Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1128

 

 

 

 

 

 

 

    2022      11           30                                   2022/ШЦТ/1128

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч С.Ц-, Ж.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Б...,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: С.Ц-,

 

2. Шүүгдэгч: Ж.Б- нар нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ж.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт ...  автобусны буудлын орчим хохирогч Д.А- нь бусдад зодуулсан байдалтай ...-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г- нь хүн алсан гэх эрүүгийн 17... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

С.Ц- нь  2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... автобусны буудлын орчим хохирогч Д.А- нь бусдад зодуулсан байдалтай ....-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г- нь хүн алсан гэх эрүүгийн 17... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц- мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б- мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ц-ын мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 47-48 /, гэрч С.Ц-ын дахин өгсөн мэдүүлэг / 1хх 50 /, гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 53-54 /, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч С.Ц-ын өгсөн мэдүүлэг / 3хх 129-135 /, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Ж.Б-гийн өгсөн мэдүүлэг / 3хх 129-135 /, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 4хх 10-11/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... автобусны буудлын орчим хохирогч Д.А- нь бусдад зодуулсан байдалтай...-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г- нь хүн алсан гэх эрүүгийн 17... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

С.Ц- нь  2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..дугаар хорооны нутаг дэвсгэрт ...ийн автобусны буудлын орчим хохирогч Д.А- нь бусдад зодуулсан байдалтай ...-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г- нь хүн алсан гэх эрүүгийн 17... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

Гэрч С.Ц-ын мөрдөн шалгалтын явцад өгсөн / 1хх 47-48 /: “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гарч яваад Бэлхийн автобусны буудлын ойролцоо Т.Г-, Д.А-, ... гуравтай тааралдсан. Тэр хоёр надаас архи аваад өгчих гээд байхаар нь дэлгүүрээс И... нэртэй 0,33-ын архи аваад манай гэрт очиж ууцгаасан. Тэгээд архиа дуусгаад тэр гурав манай гэрээс гараад явсан ба би 10 минут орчмын дараа гартал манай гэрийн ойролцоо байдаг дугуй засварын үүдэнд Т.Г-, Д.А-ыг цохиод унагаачихсан Д.А-ы толгой нүүр ам нил цус болчихсон байсан. Д.А-, Т.Г- нар нилээн согтуу байсан. Анх тааралдахад лав хоорондоо маргалдаж зодолдоогүй байсан. Д.А-ы биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Манайд ямар ч хэрүүл маргаан зодоон болоогүй ба Д.А-, Т.Г-, Б... бас манай эхнэр бид 5 байсан юм. Т.Г-, Д.А- нар манайхаас гараад явцгаасны дараа /7-8 минутын/ би ардаас нь гарахад Д.А- газар уначихсан нүүр ам нь нил цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь Т.Г- зогсож байсан юм. Тэгээд би чи хүн аллаа гээд утсаараа түргэн дуудах гэсэн чинь миний утсыг шүүрээд зугтаачихсан. Б... хажууд нь хамт байсан. Б... нь Т.Г- Д.А-ыг зодож байхыг яг харсан хүн байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч С.Ц-ын мөрдөн шалгалтын явцад дахин өгсөн / 1хх 50 /: “...Би гэрээсээ 11 цаг болж байхад авгай Д... /Д.../-той өвчтэй хүн эргээд харьж яваад Д.А-, Т.Г-, Б... гуравтай тааралдсан. Энэ гурав нилээн согтуу байсан. Манайд очоод хуушуур идье гэхээр нь 0.33 граммын “И...” архи аваад манайд очоод тавуулаа уусан. Энэ гуравтай тааралдах үед 16 цаг өнгөрч байсан байх. Би энэ гуравтай таарахаасаа өмнө өглөө 10 цагт 0.33 граммын “И...” архи гэртээ ганцаараа уусан. Манай гэрт ууж байхад Т.Г-, Д.А-ыг зодох гээд ална шүү гээд байхаар нь би гэртээ өмөөрөөд байлгаад байсан чинь Д.А- найз нь гэртээ харьж унтлаа гээд байсан. Тэгээд манай гэрээс Т.Г-, Б..., Д.А- гурав хамт гараад хашаанаас гарч явсан. Араас нь гарсан чинь Д.А- газар унасан байсан. Т.Г-, Б... хоёр хажууд нь хамт байсан. Тэгтэл цаанаас Э... гүйж ирээд би наадахыг чинь автобуснаас хараад гүйж ирлээ. Т.Г- наадахыг чинь цохиод унагаачихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаа дүудна гэсэн чинь Т.Г- миний утсыг булааж аваад явсан. Би 17 цаг болж байхад гарсан. Тэр үед л зодоон болсон. Т.Г-, Б... хоёрыг явсны дараа Д.А- газар хэвтчихсэн юм дуугарахгүй байхаар нь миний найз яаж байна гэж өндийлгөсөн чинь Э... бид хоёр цагдаа дуудсан, дараа нь Д.А-ы хоёр хүүхэд нь ирээд түргэн дуудаад аваад явсан. Д.А- явахдаа юу ч дуугараагүй. Өнөөдөр өглөө Т.Г-ын гэрээс Б... гарч ирээд миний утсыг өгсөн. Дугуй засварын хажууд Д.А- газар унасан байсан. Д.А- нь бор куртиктэй, хар саравчтай малгай, цагаан ултай хар гуталтай, цайвар өмдтэй байсан. Т.Г- гадуураа дээл өмссөн, түрийтэй хар өнгийн гуталтай явсан. Ж.Б- /Б.../ хар хөх өнгийн куртик, шар гуталтай явсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгалтын явцад өгсөн / 1хх 53-54 /: ...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед Т.Г-ын ахын гэрт Ц..., Т... бид дөрөв 2 шил 0.5 граммын И... архи, 0.75 граммын И... архи дөрвүүлээ уугаад 16 цагийн үед Т.Г- ахын гэрээс Т.Г- ах бид хоёр гарч явсан. Т..., Ц... хоёр Т.Г- ахын гэрт гaл түлээд үлдсэн. Тэр үед Т.Г- ах хүнээс мөнгө авна гээд гараад явсан. Тэгээд бид 2 ... дээр 16 цаг өнгөрч байхад ирээд С.Ц- ах, эхнэр нь болох Д... эгч, Д.А- нартай тааралдаад 1 шил 0.75 граммын .. архи аваад С.Ц-ын гэрт уусан. Тэгээд Т.Г- ах Д.А- хоёр С.Ц- ахын хашаанд муудалцаад зодолдоод байсан Д... эгч гарч ирээд цагдаа дуудна гэсэн чинь Т.Г- ах утсыг нь булаагаад авсан. Тэгээд хашаанаас Т.Г- ах бид 2 гараад шууд гэрт нь очсон. Би тэр үед Т.Г- ахаас Д... эгчийн утсыг нь аваад тэднийд хоноод өнөөдөр өглөө С.Ц- ахад өгсөн. 17 цагийн үед С.Ц-ын хашаан дотор үүдэн дээр тэр хоёр зодолдсон. Т.Г- намайг харж байхад Д.А-ы нүүрэн хэсэг рүү гараараа шанаадаад унагаачихсан. Дээр нь гарч суучихаад 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Т.Г- ах залуудаа бокс тоглодог байсан гэсэн. Энэ үед С.Ц- ах байсан дараа нь Д... эгч цагдаа дуудна гээд хажууд зогсож байтал Т.Г- ах Д... эгчийн утсыг булааж аваад гарч явсан. Д.А- өөрөө нилээд халамцуу байсан тэгээд С.Ц-ын гэрт сууж байгаад Т.Г-тай хоорондоо маргалдаад байсан тэгтэл Т.Г- ах тэгвэл гаръя гээд Д.А-ыг аваад гарсан араас нь би гарсан Д... эгч битгий гэр оронд хэрүүл хийгээд бай гэсэн. Тэгээд Д... эгч миний араас гарсан юм уу, эсвэл цуг гарсан юм уу тэрийг сайн санахгүй байна. С.Ц- ах бид хоёр түрүүлж гарсан. Д... эгч ардаас гарсан байх. Д.А- хашааны үүдэнд дотор талд нь суугаад үлдсэн. Би гадуураа шар өнгийн хагас түрийтэй гутал, цэнхэр жинсэн өмд, хар хөх өнгийн куртик, дотуураа ногоон эрээн өнгийн цэргийн захтай цамцтай байсан. Миний санаж байгаагаар Т.Г- ах хар өнгийн куртик, хар өмд, хар өнгийн түрүүтэй гуталтай. Д.А- шар өнгийн куртик, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. С.Ц- ах цайвар өнгийн куртик, түрийтэй шар өнгийн гуталтай, Д... эгч хар өнгийн ноосон цамц хар өнгийн ретүүз өмдтэй байсан...” гэх мэдүүлгээр,

 

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч С.Ц-ын өгсөн / 3хх 129-135 /: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг худлаа. Би ийм мэдүүлэг өгөөгүй. Байцаагч байцаалт авахдаа надаар үг хэлүүлээгүй. Оронгуут шууд “Чи хүн алсан биз дээ” гээд намайг зодсон...” гэх мэдүүлгээр,

 

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Ж.Б-гийн өгсөн / 3хх 129-135 /: “...Тэр үед айгаад худал мэдүүлэг өгсөн. Намайг зодож, дарамталж мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарыг гэрчээр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарыг тус бүр 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нар нь шүүхийн дуудсан цагт ирэхгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчсөн учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай тасралтгүй явуулах зорилгоор тэдгээрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон болно.

 

Иймд шүүгдэгч С.Ц-ын цагдан хоригдсон 306 хоногийн,  Ж.Б-гийн цагдан хоригдсон 96 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт дүйцүүлэн тэдгээрийг ял эдэлсэнд тооцов.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Ц-, Ж.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Б...аас “Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг үйлдэл тус шүүхийн танхимд буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тул хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяаллаар шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

Тус шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар ...Т.Г-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заатад зааснаар ..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Б..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... С.Ц- нарт холбогдох эрүүгийн 17... дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж, хэргийг шийдвэрлэсэн болно. Тус шийдвэрт оролцогч нар гомдол гаргасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай магадлалаар С.Ц-, Ж.Б- нарт холбогдох хэсгийг эрүүгийн 17... дугаартай хэргээс тусгаарлаж, дахин хэлэлцүүлэхээр буцааж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Иймд эрүүгийн 17... дугаартай хэрэгт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хохирогч Д.А- нь бусдад зодуулсан байдалтай ...-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан гэх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарт холбогдох хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх боломжгүй учир шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарыг гэрчээр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нар нь төлөх төлбөргүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ын цагдан хоригдсон 306 хоногийн, Ж.Б-гийн цагдан хоригдсон 96 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт дүйцүүлэн тэдгээрийг ял эдэлсэнд тооцсугай.

 

5. С.Ц-, Ж.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ