Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

 

 

 

 

    2022         12         26                                            2023/ШЦТ/26

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Ч.Батзориг;

 

Шүүгдэгч: А.С.Н

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Тэнгис;

 

Орчуулагч, хэлмэрч: Ц.Энхцэлмэг;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул;

 

Хэргийн дугаар:  ;

           

Шүүгдэгч А.С.Н   паспортын дугаартай: Бүгд Найрамдах Кени Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Кени Улсад төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар дахь “Америк” ерөнхий боловсролын сургуульд биеийн тамир, эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  , урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Бүгд Найрамдах Кени Улсын иргэн А.С.Н нь ..... 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Бүгд Найрамдах Индонез Улсын иргэн М.А.Ахүүхдээ орхиж Монголд ирлээ” гэх шалтгааны улмаас биед нь халдаж дэвсэж, өшиглөж, хоолойг нь боож баруун бугалга, эрүү, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Нийслэлийн Прокуророос А.С.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С.Н мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А.А-н /хх-ийн 19, 23-25, 28-29/, гэрч Б.Энхзаяа /хх-ийн 38-39/ нарын мэдүүлэг, А.С.Н-н биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13561 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/, М.А.А-н биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13563 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-56/, А.С.Н-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70-72/, А.С.Н-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 76-83, 100-106, 122/, хохирогч М.А.А-н хүсэлт /хх-ийн 127/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.С.Н нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө ..... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.А.А-гхүүхдээ орхиж ирлээ” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч М.А.А-н “...Би 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө Бүгд Найрамдах Индонез Улсаас 10 цагт буугаад ...-д гэртээ ирсэн. ...орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа ирээд унтаж амарсан. Шөнө унтаж байхад хаалга тогшихоор нь сэрээд хаалгаа онгойлготол манай нөхөр С согтуу зогсож байсан. Тэгээд орж ирээд намайг “хүүхдээ орхиод ирлээ” гэх шалтгаанаар надтай шөнө 03 цаг хүртэл хэрүүл, маргаан болсон. Тэгэхээр нь би ядраад орон дотроо ороод хэвтэхэд С орон дээр гарч зогсоод хөлөөрөө миний толгой, нүүр, гэдэс, хэвлий хэсэг, баруун гар хөл рүү өшиглөж дэвсээд байсан. Тэгээд миний дээр гараад хоолойг боогоод хэсэг ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь нүүр рүү алгадаад, хоолойноос боогоод сэгсрээд байсан. Тэгээд би хажуугаар нь өрөөнөөсөө гараад нөгөө өрөөнд ороод сууж байхад С араас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь “унтаж амаръя, одоо боль” гэж Сд хэлээд тайвшруулаад унтаж амарцгаасан...” гэх мэдүүлгээр,

 

М.А.А-н биед “ баруун бугалга, эрүү, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шуунд цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13563 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 45-46/,

 

А.С.Н-н /хх-ийн 71/: “...манай эхнэр Монголд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдээ cap хүрээгүй байхад Индонезид ээждээ үлдээгээд ирсэн. ...эхнэр А надад Монголд ирсэн талаараа огт хэлээгүй. Тэгээд би эхнэрээ ирснийг мэдээд гэртээ ганцаараа 3, 4 лааз 0,5 литрийн пиво уусан. Тэгээд шөнө 3-4 цагийн хооронд эхнэр Агийн гэрт очиход эхнэр ганцаараа гэртээ унтаж байгаад хаалга тайлж өгсөн. Тэгээд би ороод “нялх хүүхдээ үлдээсэн” гэж хэрүүл хийгээд бид хоёр маргаан үүссэн. Эхнэр А орон дээр очоод хэвтээд өгөхөөр нь би очоод бие рүү нь 4-5 удаа өшиглөсөн. Бид хоёр хоорондоо ярилцаж сууж байгаад тайвшраад эв зүйгээ олоод хамт унтаж амарцгаасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.А.А-г зодсоныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, А.С.Н нь М.А.А-г зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу гэр бүлийн гишүүнийхээ зан авир, үйлдэлд нь хяналт тавьж удирдахын тулд албадлагын , нэг тал давамгайлсан бие махбодын хүчирхийлэл үйлдэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан А.С.Нгэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч А.С.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч М.А.А-н “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх байр суурь хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч А.С.Н нь  урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ