Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 185/2022/1073/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1127 |
Огноо | 2022-11-29 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1127
2022 11 29 2022/ШЦТ/1127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч А.Б-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: А.Б- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй хуулийн этгээд буюу “Ю...” гэх нэрээр хүргэлтийн үйлчилгээ явуулна гэж цахим орчинд буюу хүргэлтийн үйлчилгээ гэсэн фэйсбүүк групп дээр зар байршуулан, зарын дагуу холбогдсон А... нэртэй байгууллагын барааг хүргэж өгч хөлс авахаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М.М-тай амаар харилцан тохиролцож, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... орцны подволд байрлах агуулахаас нь хүлээн авсан 1.120.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг наалт 5 метрийн 23 ширхэг, 10 метрийн 321 ширхэг бараанаас тус бүр 2 ширхэг буюу нийт 80.000 төгрөгийн бараа, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... д байрлах оффис дээрээ хүлээн авсан угаалгын машины тавиур 100 ширхэг, ариун цэврийн өрөөний тавиур 100 ширхэг буюу нийт 7.500.000 төгрөгийн бараанаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 4.555.000 төгрөгийн бараа буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, хохирогч М.М-д нийт 4.635.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ: ...Миний бие өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.М-гийн мэдүүлэг / хх 57-59 /, хохирогч М.М- болон А.Б- нарын хооронд тооцоо нийлсэн тэмдэглэл / хх 61 /, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зарлагын баримт / хх 62 /, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тооцооны хуудас / хх 63 /, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай албан бичиг / хх 93 /, “Д...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 109-110 /, яллагдагч А.Б-ын мэдүүлэг / хх 11 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 92 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 115 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б- нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй “Ю...” гэх нэрээр хүргэлтийн үйлчилгээ явуулна гэж цахим орчинд буюу хүргэлтийн үйлчилгээ гэсэн фэйсбүүк групп дээр зар байршуулан, зарын дагуу холбогдсон “А...” нэртэй байгууллагын барааг хүргэж өгч хөлс авахаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М.М-тай амаар харилцан тохиролцож, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар орцны подволд байрлах агуулахаас нь хүлээн авсан 1.120.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг наалт 5 метрийн 23 ширхэг, 10 метрийн 321 ширхэг бараанаас тус бүр 2 ширхэг буюу нийт 80.000 төгрөгийн бараа, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... ард байрлах оффис дээрээ хүлээн авсан угаалгын машины тавиур 100 ширхэг, ариун цэврийн өрөөний тавиур 100 ширхэг буюу нийт 7.500.000 төгрөгийн бараанаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 4.555.000 төгрөгийн бараа буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, хохирогч М.М-д нийт 4.635.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч М.М-гийн / хх 57-59 / “...Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр онлайнаар бараагаа зарах гээд хүргэлтийн үйлчилгээ гэсэн фэйсбүүк группээс хүргэлтийн компани хайгаад байж байтал “Ю...” хүргэлтийн үйлчилгээний төв гэсэн нэртэй хүргэлтийн үйлчилгээний газар байхаар нь 9... дугаараар холбогдоход 25-30 орчим насны эрэгтэй хүн гар утсаа аваад хүргэлтийн үйлчилгээ хийж байгаа гэхээр нь гэр ахуйн бараагаа хүргүүлэхээр захирал гэх А.Б- гэх хүнтэй амаар ярилцаж тохиролцсон. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар орцны повдолд байрлах манай агуулахаас “Ю...” хүргэлтийн үйлчилгээний жолооч ирж 1.120.000 төгрөгийн үнэ бүхий 54 ширхэг мөнгөлөг наалт / 5 метрийн 23 ширхэг, 10 метрийн 321 ширхэг / барааг баримт үйлдэж авч явсан. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5... дугаарын данс руу 5... дугаарын данснаас 856.000 төгрөг шилжүүлсэн.
Дээрх бараанаас үлдэгдэл 80.000 төгрөгийн 4 ширхэг наалтын мөнгө дутуу өгсөн байгаа. Харин хүргэлтийн үйлчилгээний төлбөрт зөрүү 184.000 төгрөгийг өгсөн гэж тооцож байгаа. Дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Ю...” хүргэлтийн үйлчилгээ хийж байсан А.Б- гэх залууд угаалгын машины арын тавиур 100 ширхэг, ариун цэврийн өрөөний арын тавиур 100 ширхэг буюу нийт 7.500.000 төгрөгийн бараа Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дэлгүүрийн хойно байрлах оффис дээр очиж А.Б-д хүлээлгэн өгсөн. Тэгээд барааг зөөж дуусгасны дараа төлбөрөө авах гэсэн боловч ажил ихтэй завгүй мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А.Б-ын хамт үйл ажиллагаа явуулдаг Од гэгч өөрийн 5... дугаарын дансаар барааны мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг надад өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний барааны үлдэгдэл гэж 945.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг тавиурыг надад буцаан өгсөн...” гэх мэдүүлгээр,
Хохирогч М.М- болон А.Б- нарын хооронд тооцоо нийлсэн тэмдэглэл / хх 61 /
2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “А...”-оос “Ю...”-д УМТ 100 ширхэг, 00 арын тавиур 100 ширхгийг хүлээлгэн өгсөн талаарх зарлагын баримт / хх 62 /
2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Ю...”-ээс “А...”-н М.М-д УМТ 14 ширхэг, 00-ын арын тавиур 11 ширхгийг хүлээлгэн өгсөн талаарх тооцооны хуудас / хх 63 /
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай “Ю...” нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна гэх албан бичиг / хх 93 /
“Д...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 109-110 /
Яллагдагч А.Б-ын / хх 11 / “...Би 2020-2021 онд М.М- гэх хүнээс нойлын тавиур болон угаалгын машины тавиур зэргийг хүлээн авч М.М-д захиалга өгсөн хүмүүст хүргэж өгөх ажлыг хийдэг байсан. Би М.М-гаас 2020 онд 200 ширхэг нойлын тавиур болон угаалгын машины тавиур зэргийг хүлээн авч ... дүгээр дэлгүүрийн орчимд агуулахад хадгалж хүргэлтээр хүргэж өгдөг байсан. Бараа захиалсан хүмүүст барааг хүргэж өгөөд мөнгийг нь бэлнээр аваад М.М-д өгдөг. Үлдэгдэл 4.550.000 төгрөгний бараа бүтээгдхүүний мөнгийг би захиалсан хүмүүсээс авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч А.Б-ын үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч А.Б-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, “Б...” ХХК-д дизайнер ажилтай гэх боловч энэ талаар нотолсон баримт байхгүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Шүүгдэгч А.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Б-ын гэм буруут үйлдлийн улмаас баримтаар хохирогч М.М-д 4.635.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч А.Б- нь төлөх төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч А.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь А.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ