Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0069

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1006 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч М.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0108/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1006 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, хариуцагчаас “нэхэмжлэгчийг ойн сан бүхий газарт хамаарч байгаа газрын төлбөрийг төлөөгүй гэж буруутгаж байгаа эсэх, эсхүл ойн сан бүхий газарт хамаарах төлбөрийг ногдуулсан эсэх, тухайн ойн сан бүхий газар нь төлбөр ногдох газар мөн эсэхийг тогтоож, төлбөрийн тооцооллыг хуульд нийцүүлэн хийсэн эсэх нөхцөл байдлыг тодруулж” дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Нэхэмжлэгч “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар Улаанбаатар хот, ***** дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын ***** аманд аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалттайгаар 0.8 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар тушаалаар тухайн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Энэхүү тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Ойн тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ойн сангийн талбайг ашиглаж байгаа гэх үндэслэлүүдээр хүчингүй болгосон.

            Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогддог. Мөн Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

            Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг олгосон. Газар ашиглагч нь дээрх хуулийн заалтын дагуу 90 хоногт багтаан гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж, гэрээг байгуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч компани гэрээ байгуулах хүсэлтээ удаа дараа гаргасан гэдэг боловч хэрэгт холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

            Мөн тус компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ы өдрийн А/664 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг олгосноос хойш газар ашиглах эрхийг цуцлагдах хүртэл хугацаанд огт газрын төлбөр төлөөгүй. Гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргахгүй, гэрээг байгуулахгүй байсан нь газрын төлбөр төлөхөөс зориуд зайлсхийсэн үйлдэл гэж дүгнэхээр байна.

Гуравдагч этгээд “Т” ХХК-иас гаргасан тайлбартаа нэхэмжлэгч компани нь 2019 оноос өнөөдрийг хүртэл манай эрхэлж буй үйл ажиллагаанд холбогдуулан ямар нэгэн гомдол, хүсэлт, асуулга гаргаж байгаагүй. Иргэний журмаар хандсан зүйл байхгүй гэдэг. Үүнээс үзэхэд тус компани нь газраа газар хүлээлцэх актаар хүлээн авснаас хойш үүссэн хууль бус үйлдэл, аливаа зөрчлийг таслан зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалт хийгдээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар сонсох ажиллагаа хийгдээд эхлэх үед манай газар дээр өөр аж ахуйн зам, талбай бариад бид газраа ашиглаж чадахгүй байсан гэх шалтаг хэлж маргадаг. Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компанийн үйл ажиллагаанд саад учруулах зорилготой зориуд энэ газрыг анхнаасаа авсан, энэ газрыг ашиглах сонирхол байгаагүй. Захирлуудын хооронд хувийн шалтгаан байдаг зэрэг асуудлыг шүүх хуралдаан дээр дурдаж байсан. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч компани нь тус газрыг зориулалтын дагуу ашиглах хүсэл зориг тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс ойн сан бүхий газарт хамаарч байгаа газрын төлбөрийг төлөөгүй гэж буруутгаж байгаа эсэх, эсхүл тухайн төлөөгүй гэж тодорхойлсон газрын төлбөрт хуулиар ашиглахыг хориглосон газарт хамаарах байдлаар ногдуулсан төлбөр хамаарч байгаа эсэх, тухайн газар нь төлбөр ногдох газар мөн эсэхийг тогтоож, төлбөрийн тооцооллыг хуульд нийцүүлэн хийсэн эсэхийг нэмж тодруулах шаардлагатай гэж дүгнэж дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар тушаалыг 4 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компани нь газрын төлбөрийг огт төлөөгүй тул дээрх зүйлсийг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн байдаг.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлэн хавсралтад нэр дурдагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс хариу тайлбарыг авсан. Нэхэмжлэгч аж ахуйн нэгж заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Анхан шатны шүүх сонсох ажиллагааны хувьд нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдад холбогдуулан гаргажээ.

2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/362 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын **** амны хязгаарлалтын бүсэд ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй, ойн сангийн талбайг ашиглаж байгаа гэсэн үндэслэлээр “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 7997 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар **** дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын ***** амны хязгаарлалтын бүсэд 0.8 га газрыг “Э” ХХК-д аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.

2.4. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, газар ашиглах тухай гурвалсан гэрээг ийнхүү баталгаажуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жил болоогүй байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

2.5. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч компанийн хувьд анх 2019 онд газар ашиглах эрхтэй болсон цагаасаа хойш газрын төлбөр огт төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/6036 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байхад анхан шатны шүүх “... хариуцагч нь нэхэмжлэгч ойн сан бүхий газарт буюу хуулиар хориглосон газар ашиглахыг хориглосон байхад эрх авсан гэж байгаа тохиолдолд тухайн хориглосон газрыг ашигласны төлбөр төлөх үндэслэл хуулиар болон гэрээгээр үүсэхгүй, гэтэл хариуцагчаас энэ нөхцөл байдлыг тодруулж, тогтоогоогүй байхад шүүхээс хуульд нийцсэн төлбөрийг шаардсан, түүнийг нь нэхэмжлэгч заасан хугацаанд төлөөгүй, ашиглаж байгаа газар нь төлбөр ногдох газарт бүрэн хамаарч байна гэж дүгнэх боломжгүй, ... дээрх ойн сан бүхий газарт хамаарч байгаа газрын төлбөрийг төлөөгүй гэж буруутгаж байгаа эсэх, эсхүл тухайн төлөөгүй гэж тодорхойлсон газрын төлбөрт хуулиар ашиглахыг хориглосон газарт хамаарах байдлаар ногдуулсан төлбөр хамаарч байгаа эсэх, тухайн газар нь төлбөр ногдох газар мөн эсэхийг тогтоож, төлбөрийн тооцооллыг хуульд нийцүүлэн хийсэн эсэхийг нэмж тодруулах шаардлагатай ба энэхүү тодруулах шаардлагатай зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар тушаалыг 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.6. Учир нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ой, ойн сан, ойн нөөц зэрэг нь хаана байршиж байгаагаас үл хамааран ижил эрх зүйн дэглэмээр хамгаалагдах талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0134 дүгээр тогтоолд тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.

Тодруулбал, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид ашиглуулахаар олгогдсон ойн сан бүхий газартай давхцалтай хэсэгт ямар нэг зориулалтаар орон байр барих, ашиглахыг хуулиар хориглосон байхад “анх газар ашиглах эрх олгохдоо хуулиар ашиглах эрх олгохыг хориглосон газарт хамаарч байгаа эсэхийг судалж олгох үүрэг хариуцагчид байсан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй буруугаа шууд нэхэмжлэгчид хамааруулах нь үндэслэлгүй” гэх агуулгаар ийнхүү маргаан бүхий тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлд хамаарахгүй.

2.7. Нөгөөтээгүүр, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх ёстой. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь ойн сан бүхий газартай зарим хэсгээрээ давхцалтай төдийгүй нэхэмжлэгч газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байхад түүнийг дахин шинээр акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6” гэж хуульд байхгүй заалтыг баримталсан байсныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг “2” болгож тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН