| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
2022 12 27 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: В.Батдэлгэр;
Шүүгдэгч: Д.Б (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул;
Хэргийн дугаар: .....;
Шүүгдэгч Д.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)
Д.Б нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н тойргийн уулзварын хойд замд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 55 минутын үед ““ улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н-г мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокуророос Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-21/, хохирогч М.Н /хх-ийн 24, 25/, гэрч М.С /хх-ийн 31/, гэрч Ж.Э /хх-ийн 37/, гэрч Г.М /хх-ийн 40/, гэрч Ж.Г /хх-ийн 43/ нарын мэдүүлэг, М.Н-гийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14068 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/, М.Н-гийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 28-29, 49-50-51/, “Автотээврийн үндэсний төв”-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-63/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 66/, Д.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76/, Д.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 77, 79-87, 89-99, 102/, хохирол төлсөн баримт /хх-ийн 107-110/, хохирогч М.Н-гийн хүсэлт /хх-ийн 113/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний оройн 21 цаг 55 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н тойргийн уулзварын хойд замд ““ улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч М.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч М.Н-гийн /хх-ийн 24, 25/: “...Тэр өдөр манай ажлын газрын охин Э-ын төрсөн өдөр болоод 3 дугаар хороололд “““” нэртэй зочид буудалд Э , Э-ын найз залуу ___ бид гурав хуванцар савтай 2 литрийн хэмжээтэй нийт 4 савтай пиво хувааж уусан. Тэгээд би орой 20 цаг өнгөрч байхад буудлаас ганцаараа гараад явсан. Тэгээд буудлаас гараад такси Баянбүрд рүү явсан. Тэнд буугаад гэр лүүгээ алхаад явсан. Миний санаж байгаагаар 32-н тойргийн тэр хавьд явж байснаа санаж байна. Тэр үед би найз У-тэй утсаар яриад “таксины мөнгө бэлдээд байж бай, би одоо такси бариад очлоо” гэж ярьж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн түргэний машин дотор суугаад Гэмтлийн эмнэлэг явж байсан. ...Одоо надад жолооч Д.Бд ямар нэгэн гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Сгийн /хх-ийн 31/: “...би машинаа зогсоолд тавьчхаад эхнэрээ хоолны газар орж бай гэж хэлчхээд өөрөө газар унасан байсан эмэгтэй дээр очсон. Тэгээд намайг очиход тэр эмэгтэй баруун гараа толгой доороо хийсэн, гар нь урагшаа сунасан байдалтай уйлаад л, ухаантай хэвтэж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Ггийн /хх-ийн 43/: “...Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад нөхөр Д.Бгийн хамт ““ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн машинтай Хангай хотхон орох гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 32-н тойргийн хойд талын “КФС” хоолны газрын харалдаа зүүн талд замын зүүн гар талаас нэг хүүхэн яах ийхийн зуургүй зам хөндлөн гарцгүй газраар гүйгээд гарч ирсэн ба манай хүн тэр хүнийг мөргөхгүйн тулд самбаачилж машинаа баруун тийш дараад зогссон...” гэх мэдүүлгээр,
М.Н-гийн биед “баруун эгмэнд зөөлийн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий нуруунд цус хуралт, баруун мөр, тохойн үений зөөлөн эдийн няцрал” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14068 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 47-48/,
“...”“ улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашиныг жолоодон явсан жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”, д/ “Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 66/,
Д.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 76/: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчидд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас иргэн М.Н хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүнийг хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Бг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч М.Н-гийн “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх байр суурь хавтаст хэргийн 113 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ