Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар   2023/ШЦТ/102

 

  

 

 

 

 

 

 

 

    2023        01          19                                     2023/ШЦТ/102

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: В.Батдэлгэр;

 

Шүүгдэгч: С.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул;

 

Хэргийн дугаар: ..........;

           

Шүүгдэгч С.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт .........., улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

С.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны зүүн урд замд явган хүний гарц дээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 06 цаг 50 минутын орчимд “Kia Bongo-3” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарц дээр явган зорчигч Г.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокуророос С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/, хохирогч Г.У /хх-ийн 14/, иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Б.У /хх-ийн 18, 21/, гэрч Б.Э /хх-ийн 28/, иргэний нэхэмжлэгч С.С /хх-ийн 78/ нарын мэдүүлэг, Г.Уын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-43/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 47/, С.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59/, хохирол төлсөн баримт /хх-ийн 62/, С.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63-70/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан төлбөрийн баримт /хх-ийн 73/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 06 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны зүүн урд замд “Kia Bongo-3” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.У-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Уын /хх-ийн 14/: ”...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 06 цаг 50 минутын орчим гэрээсээ гараад сургууль руугаа явж байсан. Тухайн үед Нарны замыг ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн явган хүний гарцаар гарч байсан. Намайг зам гарч байх үед миний баруун гар талаас 2 машин ирж байсан. Эхний машиныг нь би урдуураа өнгөрөөгөөд урагшаа алхсан, дараагийн автомашин нь удаан хол явж байсан учир би чигээрээ явган хүний гарцаар гараад явж байтал миний баруун гар талаас нэг машин ирээд намайг мөргөөд газарт унагасан. Тэгээд би тухайн үед шоконд ороод босоод замын хойд тал руу гүйж гараад хөл дээрээ зогсож чадахгүй суусан. Тэгээд байж байтал намайг мөргөсөн автомашины жолооч ах миний араас хүрээд ирсэн. Миний биеийг жолооч ax асууж байсан, тухайн үед би шалгалттай байсан учир жолооч ахаас намайг сургууль дээр хүргээд өгөөч гэж хэлээд хүргүүлээд буусан...” гэх мэдүүлгээр,

Г.Уын биед “зүүн хоншоорын хөндийн урд ар хана, хацар яс, зүүн нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14140 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 31-32/,

“...“Kia Bongo-3” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Явган зорчигч Г.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 47/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Уын /хх-ийн 18/: “...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Тухайн үед хамт байгаагүй. Тухайн өдөр зам тээврийн осол болсон талаар аав С.Б-с сонссон. ...Би өөрийн эзэмшлийн “Kia Bongo-3” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлд хохирлын үнэлгээ гаргуулахгүй. Би тухайн автомашины хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгээр,

иргэний нэхэмжлэгч С.С-н /хх-ийн 78/: “...хохирогч Г.У нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.784.150 төгрөг гарсныг С.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлгээр,

 

С.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 59: “...Би тухайн үед явган зорчигч явж байхыг хараагүй, тухайн үед өглөө эрт гадаа харанхуй үзэгдэх орчин маш муу байсан. Гэнэт л тулаад ороод ирсэн. Би тухайн үед ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед ганцаараа машин жолоодоод явж байсан. Би хохирогч Г.Уын эмчилгээний зардалд нийт 3.500.000 төгрөг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

С.Бд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч Г.У хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, С.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Г.У-ыг хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, Г.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Уын хохирол төлбөрт 3.500.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Харин шүүгдэгч С.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 2.736.150 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан.

 

Иймд гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч С.Б-с 2.736.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.       

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Б-с 2.736.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                                                               

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ