| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 114/2024/0029/З |
| Дугаар | 221/МА2025/0102 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0102
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Цэцэрлэгийн барилга, 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Дархан-уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 495 дугаар мэдэгдэл, аймгийн Засаг дарга, “С” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Цэцэрлэгийн барилга 100 ор ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б
Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 114/2024/0029/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 345 тоот, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 426 дугаар гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлүүдийг хүчинтэйд тооцох, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/8602 дугаар гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Цэцэрлэгийн барилга 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо, аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Цэцэрлэгийн барилга 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 493, 495 тоот мэдэгдэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга, “С” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №УТ24******** дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “...Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Ж-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01А/217 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Үнэлгээний хороо энэхүү тендертэй холбоотойгоор хоёр удаа нэхэмжлэгч байгууллагыг техникийн шаардлага болон тендерт оролцож байгаа байдлаараа бусад компаниудаас сонгогдох боломжтой байна гэж үнэлгээ хийгээд хоёр удаа гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулах оролцогч байгууллагуудаас гомдол гаргасны үндсэн дээр Сангийн яамнаас тодорхой шийдвэр гараад гурав дахь удаагаа “С” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр гаргасан байдаг. Үнэлгээний хороо 3 удаагийн шийдвэр гаргаж, эхний хоёр удаа “Д” ХХК энэ шаардлагыг илүү хангасан гэж үзсэн атлаа гурав дахь шалгаруулалтад “С” ХХК-ийн илүү шаардлага хангаж байна гэж үзсэн, “Д” ХХК-ийг ямар үндэслэлээр шаардлага хангахгүй байна гэж үзсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч нар Сангийн яамнаас үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгоод байгаа учраас л гурав дахь удаагаа “С” ХХК-ийг шалгаруулсан гэдэг тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл гурав дахь шийдвэр хэрвээ эсрэгээр гарч байгаа тохиолдолд өмнөх хоёр шийдвэр нь яг юугаараа алдаа дутагдалтай байгаа, гурав дахь шийдвэр гаргаж байгаа үндэслэл яг ямар үндэслэл вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Зөвхөн Сангийн яам удаа дараа энэ асуудлыг тавиад байгаа учраас “Д” ХХК-ийг шалгаруулах боломжгүй байна гэж Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар буюу олонх нь дэмжсэн гэдэг үндэслэлээр татгалзлынхаа үндэслэлийг тайлбарласан.
2.2. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 493, 495 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд шүүх хуралдааны өмнө 493 дугаар мэдэгдэл давхар явж байгаа гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 495 дугаар мэдэгдэл нь нэхэмжлэгч байгууллагад ирсэн мэдэгдэл юм. Энэ хоёр мэдэгдлийг хоёуланг нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хамгийн гол хууль зүйн үндэслэл нь дээрх мэдэгдлүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан. 493, 495 дугаар гэрээ байгуулах болон гэрээ байгуулахаас татгалзаж байгаа мэдэгдлүүд нь өөрөө хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийг барьж гарсан байдаг. Хуулийн 28 дугаар зүйлд захиалагчаас гарах шийдвэрийн талаар эрх олгосон зохицуулалт байгаа юм.
Мөн хуулийн 48 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүрэг. 48 дугаар зүйлийн 48.2.4-т хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах гэж нэг ёсондоо 28 дугаар зүйлд заасан мэдэгдэл өөрөө захиалагчаас гарах ёстой байтал Худалдан авах ажиллагааны газраас гаргасан байна. Тэгэхээр энэхүү шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага хэдийгээр хүчингүй болгуулахаар гаргасан боловч илт хууль бус захиргааны акт гарсан үеэсээ эхлээд хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлийг агуулдаггүй. Худалдан авах ажиллагааны газраас мэдэгдэл гаргаад байгаа нь өөрөө захиалагчийн эрхэд халдсан буюу захиалагчид олгосон эрхийг хэрэгжүүлж, хууль зөрчиж байна.
2.3. Дархан-Уул аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч “С” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №24****** дугаартай “Цэцэрлэгийн барилга 100 ор ажлын гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчсөн буюу мэдэгдлийг гаргах эрхтэй этгээд гаргаагүй мэдэгдлийг үндэслэн гэрээ байгуулсан учраас уг гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Тендерийн тодорхойлолтын 10 дугаар зүйлд нарны эрчим хүчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системд оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барилга барьсан туршлага ажлын түүхтэй байх гэдэг шаардлагыг тавьсан байгаа. Энэ шаардлага нь хуульд нийцэхгүй байна гэдэг нь гомдлын гол агуулга юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд техникийн тодорхойлолт ямар байх ёстой гэдэг агуулгыг зохицуулсан. 12 дугаар зүйлийн 12.4-т техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа үйлчилгээний худалдааны нэг патент түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч нийлүүлэгч эсхүл үйлдвэрийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно гэж заасан. Гэтэл тендерийн тодорхойлолтын 10 дугаар зүйл нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д техникийн тодорхойлолтод нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэ бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдсон энэ хуулийн 12.4-д заасан шаардлага нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэнэ гэж байгаа юм. Нэг ёсондоо нарийвчлан заах шаардлага гарвал 12.5-д заасны дагуу дүйцэхүйц гэдэг үг хэллэг хэрэглээд тайлбарыг оруулж өгсөн гэсэн агуулгыг заасан байна.
Техникийн тодорхойлолтын 10 дугаар зүйлийг анхнаасаа оруулсан нь нэгдүгээрт: Тендерийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн байна.
Хоёрдугаарт: техникийн шаардлагад 10 дугаар зүйлийг оруулсан нь зөв гэж үзвэл “С” ХХК энэ шаардлагыг мөн хангахгүй байгаа юм.
Патентын бүтээлийн нэр гэдэг дээр нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системтэй сууцыг бүтэц гэж байгаа юм. Барилгын тухай хуулийн 4.1.1-д “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг” хэлнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна гээд 5 ангилсан байдаг. Маргаан бүхий цэцэрлэгийн барилга байгууламж нь 10 дугаар зүйлийн 10.1.3 буюу дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарна.”Х” компанийн патент дээр байгаа орон сууц гэдэг нь 10.1.1-д заасан зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж юм. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүйгээр барилга байгууламж гэдэг нэгдүгээр ангилал дээр 9 метр хүртэл өндөртэй, 600 метр квадрат хүртэл талбайтай, нэг айлын орон сууц буюу сууц ангиллыг ийнхүү тодорхойлсон байгаа юм.
Маргаан бүхий тендерийн барилга байгууламж нь гуравдугаар зэрэглэл буюу дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж гэдэг ангилалд хамаарч байгаа. Хэдийгээр оюуны өмчийн газраас патент олгохдоо цэцэрлэгийн болон сууц гэж ангилж өгдөггүй гэж байгаа боловч Барилгын тухай хуульд сууц болон сургуулийн өмнөх боловсролын барилга нь төвөгшлөөрөө, барилгын ангиллаараа хоёр өөр ангилалд хамаарч байгаа талаар тайлбарлалаа. Энэ асуудлыг техникийн тодорхойлолтод маш тодорхой, тодруулж өгөх ёстой байсан. Цэцэрлэгийн барилга байгууламж болон сууцын зориулалттай барилгын патентын асуудлыг хэрхэн авч үзэх вэ гэдгээ Үнэлгээний хороо, захиалагч гэрээ байгуулахдаа ч тэр маш сайн анхаарч үзэх ёстой байсан. Энэ хуулийн зохицуулалт бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Цэцэрлэгийн барилга 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Цэцэрлэгийн барилга 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 493, 495 тоот мэдэгдэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга, “С” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №УТ24******** дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01-А8217 дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх “Цэцэрлэгийн барилга, 100 ор (Дархан сум Малчин баг) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, техникийн тодорхойлолтыг батлан Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсний дагуу үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тендер сонгон шалгаруулалт явуулж “Цэцэрлэгийн барилга 100 ор (Дархан сум Малчин баг) ажлыг гүйцэтгэгчээр “Д” ХХК-ийг шалгаруулсан байна.
2.3. Улмаар уг тендер сонгон шалгаруулалтад оролцсон “С” ХХК-иас захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/6336 дугаар албан бичгээр “...Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулж дээрх шаардлагыг үнэлгээнд харгалзан үзэхгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байх тул “Д” ХХК-ийн техникийн тодорхойлолтод заасан нотлох баримт ирүүлээгүй байхад дээр дурдсан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. ... “Д” ХХК нь тендерт хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдэгдэл ирүүлээгүй байх тул шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. ... “Д” ХХК нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн авто тээврийн лавлагаанд ****УН улсын дугаартай авто ачигч, ****ДАА улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машин, ****ДАР улсын дугаартай ердийн тэвштэй автомашины мэдээлэл ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт “Ачааны машин 1 ш (5 тн дээш ), Авто кран 1ш, ковш 1ш” гэсэн шаардлагыг бүхэлд нь хангаагүй, дутуу ирүүлсэн байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэжээ.
2.4. Уг албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хуралдаанаар дахин үнэлгээ хийж, “С” ХХК-ийг ... хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн, 2024 оны дуусаагүй ажлын гүйцэтгэл хангалтгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзаж, “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулсан байх ба уг шийдвэрийг “С” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасныг хянан үзээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 428 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж, шийдвэрлэсэн байна.
2.5. Ийнхүү тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин хуралдаж, “С” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 493 дугаар албан бичгээр “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, 495 дугаар албан бичгээр “Д” ХХК-д “...техникийн тодорхойлолт 10 дахь заалт нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын систем нь оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барилга барьсан ажлын түүхтэй байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тус компаниас ирүүлсэн тендерээс татгалзсан талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
2.6. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/8602 дугаар албан бичгээр “...тендерт Оюуны өмчийн газраас “Х” ХХК-д олгосон нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар, шингэний халаалтын системтэй сууцны бүтэц шинэ бүтээлийн патентыг хавсаргаж ирүүлсэн байна ...тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэснийг үндэслэн Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 02 дугаар дүгнэлт зөвлөмжийг Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлснээр, аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 531 дүгээр албан бичгээр “С” ХХК-тай компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
2.7. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тендерийн тодорхойлолтын 10 дугаар зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн, ... Хэрвээ техникийн шаардлагад 10 дугаар зүйлийг оруулсан нь зөв гэж үзвэл “С” ХХК нь энэ шаардлагыг мөн хангахгүй. ... “С” ХХК нь уг патентыг эзэмшигч биш, тухайн тендерийн гэрээн дээр хамтран оролцож байгаа “Х” ХХК оюуны өмчөөр баталгаажсан патенттай гээд энэ патентыг гаргаж өгсөн. “Х” ХХК-ийн патентын сууцны барилгад хэрэглэгдэхээр олгогдсон тул цэцэрлэг, сургуулийн барилгад огт хамааралгүй, дээрх ажлын зураг төсөвт халаалт, дулаан хангамжийн эх үүсвэр нь энэхүү патентаар бус цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан радиатор хэрэглэгдэхээр тусгагдсан, “Х” ХХК-ийн эзэмшдэг патентыг техникийн тодорхойлолтод шаардаж тус компанид давуу байдал үүсгэсэн, тендерт шалгарсан барилгын компани нь батлагдсан зураг, төсвийн дагуу барилга барьдаг болохоос хувь хүний патентыг хэрэгжүүлдэггүй, ... Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.А, гүйцэтгэгч “С” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №УТ24******** дугаартай Цэцэрлэгийн барилга 100 ор ажлын гэрээ гэх гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан...” гэж тус тус тайлбарлан маргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
2.8. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ““тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэж тус тус заажээ.
2.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... тус цэцэрлэгийн барилга нь дулааны хэмнэлттэй цахилгаан радиатороор халаахаар зураг төсөвт тусгагдсан болно. Тендерт шалгарсан барилгын компани нь батлагдсан зураг, төсвийн дагуу барилга барьдаг болохоос хувь хүний патентаар хэрэгжүүлдэггүй болно. Огт хамааралгүй хувь хүний патентаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг гацааж, олон зуун хүүхдийн эрх ашгийг хохироож байгаад харамсаж байна. Мөн “С” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр орж, гэрээ хийсэн “Х” ХХК нь энэхүү тендерийн барилгын зураг төслийг хийхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж оролцсон ба техникийн тодорхойлолтод өөрийнхөө патентыг оруулж өгсөн. Энэ нь өөртөө давуу байдал бий болгосон, харилцаа хамааралтай компанидаа давуу байдал бий болгосон...” гэж тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан талаар Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсаар байхад гомдол гаргаж байгаагүй байна.
2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерийн баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцсон атлаа тендер сонгон шалгаруулалт дууссаны дараа ийнхүү тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч хуулийн этгээд нь техникийн шаардлагын 10-д заасан “оюуны өмчийн патенттай байх” шаардлагыг нэгэнт хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон төдийгүй Сангийн яамнаас гомдол хянасан тухай албан бичигт энэ талаар удаа дараа дурдсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендэер нь шаардлага хангахгүй тул түүнд сэргэх эрхгүй байхгүй. Сангийн яам болон Үнэлгээний хороо энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
2.11. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.
2.12. Хэдийгээр дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан мэдэгдэл хүргүүлэх захиалагчийн бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлсэн агуулгатайгаар мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчсөн байх боловч энэ нь уг мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх боломжгүй.
2.13. Учир нь үнэлгээний хорооноос сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор мэдэгдэл хүргүүлсэн нь илт хууль бус захиргааны акт биш төдийгүй нэгэнт нэхэмжлэгч компани техникийн тодорхойлолтод заасан патенттай байх шаардлагыг хангахгүй байгаа энэ тохиолдолд уг мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн ч нэхэмжлэгч компанид сэргэх эрх байхгүй тул “...нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН