| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/249 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/249
2023 02 28 2023/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Тийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхэд, эмээ, өвөөгийн хамт оршин суудаг гэх, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Б.Т нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дүгээр гудамжинд 2022 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө насанд хүрээгүй хохирогч Ш.Эын 900.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне экс эс” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримт”,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлөх төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/01315 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 54 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар тал), хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал)” гэв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дүгээр гудамжинд насанд хүрээгүй хохирогч Ш.Эын эзэмшлийн “Айфоне экс эс” загварын гар утсыг дээрэмдэн авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ш.Эын “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сургуулиасаа чөлөө авч Толгойтод байдаг ахынхаа гэрт очиж амралтын хоёр өдөр амарчхаад 2022 оны 09 дүгээр сарын 25-ны 18 цагийн орчимд ахынхаа гэрээс гарч Толгойтын эцсийн автобусны буудлаас автобусанд суух гээд зогсож байсан. Тухайн үед автобус ирэхгүй удаад байхаар нь зогссон байх гэж бодоод байж байтал хоёр хүн ирж “автобус зогссон байна чи хаа хүрэх юм бэ, хамт явъя чиглэл нэг юм байлгүй замдаа буучих” гэж хэлээд бид гурав такси барьсан. Тэгээд хоёр орчим км явж тэндээ таксинаас буугаад би “манай найзын гэр ойрхон байдаг юм тэндээсээ машинтай төв рүү явна" гэж хэлээд намайг дагуулж гудамж руу оруулсан. Тэгээд нэг хүн нь “ахын дүү утсаараа ганц яриулчих" гэж хэлээд миний гар утсыг аваад нэг яриад буцааж өгсөн. Хэсэг хугацааны дараа тэр хүн дахиад “...гар утсаа өгч бай” гэж хэлэхээр нь өмнөх буцааж өгсөн юм чинь одоо гайгүй байлгүй дээ гэж бодоод гар утсаа өгтөл гар утсыг аваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
- Гэрч Э.Үийн “...2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн * тоот гэртээ байж байтал манай багийн найз Т ирсэн. Бид хоёр манай гэрт хэсэг байж байгаад Тий гэр лүү хослол авахаар 20 цагийн орчимд гарсан. Бид хоёр Нарангийн голын эцсээс автобусанд сууж Цэргийн хотхоны автобусны буудал дээр бууж тэндээсээ Толгойтын эцэс рүү алхсан. Бид хоёр Толгойтын эцэс дээр ирээд автобус хүлээтэл автобус ирэхгүй удаад байсан. Тэнд бид хоёроос гадна нэг хүүхэд автобус хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хүүхдэд “21 дүгээр хороолол хүртэл таксидах уу, таксиныхаа мөнгийг хувааж төлөөд явъя...” гэж хэлээд гурвуулаа таксинд суугаад явсан. Их нарангийн эцэс дээр буугаад гудамжаар дамжаад Сонгинохайрхан дүүргийн арын туслах зам дээр ирсэн. Тэгээд нэг нарийн гудамж руу ортол гудамж нь мухар байсан болохоор би тэндээ бие засаад үлдсэн. Т нөгөө хүүхэдтэй хамт буцаад гудамж руу гарсан. Би бие засчхаад гудамжаар гараад ирэхэд Т нөгөө хүүхдийн гар утсаар ярьж байгаад булан эргээд гэнэт гүйчихээр нь би араас дагаад гүйсэн. Тэгээд бид хоёр Тий гэр лүү алхаж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1878 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне экс эс маркийн гар утас, 1 ширхэг 900.000 төгрөг” гэсэн тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, насанд хүрээгүй хохирогч Ш.Эын эзэмшлийн “Айфоне экс эс” загварын гар утсыг илээр авсан буюу хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь булаан авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн үйлдлийн улмаас 900.000 төгрөгийн бодит хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учир гар утсыг булааж зугтсанаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Тиймээс шүүгдэгч Б.Тийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл, хэргийн талаар маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон” болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар насанд хүрээгүй хохирогч Ш.Эд 900.000 төгрөгийн шууд хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Айфоне экс эс” загварын гар утсыг биет байдлаар Б.Тээс мөрдөгч хураан авч 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэл (хавтаст хэргийн 30 дахь тал) үйлдэн хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн байна.
Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 24 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугийн асуудалд маргахгүй, хуульд заасан хамгийн хөнгөн ял буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2023 оны 01-р сарын 17-ны өдрийн байдлаар 24 хоногийн үлдэгдэл байсан ба 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг ялыг биеэр эдэлж дууссан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас(хавтаст хэргийн 45 дугаар тал)-аар урьд тэрээр хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, холбогдох шүүхийн шийдвэрийн хуулбар(хавтаст хэргийн 56-62, 64-74 дүгээр хуудас) зэргээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Тд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 01 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн” байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (насанд хүрээгүй хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэн авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хүний өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, биет байдлаар мөрдөгч хохирогчид хүлээлгэн өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдал болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ял оногдуулах нь шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Т нь өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг тасалбар болгон эдлээгүй үлдсэн ялын тооцоог гаргаж ирүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/01315 дугаартай албан бичигт “...биеэр 11 сар 12 хоногийг эдэлж, 24 хоногийн үлдэгдэлтэй...” гэж дурдсан байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэлт мөн хугацаагаар зогссон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.
Тиймээс шүүгдэгч Б.Тд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 24 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 24 хоногийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 02 жил, 24 хоногийн хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Тий 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 09 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Тий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хорин дөрөв хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг хоёр жил, хорин дөрөв хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан хоёр жил, хорин дөрөв хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тий цагдан хоригдсон ес хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Тд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР