| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00103/И |
| Дугаар | 156/ШШ2019/00215 |
| Огноо | 2019-05-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 156/ШШ2019/00215
| 2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2019/00215 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00103/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... оршин суух, Д. П. /РД:............./-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...................тоот хаягт оршин суух, .Г.П /РД:................/-т холбогдох
хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.П, өмгөөлөгч Б.Жавхлан,
хариуцагч Г.П,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Птай танилцаж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин П.Э төрсөн. 2014 онд бид таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах болсон. Охин Э багаасаа надтай өссөн, 2 настайгаасаа цусны өвчтэй болсон бөгөөд би бүх эмчилгээг нь хийлгэж, дэглэмийг барьж байсан.
2017 оны 09 дүгээр сард охиноо Пт түр өгч эмнэлгийн хяналтанд байлгасан. Энэ хүртэл П охинтойгоо уулзаж байгаагүй. Охиноо авсан цагаас надтай уулзуулахгүй, утсаар яриулахгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Охин маань намайг их санасан байгаа. Би одоо нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, нөхөр ажил эрхэлдэг, мөн өөрийн гэсэн малтай, цаашид охиноо өсгөөд, эмчилгээг нь хийлгээд явах бүрэн боломжтой. П зан аашийн хувьд энгийн, гэхдээ охин маань уулзахаар надтай үлдэх гээд уйлаад байдаг байсан. Иймд охин П.Эг миний асрамжид өгч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд П намайг ажилтай хойгуур юмаа аваад явсан байсан. Би эргэж нийлэх гэж их явсан боловч болоогүй. Тусдаа байсан хугацаанд би охинтойгоо уулздаг, Хэнтий аймгаас ирж авдаг, буцааж хүргэж өгдөг байсан, огт уулзаж байгаагүй гэж худлаа хэлж байна. 2017 онд П өөрөө надад охиноо өөр дээрээ авах уу гэж хэлсэн учир би хэлсний маргааш нь Хэнтий аймагт ирж охиноо авч явсан. Эхэндээ эхээсээ хол уйлах, санах асуудал байсан байж болно, одоо бол байгаа орчиндоо дассан.
Уулзуулахгүй байсан гэдэг дээр П болон ээж нь авч явсны дараа хамраас нь цус гарч, дэглэм нь алдагдаад байсан тул охиноо уулзуулахгүй байсан. Энэ нь буруу гэдгийг ойлголоо, цаашид уулзуулж байна. Би охиндоо шаардлагатай эмчилгээг хийлгэж, байнга эмнэлгийн хяналтанд байлгадаг.
Одоо би эхнэр, хүүхэд болон охин Эгийн хамт амьдарч байгаа, эхнэр, бид хоёр ажил эрхэлдэг, өөрийн хашаа, байшинтай. Цаашид охиноо өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Г.Пт холбогдуулж хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.П, Д.П нар нь 2012 оноос 2014 он хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, зохигчийн дундаас 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин П.Э төрсөн, П.Э нь одоо эцгийн хамт 2017 оноос хойш амьдарч байгаа, мөн байнгын эмнэлгийн хяналтад байдаг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмчлүүлэгсдийн карт зэргээр тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, нөхөр Г.Т нь тогтсон ажилтай, өөрийн нэр дээр тодорхой тооны малтай,
хариуцагч нь охин П.Эг цэцэрлэгт хамруулсан, эмнэлгийн хяналтанд тогтмол байлгадаг, өөрөө тогтсон ажилтай талаарх баримтууд хэрэгт авагдсан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Г.П, Д.П нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Хуулийн уг зохицуулалтад заасан эцэг, эхийн асрамжид хүүхдийг үлдээх урьдчилсан нөхцөл буюу халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдлын хувьд хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал олгох боломжгүй, талууд охин П.Эг цаашид асран хамгаалж, эрхийг нь хамгаалах дээр адил тэгш боломжтой байна.
Нөхцөл байдлын хувьд охин П.Э нь 2013 оноос 2014 онд эцэг, эхийн хамт, 2014 оноос 2017 оны 09 дүгээр сар хүртлэх хугацаанд эхийн хамт, 2017 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд эцгийн хамт амьдарч, асран хамгаалалтад нь байжээ. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сард түр хугацаагаар эцэгт нь өгсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө хүүхдээ бүр ав гэж хэлсэн гэж харилцан адилгүй байдлаар 2017 оны 09 дүгэр сард хүүхдийн асрамж өөрчлөгдсөн асуудлыг тайлбарлан маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасны дагуу 2017 оны 09 дүгээр сард ямар учир шалтгааны улмаас охин П.Эгийн асрамж өөрчлөгдсөн талаарх өөрсдийн байр суурийг нэхэмжлэгч, хариуцагч нар нь нотолж чадаагүй.
Гэхдээ 2017 оны 09 дүгээр сард охин П.Э нь эхийн асрамжаас эцгийн асрамжид шилжсэн үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон, одоо үргэлжилж буй эцгийн асрамжийг өөрчлөх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн П.Э нь эцгийн асрамжид байх хугацаанд түүний амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд аюул, хор уршиг, сөрөг үр дагавар учруулах нөхцөл байдалд орсон, эрсдэл учирсан, учруулж болзошгүй гэх баримт байхгүй.
Иймд охин П.Э нь 2017 оноос хойш эцгийн хамт амьдарч байгаа, уг бага насны хүүхдийг одоо ээнэгшин дасан зохицсон гэр бүл, хүмүүжих орчноос нь салгавал хүүхдэд сөргөөр нөлөөлөх тул одоо байгаа асрамжийг үргэлжлүүлэн эцгийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй. Мөн хүүхдийн асрамжийг эцэгт нь хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар дахин маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 747 дугаар захирамжаар хэргийн харьяалалтай холбоотой асуудлыг шийдвэрлснийг мөн дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Пын гаргасан охин П.Эг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ