Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

  2023        01         20                                   2023/ШЦТ/103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Эрдэнэтөр /томилолтоор/,   

нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Г.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02043 2931 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б ыг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......  тоотод хамтран амьдрагч Б.Б ийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух, баруун, зүүн нүдний салст, зовхи, хацар, шанаа, хамар, цээж, баруун, зүүн дал, зүүн бугалга, бэлгийн их уруул, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02043 2931 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Г.Б ыг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны хамтран амьдрагч Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/,

 

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Б  Н тай юм яриад үлдсэн ба гэнэт миний нүүр рүү цохиход нь сэрээд “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чи муу амнаасаа болж байгаа юм” гээд баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газарт 2-3 удаа, толгой руу хэд хэдэн удаа, цээж рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Мөн зүүн гарын бугалга, зүүн хөлний цавь руу бас гараараа нэг удаа цохиод, 2 удаа өшиглөсөн. Тэгээд тайвшраад зодохоо болиод унтаж амарсан. Маргааш нь 11 цагийн үед Б  “хүнтэй уулзаад ирье, чи ийм нүд нүүртэй гадуур явах хэрэггүй” гээд намайг гаднаас цоожилж яваад 16 цагийн үед согтуу, 1 шил архи, талх, боорцог барьчихсан Ж  гэх найзтайгаа ирсэн. Тухайн архийг Ж , Б  бид гурвуулаа хувааж уугаад унтаж амарсан. Энэ өдөр намайг зодоогүй. Тэгээд 04 дүгээр сарын 09-ний өглөө хоол унд идчихээд Б , Ж  бид 3 нэг шил 0.75 граммын архи, 2 шил архи уугаад байж байтал цагдаа нар ороод ирсэн... Бид 2 юунаас болж маргаснаа санахгүй байна. “Чи амнаасаа болж байгаа юм” гээд л цохиод байсан. Б  их түргэн ууртай. Намайг найзуудтайгаа хардаад байдаг..”, “..Би нөхөр, хүүхэдтэй болохоор гэртээ харих гэхэд намайг явуулдаггүй. Б  намайг айлгаж, хүчээр өөртэйгөө хамт байлгадаг. Хэрэв би түүнээс явах юм бол миний араас манай гэрийн гадаа ирээд явж байдаг болохоор айсандаа би өөрөө очдог... Намайг зодуулж байхад Н  эгч буруу хараад хэвтэж байсан... Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй болохоор ямар нэгэн зардал мөнгө гараагүй. Тийм учраас миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй... Надад гарч хүрч зоддог. Өөр ямар нэгэн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 25-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №5609 дугаартай:

Б.Б ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух, баруун, зүүн нүдний салст, зовхи, хацар, шанаа, хамар, цээж, баруун, зүүн дал, зүүн бугалга, бэлгийн их уруул, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

Шүүгдэгч Г.Б ын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяагийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2206 02043 2931 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Батчимэгийг цохиж зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хардалтаас болоод биед нь халдаж гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 42/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 44/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 59-70/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 86/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Г.Б ын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Б ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б  нь хохирогч Б.Б  нар хамтран амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилан зүйлчлэхээр заажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Г.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Б ийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хохирогч Б.Б  нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйлд заасан их хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж түүний хаана байгаа нь тогтоогдохгүй байсан учир эрэн сурвалжилж, олдсон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн байсан.

 

Түүнийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тэрээр шүүх хуралдаан болох өдөр хүртэл 24 хоног цагдан хоригджээ. Иймд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасаж, үлдэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн бол хорих ялыг сольдогийг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан учир түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэглэв.

 

Шүүгдэгч Г.Б  нь гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ын энэ хэргийн учир цагдан хоригдсон 24 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 192 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж эдлэх ялыг 528 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б т оногдуулсан 528 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч нь хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ