| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0780/Э |
| Дугаар | 1122 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1122
2019 11 5 2019/ДШМ/1122 № № 546 МАЛАЛ
Н.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Амгаланбаатар,
шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.А-т холбогдох эрүүгийн 1909017210684 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Н-ийн А, Булган аймагт 1980 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0000 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/
Н.А- нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Х-тэй маргалдаж толгойд нь шилээр цохиж, хацар луу нь алгадаж, цээжинд нь цохиж, өвдөг, шилбэ, гуя руу нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.А-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А- нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ээс 202,200 төгрөг гаргуулж хохирогч М.Х-д олгож, хохирогч нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.А- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шалтгаант холбоо байхгүй, хэргийн бодит байдал нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Би М.Х-гийн толгой руу нэг удаа шүргэх цохилт хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний гуя, шилбэ, өвдөгт үүссэн гэмтлүүдийг учруулаагүй болно. М.Х- нь анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлээгүй бөгөөд өмгөөлөгчийн асуултад “... 1 удаа өшиглөсөн ...” гэж хариулсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд 2-3 удаа өшиглөсөн, ширээн дээр үсэрч гарсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг зөрүүтэй байгаагаас үзвэл тэрээр худал мэдүүлэг өгсөн гэдгийг нотолж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд М.Х-гийн худал мэдүүлэг гаргасан үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан боловч хүлээж аваагүй, зөвхөн М.Х-гийн гомдлоор хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх эмнэлгийн шинжээч эмч шүүх хуралдаанд оролцохдоо хохирогчийн толгой хэсэгт учирсан гэмтэл нь дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, М.Х-гийн биед учирсан бүх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг болно гэдгийг нотолсон. Хэрэг болох үед байсан гэрч Л.Өнөрцэцэг нь хохирогч М.Х-гийн хөл, гуя, шилбийг өшиглөсөн гэж мэдүүлэг өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү ...” гэв.
Хохирогч М.Х- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Алтанчимэг миний толгой руу пивоны шилээр 1 удаа, биеийн бусад хэсэгт 2, 3 удаа цохиж намайг хохироосон. Энэ хэрэгт мөрдөн байцаалт, гэрч, шүүх эмнэлгийн дүгнэлтээр Алтанчимэгийг гэм буруутайд тооцсон. Би огт худал мэдүүлэг өгөөгүй. Гэрчийн мэдүүлэг хүртэл үг, үсгийн зөрүүгүй үнэн байсан. Болсон бүх асуудлын талаар Алтанчимэгийн гаргасан үйлдлийг мэдүүлсэн. Харин энэ хугацаанд Алтанчимэг өөрөө худал мэдүүлэг өгч байсан. Өөрийнх нь мэдүүлэг их зөрүүтэй, прокурорт 3-4 удаа хүсэлт гаргаж, хэргийг удаашруулсан. Прокурор шалгаад гэмт хэргийн шинжтэй гэж шүүхээр шийдвэрлүүлсэн. Би Алтанчимэгт маш их гомдолтой байна. Алтанчимэг нь гаргасан зан, үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, шүүх хуралдаан болсноос хойш хорооны цагдаад гомдол гаргаж, хорооны цагдаа нь гомдлын дагуу надаас байцаалт аваад явж байгаа. Миний бие сэтгэл санаа, эд материалын хохирол амсч, дарамт сүрдүүлгэнд автсан. Миний толгой өвддөг болсон дахин шинжилгээ хийлгэж гарах зардлаа Алтанчимэгээр төлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.
Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч Т.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.А-ийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан олон тооны гэмтлүүд болох толгойд үүссэн хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл, цээжинд 2-3 удаа цохисон, баруун хацар руу нь 2 удаа алгадсан, зүүн хацар руу нь 1 удаа алгадсан, хөлний өвдөг, шилбэ, гуя руу өшиглөсөн гэх гэмтлүүдийг Н.А-ийг учруулсан гэж анхан шатны шүүх үзэж гэм буруутайд тооцсон. Ингэхдээ хавтас хэрэгт авагдсан гэрч Өнөрцэцэг, Олзбаатар, Чулуунхүү, Болд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэсэн. Гэрч нараас тухайн үйл явдлыг болоход байсан ганц хүн бол Өнөрцэцэг юм. Өнөрцэцэгийн мэдүүлгээр хохирогчийн хөлний өвдөг, шилбэнд өшиглөсөн гэдгийг огт нотлоогүй. Хохирогч өөрөө л мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч мэдүүлэхдээ “... олон удаагийн үйлдлээр намайг өшиглөсөн ...” гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчоос “... таныг хэдэн удаа өшиглөсөн бэ ...” гэхэд “... нэгээс хоёр удаа өшиглөсөн ...” гэж мэдүүлсэн. Хөл, шилбэнд тус тусдаа гэмтэл учирсан бөгөөд энэ нь хэзээ ч нэг хоёр удаагийн үйлдлээр учрахгүй. Хохирогч өөрөө ташаа мэдүүлэг өгдөг. Н.А- 2019 оны 5 дугаар сард хохирогч худал мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргасан бөгөөд энэ нь хавтас хэргийн 7 дугаар талд авагдсан. Үүнд ямар хариу өгсөн нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжээч эмчийн өгсөн мэдүүлгээр шинэ үүссэн гэмтэл гэдэг нь тогтоогдсон бөгөөд тухайн гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Тус тусдаа гэмтэлд хамаарахгүй гэдгийг мөн дурдсан. Шүүгдэгч шилээр цохисон үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүний улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох нь зүйтэй.” гэв.
Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн нотолбол зохих ажиллагааг тал бүрээс нь тодруулсан. Хэрэг болсон үйл явдлын дараагаар хохирогч шинжээч эмчид үзүүлэхэд хохирогчид учирсан гэмтэл нэг цаг хугацаанд үүссэн нь тогтоогдсон. Мөн тухайн баарны захирал болох Чулуунхүүгээс гэрчийн мэдүүлэг авахад “караокены вип өрөөнд хүмүүс зодолдож байсан, хохирогчийн толгойноос цус гарсан байсан, сальфетка авч өгсөн” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч өөрийн мэдүүлэгтээ “миний үйлдлээс болж хохирогчид гэмтэл учраагүй” гэх бөгөөд өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Бодит байдал дээр пивоны шилээр хохирогчийн толгой руу шүүгдэгч пивоны шилээр цохиж хагалсан. Өнөрцэцэг “өшиглөснийг хараагүй, бусад үйлдлийг харсан” гэдгийг мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Н.А- нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Х-тэй маргалдан толгойнд нь шилээр цохиж, хацар луу нь алгадаж, цээжинд нь цохиж, өвдөг, шилбэ, гуя руу нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.Х-гийн “... “Сонор” бааранд ороод бид гурав тус бүр 1 шил пиво уусан ... нөгөө зүс таних эмэгтэй манай найз Сувдааг муулаад байхаар нь “... чи миний найзыг муулдаг хэн бэ, чи одоо яв ...” гэсэн чинь “... ярьж суумаар байна ...” гээд байсан. Тэгээд намайг “... чи хүн хөөлөө, чи хэн бэ ...” гээд ширээн дээр үсэрч гараад “... чи миний нөхөртэй уулздаг биз дээ, гай болсон ... минь ...” гээд ширээн дээр байсан пивоны шилээр толгой руу цохьсон. Манай найз Өнөрцэцэг холдуулах гэтэл намайг алгадаад цохиод байсан, миний дээрээс пиво асгасан... Миний толгой руу шилээр 1 удаа цохиж, баруун хацарт 2 удаа, зүүн хацарт 1 удаа алгадаж, цээж рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж, өвдөг, шилбэ, гуя руу нилээн хэдэн удаа өшиглөсөн. ...” гэх /хх 7, 8/,
гэрч Л.Өнөрцэцэгийн “... өрөөнд ороод удаагүй байтал М.Х-, Н.А- хоёр ярьж сууж байгаад нэгнийгээ “лам хард үзүүлсэн, найз гэдэг чинь ийм байдаггүй юм” гэх зэргээр ярианы өнгө нь хэрэлдэх шинжтэй болоод ирсэн. Би “... та хоёр муудалцах шаардлага алга, хэрэв муудалцах гээд байгаа бол би явлаа, надад хамаагүй асуудал яриад байна ...” гэхэд Н.А- босч ирээд шууд М.Х- рүү дайрч “... чи муу яах гээд байгаа юм, чи яагаад хүн доромжлоод байгаа юм...” гээд ширээн дээр байсан пивотой шилийг аваад толгойн тус газар нь цохисон. Тэгтэл М.Х- толгойгоо дараад доош суусан. Би Н.А-т “... чи чинь хүн аллаа шүү дээ, болиоч, одоо явья ...” гэж хэлээд тайвшируулаад суулгасан. Тэр хоёр хэсэг ярилцаад уусан боловч дахиад хэрэлдсэн ... би гуйж байгаад Н.А-ийг явуулсан ... Н.А-, М.Х-гийн толгой руу шилээр цохисон. Дараа нь гараараа хэд хэдэн удаа толгой руу нь цохисон ... ” гэх /хх 12-13/,
шүүх хуралдаанд гэрч Л.Өнөрцэцэгийн өгсөн “... харснаа хэлье. Шилээр толгой руу нь цохисон, алгадсан, хэд хэд цохисон ...” гэх /хх 114/,
гэрч Х.Чулуунхүүгийн “... 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 15-аас 16 цагийн үед гаднаас үл таних гурван эмэгтэй орж ирээд пиво захиалаад зааланд суусан. Удалгүй караокены өрөөнд орсон. Тэгтэл хэрүүл шуугиан гарч хоорондоо хэрэлдэж юм хагарах чимээ гарахаар нь би яваад ортол шал болон таазанд пиво цацагдсан, жижиг биетэй эмэгтэй нь өндөр нуруутай биеэрхүү, шар царайтай эмэгтэй рүүгээ зааж “... энэ намайг зодсон, пивоны шилээр толгой руу цохиод толгой хагалсан ...” гэж хэлсэн. Намайг орох үед гурван эмэгтэйн толгойгоо хагалуулсан болон хагалсан гэх шар царайтай, биеэрхүү биетэй хоёр эмэгтэй хоорондоо хэрэлдэж, маргалдаад байсан учраас гаргасан ...” гэх /хх 16-17/,
яллагдагч Н.А-ийн “... VIP өрөөнд орсныхоо дараа М.Х- над руу дайрч “чи Сүхбаатар дүүргийн байцаагч Мөнхсонор дээр залилангийн хэргээр шалгагдаж байгаа биздээ, залжин хүүхэн минь, залилан хийдэг ... хүүхэн” гэх зэргээр харааж дайраад байхаар нь ширээн дээр байсан пивотой шилийг аваад М.Х-гийн толгой руу нь цохисон. Миний цохилт М.Х-гийн толгойн зүүн зулай хэсэгт нь шүргээд өнгөрсөн ба тэр гараараа хаагаад газар унагаасан ...” гэх мэдүүлгүүд /хх 34-35/,
хохирогч М.Х-гийн биед гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4367 тоот шинжээчийн дүгнэлт /хх 20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А- нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Х-гийн толгойд пивоны шилээр цохин, хацар руу нь алгадаж, цээж, гуя, өвдөг, шилбэнд нь цохих, өшиглөх зэргээр зодож хөнгөн зэргийн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Н.Туяагийн шүүх хуралдаанд өгсөн “... хохирогчид учирсан гэмтэл бүгд шинэ гэмтэл байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 115/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарчээ.
Шүүхээс Н.А-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А- болон түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хамтран гаргасан “гэм буруугүйд тооцуулах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН