Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2019/00170

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр            Дугаар 156/ШШ2019/00170             Хэнтий аймаг

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

156/2019/00116

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............... оршин суух,  П.Д /РД:..................../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..............тоот хаягт оршин суух, Ц. Г /РД:................./-д холбогдох

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч П.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гтой 2012 онд танилцаж, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүүтэй болсон. Гэрлэлтийн баталгаагүй. Бид хамт амьдарч байгаад 2016 оноос салаад 3 жил болж байна. Бид зан харилцааны таарахгүйн улмаас салсан. Иймд хүү Г.Чийн эцгээр Ц.Гийг тогтоож, эцгээс нь хүүд маань хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Улирал бүр тэтгэлэг авахгүйгээр хуульд зааснаар тогтоолгомоор байна гэв.

 

                Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Би П.Дтай хамтран амьдрах хугацаандаа 2013 онд Г.Ч гэдэг хүүтэй болсон. Хүүдээ тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна, тэтгэмжийг улирлаар буюу жилд 4 төлөх саналтай байна гэжээ.

 

                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Ц.Гт холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ц.Г, П.Д нар нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Чийг төрүүлсэн байх ба хариуцагч нь Г.Чийн төрсөн эцэг гэх асуудал дээр маргаагүй, мөн хүүхдийн тэтгэлгийг төлнө гэдгээ илэрхийлсэн.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

                Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул хүү Г.Чийг эцэг Ц.Гоор тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

            Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаагаар, хариуцагч нь улирал бүр тэтгэлэг төлөх, хүлээн авах талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлсэн учир шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 41 дүгээр зүйлийн 41.2.1-т заасныг үндэслэн хүүхдийн эрх ашгийг харгалзан хүү Г.Чийг сар бүр эцэг Ц.Гоор нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь  нээлттэй, мөн хүү Г.Ч нь эх П.Дгийн асрамжид байгаа бөгөөд энэ талаар маргаан гараагүй болохыг тус тус дурдвал зохино.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д  зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг орон нутгийн төсөвт  тус тус олгов.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Чийн эцгээр Ц.Гийг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Чийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Гоор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.Дд даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус олгосугай.

 

                5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

                6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ