Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1125

 

 

 

 

 

 

 

    2022        11         29                                      2022/ШЦТ/1125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Ц.Буянхишиг,

хохирогч Б.Т-,

шүүгдэгч Г.Ж-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн 2209000000828 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Г.Ж- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Револьюшн пабад үйлчлүүлж байхдаа Б.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хамрын ясны хугарал, тавлавчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж- мэдүүлэхдээ: ... Би хохирогчтой 2 жилийн өмнөөс хамтарч ажиллаж эхэлсэн. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бизнесийн талаар ярьж, үзэл бодлын зөрчлийн улмаас маргалдаж түүний биед гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хагалгааны зардлыг төлж барагдуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т- мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр  Г.Ж- бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан. Би Г.Ж-тай маргалдмааргүй байсан тул ширээнээс босоод, гадуур хувцсаа өмсөж байтал Г.Ж- надад “харилцагчийн бэлгийг аваад яв” гэж хэлсэн. Би  “авахгүй” гэж хэлээд түүн рүү бэлгийг нь шидсэн. Гэтэл Г.Ж- миний нүүр хэсэг рүү цохьсон. Би түүнээс өөрийгөө хамгаалж буцаагаад нэг цохьсон бөгөөд зодооныг Бат-Оргил салгасан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Цохиулсны улмаас хамрын таславч мурийсан, хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хагалгааны зардал 4.000.000 төгрөг болох тул нэхэмжилж байна. Үүнээс гадна шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, компьютерт томограф шинжилгээний төлбөр 130.000 төгрөг, үзлэг оношилгооны төлбөр 40.000 төгрөг, нийт 178.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Т-ийн мэдүүлэг / хх 30-31 /, гэрч Б.Б-н мэдүүлэг / хх 34 /, гэрч Б.Э-рын мэдүүлэг / хх 40-41 /, гэрч Г.Б-ийн мэдүүлэг / хх 45-46 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5150 дугаартай дүгнэлт / хх 52-53 /, хохирлын баримт / хх 10 /, дүрс оношилгооны шинжилгээний хариу / хх 12 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 63 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 65 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ж- нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Револьюшн пабад үйлчлүүлж байхдаа Б.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хамрын ясны хугарал, тавлавчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

Хохирогч Б.Т-ийн / хх 30-31 / “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Саммит компьютер технологи ХХК-с оройн хоол идэхээр урилга өгсөн ба Револьюшн паб ресторанд урьсан. Манай компаниас би ганцаараа очсон. Ингээд 23 цагийн үед Бат-Оргил, Г.Ж- бид 3 ярилцаад сууж байхад Г.Ж- бид 2 ажил хэргийн асуудлаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн ба би тухайн үед согтуу байсан болохоор энд маргалдаад хэрэггүй гэж дүгнэн гадуурх хувцсаа өмсөөд гарах гэхэд Г.Ж- харилцагчийн бэлгээ аваад яв гэж хэлсэн. Би авахгүй гэж хэлээд буцаагаад өгсөн. Би эргэж хараад явах гэхэд Г.Ж- миний араас ирж миний толгой, нүүр хэсэг рүү 2-3 удаа хүчтэй цохьсон. Удалгүй Бат-Оргил бидний дундуур орж салгасан. Тэндээсээ би шууд гадагш гарсан ба жолооч дуудаж Гадаад харилцааны яамны гадна зогсоолд байсан машинаа жолоочоор бариулж гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Б-ын / хх 34 / “...Дотор орж ирээд Б.Т-, Г.Ж- 2 үргэлжлүүлэн маргалдаж эхэлсэн ба удалгүй Б.Т- Г.Ж-ын хувь хүнийг нь доромжилж эхэлсэн. Тэгээд Б.Т- явлаа гэж хэлээд босохдоо бид нарын өгсөн бэлэгний хайрцагтай цайг аваад Г.Ж- бид хоёрыг хажууд зогсож бас дахин хэл амаар доромжилж байгаад хайрцагтай цайгаар Г.Ж-ын араас толгой руу нь нэг удаа цохиод цааш яваад өгсөн. Г.Ж- цохиулсан болохоор Б.Т-ийн араас босч очоод зууралдаж авсан. Зууралдах үед нь би араас нь очоод салгах гэхэд салахгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Э-ын / хх 40-41 / “...Замд явж байхад тэр эрэгтэйн гар утас руу нэг хүн маш их залгаад байсан. Тэгээд гар утсаа авахад утасны цаанаас нэг эрэгтэй хүн “Тантай одоо уулзмаар байна” гэхэд тэр эрэгтэй “Ахын дүү маргааш больё. Чамайг ч бас ингэнэ гэж бодоогүй шүү” гэж хэлээд гар утсаа тасалсан. ...Машинд суугаад явж байхад нэг хүнтэй утсаар яриад хоёулаа маргааш больё гээд ярихаар нь би тэр залууг харахад нүүр нь бага зэргийн улайж зулгарсан байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Б-ийн / хх 45-46 / “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнө гэртээ байж байхад манай нөхөр Б.Т-ийн хамарнаас нь цус гараад хатчихсан, хамар нь хавдаж улайсан, нүүрний баруун тал нь халцарч улайсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад Б.Т- “ Хамт явсан хүмүүс маань зодчихлоо” гэж хэлээд өрөө рүүгээ орсон. Б.Т-ийн гар утас дугараад байхаар нь харахад Саммит Г.Ж- гэж хадгалсан хүнээс дуудлага ирээд байсан. Тэгээд утсыг нь аваад “Б.Т-тэй уулзсан хүмүүсийн нэг мөн үү. Б.Т- зодуулсан байна. Хэн ийм болгов” гэхэд “Эрэгтэй хүн тийм ээ. Би зодсон юм. Та нар яах юм. Би Сүхбаатар дүүрэг дээр ирчихсэн байна. Ирээд уулз” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5150 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Т-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 52-53 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ж-ад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ж-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Ж-ад ял шийтгэл оногдуулахад хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ж- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримтаар нотлогдсон хохирлыг нөхөн төлсөн, хамрын хагалгааны зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Б.Т- болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Хохирогч Б.Т- нь баримтаар шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, компьютерт томограф шинжилгээний төлбөр 130.000 төгрөг, үзлэг оношилгооны төлбөр 40.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Г.Ж- нь төлөх төлбөргүй гэж үзнэ. Харин хохирогч нь хамрын хагалгаа хийлгэх төлбөр 4.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч уг хагалгааг хийлгээгүй байх тул баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Г.Ж- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ж-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Г.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Б.Т- нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ж- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Ж-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ж-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ