Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1149

 

 

 

 

 

 

 

  2022       12           07                                    2022/ШЦТ/1149

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Б.Оргилболд,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б.Э- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр дэх Б... оффисын гадна хохирогч О.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, гар утас барьсан гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: ...Хохирогч намайг цахим хаягаараа блоклосон тул би найзын хаягаас бичиж уучлалт гуйсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн 178.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Т-ий мэдүүлэг / хх-ийн 50-51, 56 /, гэрч М.Ж-ийн мэдүүлэг / хх-ийн 58 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн .. дугаартай дүгнэлт / хх-ийн 69-70 /, хохирлын баримт / хх 48 /, хохирогч О.Т-д 178.000 төгрөгийн хохирол төлсөн хүсэлт / хх-ийн 93 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 83 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 86 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр дэх Б... оффисын гадна хохирогч О.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, гар утсаараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч О.Т-ий / хх-ийн 50-51, 56 / “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... хорооны нутагт байрлах Б... салбарт байхад зээлээ төлөөгүй гэсэн үндэслэлээр нэг эмэгтэй хүн ирсэн. Би Ж...ийг дагалдан ажил эрхэлж байсан болохоор тухайн иргэний машинаас эд зүйлийг авч өгөхөөр хамт явсан. Тэр эмэгтэй ярилцахгүйгээр уурлаж орилоод “Миний машин хаана байна” гээд байсан. Тэр эмэгтэйд гэрээний дагуу та төлбөрөө төлөөгүй учир машиныг хураасан гэж тайлбарлахад огт ойлгохгүй уурлаад бухимдаад орилоод байсан. Тэр эмэгтэй  Ж...той маргалдаж, гар, хөл рүү нь цохиод байсан. Намайг харснаа “ Чи сая бичлэг хийгээд байсан. Утсаа гаргаад ир” гээд над руу дайрсан. Би бичлэг хийгээгүй, утсаа өгөхгүй гэтэл тэр эмэгтэй уурлаад миний толгой руу дөрвөн удаа гар утсаа атгаж байгаад цохьсон. Миний тархи доргиж толгой хагарсан. Нэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч М.Ж-ийн / хх-ийн 58 / “...Дадлагажигч ажилтан О.Т-д машинаас эд зүйл хүлээлгэн өгөх ажлыг харуулах зорилгоор дагуулан явсан. Өдрийн 14, 15 цагийн үед ажил дээр очоод Б.Э-ыг утсаар дуудаж уулзтал хулгайч минь гээд над руу дайрсан. Би таны машиныг авч яваагүй, манай ажилтан авч явсан байх гэж хэлсэн. Тэр эмэгтэй хулгайч гээд хэл амаар дайраад байхаар нь “ Би таныг ийм байдалтай хэрүүл маргаан хийгээд байвал тантай харьцахгүй” гээд машиндаа суугаад хаалга хаах гэтэл хөлөөрөө миний машины хаалгыг өшиглөж, дэлгээд хаалганы хажууд зогсоод цагдаа руу залгаад “ Б... хоёр ажилтан миний хөлийг машиныхаа хаалганд хавчуулсан “ гэж худал дуудлага өгсөн. Би машинаас буугаад “ Ийм худал юм ярьж байгаа бол цагдаа иртэл хүлээе” гэж хэлсэн. Тэрнээс хойш тэр хүүхэн “ Машинаа авмаар байна. Хулгайч, пизда минь “ гээд миний араас түлхэх, цохих, шилбэ хэсэг рүү өшиглөж, цээж рүү цохиод байсан. Би тэр эмэгтэйг болиоч ээ гээд тойроод зугтаагаад байсан. О.Т- бид хоёрыг хараад гар утсаа бариад зогсож байсан. Тэр эмэгтэй О.Т- рүү хараад “ Чи бичлэг хийгээд байна. Гар утсаа аваад ир” гээд гар утас барьсан гараараа О.Т-ий толгой руу хэд хэдэн удаа цохьсон. О.Т- би бичлэг хийгээгүй гээд гар утсаа харуулсан байх, толгойноос нь цус гараад байсан. Надад гэмтэл бэртэл учраагүй, тэр эмэгтэйн урдаас би огт гар хөдлөөгүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай дүгнэлтэд:

1. О.Т-ий биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-ийн 69-70 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Хохирогч О.Т- нь баримтаар 178.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Э- нь төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ