Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/01577

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,264,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие иргэн Д.М тай 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын байрны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож тохирсон хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч Д.М  нь 13,235,000 төгрөгийг шууд төлөх боломжгүй байгаа тул 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар “төлбөр төлж барагдуулах тухай” гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд зааж тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,235,000 төгрөг, алданги 10,0588,600 төгрөгөөс Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 5,029,300 төгрөг, нийт 18,264,300 төгрөгийг гаргуулж Д.М аас гаргуулж өгнө үү.

Солонгосын иргэн Хан нь манай компанид ажиллаж байсан бөгөөд Д.М нь Хан болон түүнийг бригадаар барилгын ажил гүйцэтгүүлсэн, улмаар ажлын хөлсийг дутуу өгсөн асуудал гарч тэд харилцан тооцоо нийлсэн байсан. Уг тооцоо баримтаа Д.М, түүний нөхөр 2 надад үзүүлээд чи зохицуулаад өгөөч Хан биднээс салахгүй байна гэж гуйсны дагуу би Хантай тохиролцоод Д.М тай төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, хариуцагч үүнийг сайн мэдэж байгаа. Гэрээг Д.М байгуулсан учраас Д.М аас ажлын хөлсийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Д.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 4-р цахилгаан станцын ажилчдын байранд миний бие хэн нэгэн хүнээр засвар үйлчилгээ хийлгээгүй. Уг байрыг хаана байдгийг ч би мэдэхгүй байна. Харин “Т ХХК” нь Хан-Уул дүүрэгт байрлах “Ирээдүй цогцолбор” хороололд барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Энэ үед БНАСУ-ын иргэн Наn Kwnghun нь “барилгын гадна дотор ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж чадна” хэмээн бидэнд итгэл төрүүлж манай компаний туслан гүйцэтгэгчээр ажилласан, ингэхдээ “Ирээдүй цогцолбор” хорооллын барилгын дотор заслын ажил болох коридорын пилта, шалны паркет, шавардлага, замаск, обой наах зэргээр барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч уг гүйцэтгэсэн ажлууд нь чанарын шаардлага хангахгүй тул “Т” ХХК-ийн зүгээс уг ажлыг дахин шинээр гүйцэтгүүлж хүлээлгэн өгөөд байгаа билээ.

Дээрх ажлыг Наn Kwnghun нь албан ёсоор хүлээлгэн өгөлгүй визний хугацаа дууссан тул яаралтай нутаг буцах хэрэгтэй байна, тун удалгүй эргэж ирээд гүйцэтгэсэн ажлынхаа алдаа дутагдлыг засч өгнө гэж амлаад явсан боловч тэр цагаас хойш одоог хүртэл нэг ч удаа эргэж холбоо бариагүй төдийгүй нутагтаа очсон цагаас хойш сураг тасарсан юм. Ингэж явахдаа нэхэмжлэгч Д.Б т итгэмжлэл үлдээсэн боловч нэхэмжлэгч Д.Б  нь хууль ч хүн байж уг итгэмжлэлийг өөрт ашигтайгаар эргүүлж өөрөө уг ажлыг гүйцэтгэсэн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл болохыг харуулж байна. Хэрэв Д.Б  нь бусдын өмнөөс дээрх мөнгийг нэхэмжилж байгаа бол “Тэгш тэнүүн мөрөн” ХХК-д учирсан хохирлыг ч мөн БНАСУ-ын иргэн Наn Kwnghun өмнөөс хариуцан төлнө гэж найдаж байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь Наn Kwnghun-аас өөрийн нэр дээр авсан итгэмжлэлээ хэрэгт хавсарган өгөөгүйг бодоход түүнд үлдээсэн итгэмжлэлийн хугацаа нь дууссан гэдэг нь харагдаж байна. Иймд Д.М  болон Д.Б  нарын хооронд ямар ч ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй, Д.Б т төлж барагдуулах төлбөр тооцоо байхгүй, Д.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Д.М ад холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 18,264,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...БНАСАУ-ын иргэн Ханд барилгын ажлын хөлсийг төлөх ёстой байсан. Хантай тооцоо нийлсэн баримтаа үзүүлээд мөн Д.М , түүний нөхөр 2 өөрсдөө гуйсан учраас төлбөр барагдуулах гэрээ байгуулж мөнгөө нэхэж байсан Хантай би тохиролцоод түүнийг нутаг буцаасан. Гэрээний дагуу ажлын хөлсийг надад өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсны дагуу шаардлага гаргасан  гэж, хариуцагч талаас ...Ханыг төлөөлж байгаа бол түүний чанаргүй гүйцэтгэсэн ажлаас учирсан хохирлыг хариуцах байх. Гэвч Ханыг төлөөлж байгаа итгэмжлэл байхгүй, би Д.Б тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, харин манай компани Хантай ажил гүйцэтгэхээр тохиролцож Хан ажлаа чанаргүй гүйцэтгэсэн. Нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт цугларсан баримтууд болон нэхэмжлэгчийн ...Би Kum Ruring компанид ажиллаж байсан, Хан нь манай компанийн шугамаар ажиллахаар ирсэн. Өөрийн бригадтайгаа хувиараа Марттай тохиролцож ажил гүйцэтгэсэн байдаг. Kum Ruring  энэ ажилд оролцоогүй гэх, хариуцагчаас ...Манай компани Хантай ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан, ажлаа муу хийсэн гэх тайлбараар 2016 оны 3 сарын 25-ны өдөр Д.Б , Д.М  нар харилцан тохиролцож төлбөр төлж барагдуулах тухай гэрээг байгуулсан, 2016 он 3 сарын 3-ны өдөр “Т” ХХК-ийн өмнөөс нягтлан бодогч, захирал нар, Kum Ruring компанийн өмнөөс жижиг захирал Хан нар хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлсэн актыг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хоорондын эрх үүрэг, төлбөр тооцоо, харилцаа хамаарлын талаар төлбөр төлж барагдуулах гэрээнд “төлбөр авагч Д.Б , төлбөр төлөгч Д.М , 2015 оны 3-р сараас 2016 оны 3 сарын хооронд үүссэн ажилчдын цалин, хөлсний төлбөр нийт 13,235,000 төгрөгийн төлбөр байгааг 2016 оны 4 сарын 20-нд төлж дуусгахаар тохиролцсон боловч уг хугацаанд төлөх боломжгүй учраас 2016 оны 6 сарын 1-ний дотор төлж барагдуулна, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5% алданги тооцож төлбөр төлөгчөөр төлүүлнэ, гэрээ байгуулсан талуудын гарын үсгүүд, Т ХХК-ийн дардастай”, тооцоо нийлсэн актад “тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлэгч Т ХХК-ийн өмнөөс нягтлан бодогч Б.Д, Kum Ruring компанийн өмнөөс жижиг захирал Хан нар 2015 оны 3 сараас 2016 оны 3 сар хүртэлх хугацаанд өгч авалцсан ажил үйлчилгээ хөдөлмөрийн хөлсийг нягтлан бодох бүртгэлийн баримтаар нийлж үзэхэд Kum Ruring компанид өгөх нийт үлдэгдэл 13,235,000 төгрөг болно. 3,235,000 төгрөгийг 2016 оны 4 сарын 20-нд, 10,000,000 төгрөгийг 6 сарын 10-нд төлж барагдуулахаар тохиролцов” гэж тэмдэглэгджээ.

 

Дээрх төлбөр барагдууах гэрээ, тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хоорондын үйл баримтаас дүгнэхэд зохигч хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн харилцаа үүссэн байна.

 

Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан ажлыг гүйцэтгэсэн бол хэлэлцэн тохиролцсоны дагуу захиалагч ажлын хөлсийг төлөх үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

Хариуцагч талаас ...шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ажил гүйцэтгэгч Ханаас шаардах эрхийг шилжүүлэн авсан, эсхүл төлөөлөн итгэмжлэгдсэн гэдгээ нотлоогүй, мөн Март нь ажил захиалагч биш гэж татгалзсан тайлбар гаргадаг хэдий ч ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал нь ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид бус гуравдагч этгээдэд өгөхөөр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасантай нийцэж байх тул Д.Б  шаардах эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил”, 79.1 “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу 2016 оны 6 сарын 1-нээс буюу төлбөр барагдуулах үүргээ гүйцэтгээгүйгээс хугацааг тооцоход шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. 

 

Зохигчид туслан гүйцэтгэгч Т ХХК-ийн захиалгаар БНСАУ-ын иргэн Хан барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн, амаар хэлцэл байгуулсан талаар маргадаггүй тул тухайн ажил гүйцэтгэх гэрээний талууд нь Тэгш тэнүүн мөрөн ХХК, иргэн Хан нар юм. Нэхэмжлэгч Д.Б  нь төлбөр барагдуулах гэрээг байгуулсан гэх үндэслэлээр Д.М ыг хариуцагчаар тодорхойлсон хэдий ч 2016 оны 3 сарын 25-ны өдрийн хэлцэл нь иргэн Д.М аас, эсхүл Т ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 13,235,000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн болох нь эргэлзээ бүхий байх тул хэлцлийн агуулга, үйл баримтыг харгалзан үзэхэд тухайн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу төлбөр төлөх үүрэг хуулийн этгээд буюу Тэгш тэнүүн мөрөн ХХК-д хамаарна гэж үзэв.

 

Иймд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулаад нэхэмжлэгч Д.Б  нь төлбөр барагдуулах гэрээний буюу ажил гэрээний үүргийг иргэн Д.М аас нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.М  хариуцах нь үйл баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн Д.Б ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,264,300 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б ээс хариуцагч Д.М ад холбогдуулан гаргасан 18,264,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ