Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2019/01533

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Г-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Ц.Ц-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 000 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч Ц.Ц , хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Н.Г миний бие Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 байр, 000 тоот байрны өмчлөгч ба тус байрандаа 2007 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна.

2018 оны 02 дугаар сарын 20-нд буюу цагаан сараар миний бие хөдөө орон нутагт шинэлэхээр болсон бөгөөд энэ нөхцөл байдлыг сонсоод өмнө нь танил, нэг нутгийн, нэг голын найз болох Ц.И, Ц.Б нар нь "хөгшин настай, тэргэнцэртэй ээжтэйгээ хамт танай байранд цагаан сараа хийе, бид нар олуулаа” гэсний дагуу зөвшөөрч, тэднийг цагаалуулсан. Тэгээд миний бие 2018 оны 03 дугаар сарын 05-нд хөдөөнөөс ирж, “хотын ах дүү нараа оруулъя, байр сулла” гэхэд “тийм юм байхгүй ээ, хуулийн дагуу бүх юм манайх болсон' гэж хэлсэн бөгөөд тухайн үед би юу ч сайн ойлгоогүй болно. Ийнхүү 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байрныхаа болканоороо дамжин байрлуугаа ороход дээрх 2 этгээдийн хүргэн Ж.Г гэрт маань ганцаараа байсан. Хүргэнийг нь гэрээсээ гаргаад байрандаа одоог хүртэл амьдарч байна. Гэхдээ 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, Ц.И-ийн хүргэн Ж.Г-ыг гэрээсээ гаргасны төлөө миний бие Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бусдын буюу Ж.Г-ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдогчоор татагдан шалгуулах болсон.

Ийнхүү цагдаа дээр шалгагдах явцдаа Н.Г миний бие өөрийн өмчлөлийн 125 м.кв, 215,000,000 төгрөгийн үнэлгээтэй байрны өмчлөл нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ц.И-ийн төрсөн ах Ц.Ц-ийн өмчлөлд шилжсэнийг мэдсэн. Ийнхүү “яагаад миний өмчлөлийн байр бусдад шилжив” гэж бодоод лавлатал тус байрыг 40,000,000 төгрөгөөр “Худалдах худалдан авах гэрээ” хийн шилжүүлэн авсан болохыг тогтоосон.

Хэзээ шилжсэн хугацааг хөөж үзтэл тухайн үед миний бие Ц.И той 2016 оны 11 дүгээр сарын 20-өөс эхэлж /өмнө 2016 оны 10 дугаар сард бас нийлж зөндөө ууж байсан/ бүтэн долоо хоног хамт хүмүүстэй нийлж, архи уусан бөгөөд тухайн үед “ХИМУРГА” ББСБ-аас 60,000,000 төгрөгийн зээл авах асуудлаар хөөцөлдөж байсныг Ц.И  мэдсэн. Гэтэл ББСБ-аас зээл бүтэж, зээл гарахаар болсон тухай 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өглөө ББСБ-аас мэдэгдэхэд Ц.И  нь “манай дүү Байгальмаагаас 90,000,000 төгрөгийн зээл бүтнээ, наад зээлээ орхиод хүрээд ир” гэсний дагуу ББСБ-аас зээл авах гэж байснаа больсон. Өмнө нь болон дараа ч Ц.И  нь нэг нутгийн найз гэх мэтээр намайг дайлж, хамт их архи уудаг байсан. Энэ хугацаанд буюу намайг архинд согтоод тасарсан, өөрийн гэсэн ухаангүй байх үед 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, тусгайлан нэгхэн хувь бэлдсэн гэрээнд гарын үсэг зуруулж, байрны маань өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна.

Хэрвээ би өөрийн өндөр үнэлгээтэй байрыг 2016 онд бусдад 40,000,000 төгрөгөөр зарсан бол 2018 оныг хүртэл хэрхэн яаж тус байрандаа өмчлөгч нь юм шиг амьдрах вэ. Мөн эдгээр хүмүүс үнэхээр 2016 онд байрыг шударгаар надаас худалдан авсан бол 2018 оныг хүртэл яагаад бусдыг амьдруулж, өөрсдийнхөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхгүй, байрандаа ч эзэн нь юм шиг нүүр бардам орохгүй өнөөдрийг хүрсэн байх билээ. Байрыг худалдсан гэх 40,000,000 сая төгрөгийг ч аваагүй атлаа давхар миний бие байраа бусдад алдсан байна.

Н.Г би нотлох баримтаар 2007 оноос 2018 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны байрны мөнгө, цахилгааны мөнгө зэргийг тогтмол өөрийн нэрээр төлж байсан болон хороо, дүүргийн бүртгэл дээр зөвхөн миний нэр байдагтай холбоотой баримтыг гаргаж өгөх болно. Мөн миний иргэний үнэмлэхний хаяг хүртэл энэхүү байрныхаа хаягаар байдаг болно.

Мөн тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Улсын бүртгэл дээр шилжигдэх тохиолдолд орлого олж байгаа тал буюу Н.Г би орлогын 2 хувийн татвар төлөх ёстой билээ. Миний бие өмчлөх эрх шилжих процессыг ч мэдээгүй бөгөөд мэдээгүй хүн хэрхэн 2 хувийн татвар улсад төлөх билээ. Тэгэхээр Улсын бүртгэл дээр хүртэл миний өмнөөс 2 хувийн татварыг банкинд төлж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Энэхүү үйл баримт нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт байгаа миний байрны хувийн хэрэг дээрх 2 хувийн татвар төлсөн баримт зэргээс тодорхой харагдах болов уу.

Дээр нь ямар ч хүн өөрийн 215,000,000 төгрөгийн үнэлгээтэй байраа бусдад

40,000,000 төгрөгөөр худалдан борлуулах үйлдэл хийхгүй билээ. Тиймээс Ц.И , Ц.Ц  нар нь анхнаасаа өмчлөх эрхийн бүртгэл дээр өмчлөх эрх шилжүүлэх ганцхан хувь “Худалдах худалдан авах гэрээ”-г тусгайлан бэлдэн авчирж, Н.Г намайг санаатайгаар согтоож, өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгох чадваргүй согтуу болсон үед гэрээн дээр гарын үсэг зуруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба энэхүү хууль бус үйлдлээ мэдэгдэхгүйн тулд миний өмчлөлийн байрны өмчлөлийг шилжүүлэн авсан ч өөрсдөө орж амьдарч чадахгүй өдийг хүрсэн байна.

Энэхүү 40,000,000 төгрөгийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг баталсан нотариатч Ж.Д нь миний гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “90,000,000 төгрөгийн гэрээгээ татвараас нуун дарагдуулах гэж дахин 40,000,000 төгрөгөөр халхавчилсан гэрээ хийсэн” гэж мэдүүлдэг бөгөөд Ц.И  болон Ц.Ц  нар нь энэхүү байрыг худалдан авсан төлөлтөө 2016 оны 11 дүгээр сарын 24-нд Н.Г миний Худалдаа Хөгжлийн банкны 431001354 тоот дансанд 90,000,000 төгрөг “зээл” гэсэн утгаар шилжигдэн орж ирсэн төлөлтөөр тайлбарлаж, мэдүүлэг өгдөг.

Н.Г миний байрыг “зээлийн гэрээ байгуулж байна” гэж төсөөлүүлэн еөрийгөө хянах чадваргүй архи уугаад тасарсан үед маань гарын үсгийг байр худалдан авах 40,000,000 төгрөгийн гэрээн дээр зуруулсан байдаг бөгөөд энэхүү гэрээг байгуулсны дараа өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-нд Н.Г миний Худалдаа Хөгжлийн банкны 431001354 тоот дансанд 90,000,000 төгрөг “зээл" гэсэн утгаар шилжэгдэн орж ирсэн байдаг бөгөөд өнөөдрийг болтол зээлсэн мөнгөнийхөө төлөлтийг буцаан Ц.И ийн Хаан банк дах 5029764333 тоот дансанд төлөлт хийж, өнөөдрийн байдлаар нийт 28,750,000 төгрөгийн төлөлттэй явж байна.

Хамгийн гол нь Ц.И , Ц.Ц  нар нь худалдсан үнэ гэх 40,000,000 төгрөг байна уу? эсхүл 90,000,000 төгрөгийг банкаар болон бэлнээр төлсөн тухай ямар ч үйл баримт байхгүй бөгөөд “миний байрыг худалдан авлаа” гээд нэг ч төлбөрийг шилжүүлээгүй, би тэднээс байрны төлбөр мөнгө гэж нэг ч төгрөг аваагүй. Тус гэрээн дээр 40,000,000 төгрөгийг “бэлнээр болон дансаар” шилжүүлэв гэдэг боловч энэхүү 40,000,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжигдсэн нэгээхэн ч үйл баримт байхгүй болно.

Иймд дээрх бүх үндэслэлийг харгалзан үзэж Н.Г, Ц.Ц  нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Худалдах худалдан авах гэрээ’’-г хүчин төгөлдөр бусад тооцож, тус байрны хууль ёсны өмчлөгчөөр Н.Г намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Н.Г нь миний дүү Ц.И ийн дотны найз байсан. Ц.И  надад манай найз Н.Г-д бэлэн мөнгөний хэрэг яаралтай гараад байгаа юм, та охиндоо байр хайж байгаа билүү гэж асууж байсан. Н.Г надруу утасдаад таны утсыг Ц.И оос авсан юм, надад мөнгөний яаралтай хэрэг болоод байна, надад 3 өрөө байр байгаа, зарах гэсэн юм, бэлэн мөнгөөр авах хүн олдохгүй байна, та миний байрыг сонирхохгүй юу гэдэг санал тавьсны дагуу би үзэхээр очсон. Боломжийн байр гэж бодоод ах, дүү мөн ээжээсээ мөнгө зээлж цуглуулаад би өөрөө наймаа хийдэг болохоор өөрийн дансанд байвал үрчихэнэ гэж бодоод О.Г-ын Худалдаа хөгжлийн банкны дансанд хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Н.Г худалдах, худалдан авах гэрээгээ хийе хүрээд ирээч, би Да хүрээ захын нотариат дээр байна гэсэн. Намайг очиход Н.Г, эхнэр, дүү Ц.И  нар байсан. Н.Г гэрээгээ хийсэн. Гэрээ хийгдээд би гарын үсэг зурах болоход 90,000,000 төгрөгөөр хийх байтал, 40,000,000 төгрөгөөр хийсэн байсан. Чи яагаад 40,000,000 төгрөгөөр гэрээг хийж байгаа юм бэ гэхэд ахаа би нотариатаас гуйгаад үл хөдлөх зарсан татвараа багаар төлөхийн тулд хийлгэчихлээ, танд ямар ч асуудал үүсэхгүй гэсэн тул би гарын үсгээ зурсан. Н.Г-г авгайгаараа гарын үсэг зуруул гэхэд энэ гэрчилгээ ганц миний нэр дээр  байдаг, бид гэр бүлийн баталгаа байхгүй гэсэн.  Тэндээс гараад Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт очоод үл хөдлөх хөрөнгө зарсан татвар болох 800,000 төгрөгийг Н.Г-ын эхнэр төлсөн, гарын үсэг нь тодорхой харагддаг.

Би тэр өдрөө ажил гараад хөдөө явсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үдээс хойш Н.Г утасдаад ахаа үл хөдлөхийн гэрчилгээ таны нэр дээр гарсан байна, та мөнгөө шилжүүлээд ирээд гэрчилгээгээ авахад бэлэн боллоо гэсэн. Би хөдөөнөөс дүү Ганбаяр уруу утсаар яриад Н.Г-ын худалдаа хөгжлийн банкны 431001354 тоот дансанд 90,000,000 төгрөгийг ажил тарахаас өмнө яаралтай шилжүүлээдэх гээд ярьж байтал сүлжээ муутай байсан тул утас тасарсан. Эргээд залгах гэтэл сүлжээ болохгүй байсан тул орхисон. Би орой 16.00 цагийн үед хөдөөнөөс ирээд Баянзүрх дүүргийн үл хөдлөх газарт очиход Н.Г , түүний эхнэр, Ц.И  нар байсан. Үл хөдлөх гэрчилгээ миний нэр дээр гарчихсан, 90,000,000 төгрөгийг дансаараа авсан, бүх юм болсон гээд бөөн баяртай хүмүүстэй уулзсан.

О.Г 90,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ шилжүүлгийн утгыг юу гэж бичихийг надаас асуух гээд над руу зөндөө залгасан байсан. Холбогдох боломжгүй гээд байхаар нь шилжүүлгийн утга дээр зээл юм байлгүй гээд зээл гэж бичээд шилжүүлсэн байсан. Уг нь байрны үнэ 90,000,000 төгрөг гэж шилжүүлэх байсан юм. Охиноо байрандаа оруулах болоход охин маань хань ижилгүй ганцаараа айгаад байна гэсэн. Гэтэл Н.Г охиныг чинь байранд ортол дүү нь түр байж байя, орох үед нь ямар ч асуудалгүй суллаж өгнө гэж гуйхад нь би түүнд гүндүүгүй монгол хүний зангаар дүү шигээ итгээд байрны хөлс бүх зүйлээ төлөөд сууж бай, харин хэзээ ч суллаж өгч магадгүй гэж хэлээд эр хүний ёсоор тохироод суулгасан.

Гэтэл Н.Г нь 2018 оны 1 сарын дундуур надруу утасдаад байраа хямдхан зарсан байна, таны мөнгийг өгөөд байраа буцааж авъя гэж санал тавьсан. Би зөвшөөрөөгүй. Би байр худалдаж аваад 1 жил 3 сар болсон тул наймаа буцахгүй гэдгийг хэлсэн. Тэр үеэс би энэ хүн найдваргүй, хүний итгэл даахгүй нөхөр байна гэж бодоод байраа суллаж өгөх шаардлага тавьсан. 2018 оны 2 дугаар сард байраа чөлөөлүүлж аваад доторх эд хогшлоо ав гэтэл удахгүй байраа олоод тавилгаа авъя гэсэн. Би нэг өрөөгөө суллаж өгөөд үлдээх зүйлээ энэ өрөөнд хийгээд өөрсдөө цоожоо хийж түгжихийг зөвшөөрсөн. Өрөөнд багтахгүй тавилгаа тэр чигт нь үлдээсэн. Би байрандаа хүргэн дүү Ж.Г-ыг байлгасан. Ж.Г Дархан хотод байдаг байсан. Хотод курст суралцаж байсан хугацаанд нь байрандаа суулгасан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр орой 20 цагийн  үед Ж.Г надруу утасдаад бөөн согтуу хүмүүс хаалга нүдээд Гантулга байна хаалгаа онгойлго гээд байна гэж ярьсан. Би цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Удалгүй Ганбаатар утасдаад 2 давхрын блоконы цонхыг хага цохиод  мөн өрөөний цонх хагалаад 2 хүн орж ирээд Ж.Г ыг 1,6 сартай хүүхэдтэй цуг байхад нь зодоод нэг нь байрны хаалга дотроос нь онгойлгож өгөхөд гаднаас 7-9 согтуу хүмүүс орж ирээд зодож танхайрсан байсан. Яг тэр үед цагдаа нар ирээд Ж.Г ыг зээ хүүтэй цуг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явна гэхээр нь Ганбаатар надруу утасдаад та бичиг баримтаа аваад хүрээд ир гэсэн. Намайг очиход мартын 8-ны хариуцлагатай жижүүр дэд хурандаа нь байр миний нэр дээр байгаа гэдгийг Н.Г д хэлсэн. Ж.Г бүх мэдүүлгээ өгчихлөө гээд зээ хүү нь уйлчихсан, түүний аав, ээж нь ирсэн байсан. Жижүүр нь та нар одоо байрлуугаа очиж бай араас чинь цагдаа нар очиж учрыг нь олно гэсэн. Би байрандаа очоод хаалга онгойлгох гэтэл цоожийг нь сольсон байсан. Хаалга нүдээд онгойлгож өгөөгүй. 30 минутын дараа эргүүлийн 2 цагдаа ирэхэд хаалга онгойлгож өгсөн. Цагдаатай цуг ортол 8-9 хүн байсан. Зарим нь согтуу янз бүрийн юм ярьж доромжилсон. Манай юмыг  коридорт овоолчихсон энийгээ аваад зайл гээд бөөн орилоон болсон. Та нар дуугүй байхгүй бол эрүүлжүүлэхэд хийнэ гэхэд тэд арай гайгүй болсон. 3 сарын 9-ний өдөр нь 5 дахь өдөр байсан. Цагдаа нар орон байрны маргаантай асуудал байна 1 дэх өдөр хэлтэс дээр  ирээд гомдол саналаа гаргаад шийдүүл гэсэн. Би байрны гэрчилгээ болон бичиг баримтаа бүгдийг нь үзүүлсэн. Ирсэн 2 цагдаа нь бид мэдэхгүй гээд шууд яваад өгсөн. Байран дотор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Н.Г-н ах нь байсан. Үүнийг зохион байгуулалттай орон байрны дээрмийн асуудал гэж би хардаж байгаа. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2019 оны 2 сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарч шүүгдэгч Н.Г , Г.А нар нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204021648 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Жуков 47 дугаар байрны 000 тоот 125 м.кв 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь Ц.Ц  би мөн юм, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ц.Ц ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 000 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигч буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Энэ байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна, байрны төлбөрөө төлж байсан баримтууд байгаа. Хариуцагч тал гуйсны дагуу цагаан сараар түр суулгаад эргээд гар гэхэд гараагүй тул бид өөрсдөө орсон. Цагдаад хандсан байсан. Тэнд байхдаа байр маань бусдын өмчлөлд шилжсэн байсныг мэдсэн. Тухайн үед зээл хэрэгтэй байсан, орон сууцаа худалдаж байна гэж бодоогүй, зээлийн барьцаанд тавьж байна гэж бодож байсан. Тиймээс ч 90,0 сая төгрөг зээл гэсэн утгаар миний дансанд шилжин орж ирсэн. 40,0 сая төгрөгөөр өөрийн 210,0 сая төгрөгийн үнэ бүхий байрыг худалдах боломжгүй. Уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Гантулга нь байраа хямдхан өгчихлөө гэдэг болсон. Бид хоорондоо 90,0 сая төгрөгөөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ямар нэг зээлийн харилцаа байхгүй, дүүгийн данснаас мөнгийг шилжүүлэхдээ зээл гээд бичсэн юм билээ, ямар агуулгаар мөнгө шилжүүлүүлж байгааг ойлгоогүй байсан. Орон сууцаа худалдаж авчхаад охин маань ганцаараа амьдрах боломжгүй гэхээр нь нэг нутаг усны хүмүүс гээд Гантулгынхыг түр амьдруулж байсан. Гэтэл цагаан сарын дараа манай дүүгийнхийг хүчээр хөөж гаргасан, уг асуудал нь эрүүгийн хэргээр шалгагдаж тогтоогдсон гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

 

Дээрх шаардлага болон татгалзлаа нэхэмжлэгч талаас ...Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 47-р байр, 000 тоотод хаягийн бүртгэлтэй Н.Г-н иргэний үнэмлэх, 2007-2018 он хүртэл тус хаягт оршин сууж байгааг тодорхойлсон Баянзүрх дүүргийн 4-р хорооны засаг даргын тодорхойлолт, Ц.Ц , Ц.И  нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан Баянзүрх дүүргийн болон Улсын Ерөнхий Прокурорын мэдэгдэх хуудсууд, 2016 оны 11 сарын 23-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, Н.Г-ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Н.Г , Э.А, Н.Б, Г.А нарын банкны дансны хуулга, данс эзэмшигчийн лавлагаа, Н.Гантулгын эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа, анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн шатанд буцаасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Ц.И ийн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Арвижих эстимейт ХХК-ийн орон сууцны зах зээлийн үнийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар, хариуцагч талаас ...орон сууц худалдах худалдан авах гэрээ, Ц.Ц ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Н.Г нарт ял шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоол, Ж.Г, Д нарын эрүүгийн хэрэгт хохирогч, гэрчээр мэдүүлж байсан мэдүүлгүүд, 90,0 сая төгрөг шилжүүлсэн, 2% татвар төлсөн банкны баримт, Ж.Ганбаатар, Ц.Б нарын тодорхойлолт, тэдний гадаад паспортын хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотолно гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д заасны дагуу бүрдүүлэн шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шүүхэд хандах, өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2016 оны 11 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ц.Ц ид Баянзүрх дүүргийн 4-р хороо, 47-000 тоот, 125 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 40,0 сая төгрөгөөр худалдахаар бичгээр гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас ...40,0 сая төгрөг өгөөгүй, байраа барьцаалж байна гэж ойлгосон, нотариат дээр очиж гэрээ байгуулсны маргааш нь 90,0 төгрөг “зээл” гэж дансанд орж ирсэн гэж мэдүүлэн тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг.

 

Хариуцагч Ц.Ц аас ...Н.Г-ын хүсэлтээр татвараас зайлсхийж орон сууцны үнийг 40,0 сая гэж багаар гэрээнд тусгасан, байрны үнэд 90,0 сая төгрөгийг дүүгийнхээ данснаас шилжүүлсэн, дүү маань шилжүүлгийн утгыг андуурч зээл гэж бичсэн байсан гэж,

Гэрч Ц.И оос ...Н.Г эхнэрийн хамт Да хүрээ дэх нотариатч Д дээр ирсэн. Гэрээг 40,0 төгрөг гэж бичүүлмээр байна татвар бага төлөх гээд гэж байсан. Тухайн үед Н.Г архи уусан байгаагүй, Н.Г аас надруу шилжүүлж байсан мөнгө бол бидний дундах наймааны асуудал, надаас 4 удаа аяллын чиргүүл, автобус зээлээр авч байсны төлбөрийн асуудал юм, Ц.Цтай хамаагүй. Н.Г нь эхний үед зээл олоод өгөөч гэж байсан, зээл нь бүтэхгүй болохоор сүүлдээ байраа зармаар байна гэсэн гэж,

Гэрч Н.У-ээс ...тухайн өдөр нөхөртэйгээ байр худалдахаар биш зээлийн гэрээ байгуулахаар нотариат дээр очиж байсан. Манай нөхөр согтуу байсан учраас би хамт явсан. Ц.И-с аяллын чиргүүл авч байхдаа анх танилцсан. Ц.И-ийн дансруу шилжүүлж байгаа мөнгө нь зээлээ төлж байгаа асуудал, чиргүүлийн төлбөр дууссан. Ц.И нь манай дүү Ц.Б мөнгө зээлнэ гэж хэлж байсан, түүнээс зээл авсан, ямар хугацаатай, хүүтэй хүүгүй авсан талаар сайн мэдэхгүй гэж,

Гэрч Н.Б-ээс ...Н.Г ах Ц.И-д зээл төлөх ёстой гэж ярьсаны дагуу би өөрийн данснаас 4 сая төгрөгийг Ц.И-ийн дансруу шилжүүлж байсан. Зээл авсныг мэдэж байна. Байгалмаа гэдэг хүнээс зээл авч байна гэж бодсон. Н.Г орон сууцаа барьцаалж зээл авч байгаа гэсэн гэж мэдүүлсэн тайлбар, мэдүүлгүүд,

Эрүүгийн хэрэгт нотариатч Ж.Д-ыг гэрчээр байцаасан “...нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна, Н.Г , Ц.Ц нар өөрсдөө ирж гарын үсэг зурсан, гэрээний үнийн саналыг өөрсдөө бичдэг, мансуурсан, согтуурсан бол хуулиар хойшлуулах заалттай. Энэ хүмүүс эрүүл саруул байсан” гэх тэмдэглэл,

Ж.Г-ыг хохирогчоор байцаасан “...Манай эхнэр Ц.Б-аас Н.Г гэх хүн нь мөнгө зээлсэн одоо болтол өгөхгүй байгаа. Энэ асуудлаас болж манайх руу Н.Г нар нь дайрч орсон байх. Н.Г энэ миний байр гээд байхаар нь би байрны эзэн Цэрэндаш ахыг дуудсан” гэх тэмдэглэл,

Ц.И ийг гэрчээр байцаасан “...Н.Г нь хувиараа алт олборлох гэсэн юм тоног төхөөрөмж авах гээд мөнгөний хэрэг байна, 90,0 сая төгрөг зээлэх үү гэж байсан. Ийм их мөнгө зээлэх хүн олдохгүй байна гэсэн. Дараа нь дахиж ирээд өөрийнхөө амьдарч байгаа байраа зармаар байна гэсний дагуу охиндоо байр авах гэж байсан ах Ц.Ц-д хэлсэн. Ах байрыг үзээд 90,0 сая төгрөгөөр авахаар болсон. Байрны бичиг баримт ахын нэр дээр шилжмэгц мөнгө төгрөгөө өгөлцөж авахаар тохиролцсон. Гантулга нь байраа барьцаанд тавина гэж яриагүй. Ц.Ц, Н.Г нар гэрээ байгуулах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” гэх тэмдэглэл зэрэг нь нэхэмжлэгч талын ...худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, орон сууцыг барьцаалах зорилготой байсан, зээл авсан гэх тайлбарыг үгүйсгэж байх бөгөөд 90,0 сая төгрөг шилжүүлсэн банкны баримтын гүйлгээний утгад “зээл” гэж бичсэнээр зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэхэд эргэлзээ бүхий, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй гэх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй, тодруулбал нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг нотлоогүй, баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас 2016 оны 11 сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах хэлцлийн хэлбэр агуулга талаас нь тайлбарлахдаа ...гэрээний тэргүү гарчиг дарагдсан, үнийн дүн 40,0 сая төгрөг гэж бичигдсэн, уг мөнгийг аваагүй. Орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь үнэн. Гэвч зээлийн төлбөрөөс 28 гаруй сая төгрөгийг өөрөө болон бусдын данснаас Ц.И-ийн данс руу шилжүүлэн төлсөн. Хөнгөмсгөөр найдаж итгэлийн үндсэн дээр тухайн хэлцлийг байгуулсан, гарын үсэг зурсан. Мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг хэдий ч төлбөр төлж байсан гэх дансны хуулга дахь гүйлгээний утга тодорхойгүй, мотоцикпийн үнэ гэх утга бүхий тайлбартай шилжүүлэг 90,0 төгрөгийн зээлийн төлбөр болох нь эргэлзээ бүхий байх тул орон сууц худалдах худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, 40,0 сая төгрөгөөр худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн хэдий ч бодитоор хариуцагч талаас 90,0 сая төгрөгийг худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжүүлсэн, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагч буюу хариуцагчийн өмчлөлд шилжсэн үйл баримт нотлогддог. Энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн зүйл, заалтуудад нийцдэг. Нэхэмжлэгч талын ...хариуцагчаас 40,0 сая, 90,0 сая төгрөг шилжигдээгүй тул орон сууцны үнийг төлөөгүй, тиймээс худалдах худалдан авах хэлцэл байгуулагдаагүй гэх тайлбарын хувьд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу хариуцагч Ц.Ц  бусдаар төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлснийг хууль бус гэж үзэх боломжгүй.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан хариуцагч Ц.Ц ийг бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх боломжгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч Н.Г нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй үндэслэлээр хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Г ас хариуцагч Ц.Ц ид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 6 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ