилэнхүйдээ хөхөрсөн байсан.. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хохирогч Д.Г ийн гаргасан “Миний бие П.Б т ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 64/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шүүгдэгч П.Б ын гаргасан “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 65/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч П.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 39/, иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /хх-ийн 40/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 67-68/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Г ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч П.Б ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Г ийн биед биед баруун дал, бугалга, зүүн дал, мөр, бугалга, зүүн суга, цээж, баруун шуунд цус хуралт, цээж хэвлийд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Б хохирогч Д.Г нар хамтран амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч П.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Д.Г ийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч П.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчид 600.000 төгрөгийн хохирол төлсөн байх ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч П.Б т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ялыг дундаж хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ын долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ