Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0886

 

 

 

 

 

2021 12 20 0886

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн  шүүх  хуралдааны  тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ААТ ХХК, ЭГД ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Э.О,

Хариуцагч: Байгаль орчин, аялал зжуулчлалын яамны сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Ж нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын ААТ ХХК-д, ЭГД ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Э.О, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ААТ ХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Х дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н аманд 0.14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй болж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ****832 дугаартай гэрчилгээ газар ашиглах гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгож, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2020/293 дугаартай гэрээ байгуулжээ.

2. Нэхэмжлэгч ЭГД ХХК анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Х дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н аманд 7.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй болж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2015/722 дугаартай гэрчилгээ газар ашиглах гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгож, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар дахин таван жилийн хугацаагаар сунгаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2019/442 дугаартай гэрээ байгуулжээ.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын хавсралтын 104, 140 талд нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг гэрээнд заасны зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр, Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчөөс ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 11и-3/5988 тоот албан бичгийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

4. ААТ ХХК нь маргаан бүхий тушаалд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 09/1821 дугаар албан бичгээр ...газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу авч 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хандсан, ЭГД ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргаж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/3121 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу авч, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч нарт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8237 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд тайлбар, санал тэдгээрийг нотлох баримтуудаа бичгийн хэлбэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны *****@mne.gov.mn хаягаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн дотор байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлэхийг мэдэгдсэн байна.

6. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 125/ШЗ2021/6766 дугаартай захирамжаар ЭГД ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох 128/2021/0585/3 индекстэй захиргааны хэргийг ААТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох 128/2021/0501/3 индекс бүхий захиргааны хэргийг нэгтгэсэн байна.

7. Нэхэмжлэгч ААТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ Нэхэмжлэгч ААТ ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 очы 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаартай тушаалаар Х дүүргийн БогдХын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н ам нэртэй газар 0.14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон.

2/ Нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг хөндсөн акт гаргах гэж байгаа бол маргаан бүхий актын үндэслэл болж буюу нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг боловч нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо үйл ажиллагаа явуулж байсан эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодитоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

3/ Хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг зүйл ярьдаг боловч бодит байдал дээр дэлхий нийт болон Монгол Улсад гарсан цар тахалтай холбоотой Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020, 2021 онд дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн гэрчилгээ гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан. Нэгэнт Засгийн газраас үйл ажиллагаа явуулахыг нь хязгаарласан тул явуулах ямар ч боломж байхгүй.

4/ Нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээ байгуулах талаар удаа дараа төрийн байгууллагад хүсэлт гаргаж байсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо, залгамж халаагүй байдлаас үүдэн гэрээг цаг тухай бүрд нь байгуулаагүй нь хариуцагч талын буруутай үйлдэл байгаа.

5/ Гурвалсан гэрээ байгуулах асуудлын хувьд нэхэмжлэгч хариуцагч аль аль тал нь эрх эдэлж үүрэг хүлээж байгаа. Гэрээ байгуулаагүй нь аль нэг талынх нь буруу гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн агуулгыг зөрчсөн тайлбар байна. Гэрээ байгуулъя, гэрээ байгуулж өгөөч гэх хүсэлтийг удаа дараа өгсөн бөгөөд эдгээр хүсэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төрийн байгууллагын уялдаа холбоо, албан тушаал нь байнга солигддог байдлаас үүдэн гурвалсан гэрээ байгуулахад удаашралтай байсан.

6/ Иймд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А79 дугаартай газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай тушаалын ААТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч ЭГД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ Нэхэмжлэгч ЭГД ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаартай тушаалаар Х дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Н ам нэртэй газар 7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дугаартай тушаалыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 жилийн хугацаагаар сунгасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалаар нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 35 цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй бодит байдлыг тогтоогоогүй, хуулиар тогтоосон журмыг зөрчиж гаргасан, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2/ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд тайлбар санал гаргах нөхцөлийг бүрдүүлээгүй нь сайдын А79 дүгээр тушаалын нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.1, 4.2.6,-д заасан бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах гэх зарчмын агуулгыг зөрчсөн.

3/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, мөн хуулийн 34.1-т заасны дагуу газар ашиглагч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг төрийн байгууллага гүйцэтгэхээр хуульчилж өгсөн боловч төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, нэгдмэл байдал, залгамж халаагүй байдлаас болж нэхэмжлэгч компанитай газар ашиглах гэрээ байгуулаагүй. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй атлаа нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, мөн хуулийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

4/ Бид Улаанбаатар хотын иргэдийн Богдхан ууланд систем, зохион байгуулалттай алхуулж байна. Богдхан ууланд алхах боломжгүй, өндөр настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдийг зохион байгуулалтад оруулж алхуулдаг, түр сууцыг байршуулж маргаан бүхий газрыг 2017 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулан ашиглаж байсан атал хариуцагч тал нь зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй.

5/ Нэхэмжлэгч ААТ ХХК нь газрын төлбөрт 8.621.739 төгрөгийг, ЭГД ХХК нь газрын төлбөрт 193.381.512 төгрөгийг тус тус төлсөн байхад газрын төлбөрийг төлөөгүй гэж бусад газар эзэмшигчтэй адилтгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

6/ Иймд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А79 дугаартай газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай тушаалын ЭГД ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал тайлбартаа:

1/ ААТ ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 263 дугаар тушаалын дагуу Н Залаатын аманд 0.14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан, тус газрыг 2021 оны А79 тушаалаар газрыг төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

2/ Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар тоотоор үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй аж ахуй нэгж байгууллагын жагсаалт, эрүүгийн цагдаагийн алба, Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас хамтарсан ажлын хэсэг гарч мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл ирсэн. Үүнтэй холбоотой 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5988 дугаар тоотоор газрын эрхээ цуцлуулах аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад ААТ ХХК-ийн нэр дурдагдсан.

3/ Нэхэмжлэгч нь 3 жилийн дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гурвалсан гэрээг байгуулсан байдаг. Газар ашиглах гэрчилгээ авсан өдрөөс хойш 3 сарын дотор байгуулах ёстой гэрээг 3 жилийн дараа байгуулж байгааг хууль тогтоомжид нийцэхгүй байна

4/ Нэхэмжлэгч гурвалсан гэрээ байгуулах талаар Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд хандан хүсэлт гаргаж байгаагүй, нотлох баримтаар гурвалсан гэрээ хамгаалалтын захиргаанаас авагдсан боловч хамгаалалтын захиргааны даргаар батлуулаагүй байгаа нь гэрээ байгуулаагүй гэж үзнэ. Мөн Х дүүргийн Засаг даргаас ААТ ХХК нь Засаг даргад хандаж гурвалсан гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй гэх хариу ирүүлсэн.

5/ Газар зохион байгуулалтын албанаас ААТ ХХК-ийн газрын төлбөртэй холбоотой мэдээллийг ирүүлээгүй. Энэ нь газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь нотлогдож байна гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал тайлбартаа:

1/ Нэхэмжлэгч ЭГД ХХК нь Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Н амны 7 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон, уг газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А79 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус үндэслэн хүчингүй болгосон.

2/ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал хүргүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгийг яаманд хүргүүлсэн, уг албан бичгийн 140-д ЭГД ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчиж газрын төлбөрөө төлөөгүй талаар, Эрүүгийн цагдаагийн газрын 484 дүгээр албан бичигт ЭГД ХХК-ийг дурдсан байдаг.

3/ Нэхэмжлэгч компани нь 2 жил дараалан ашиглаагүй гэдгээ Ковид-19 цар тахалтай холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ЭГД ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлөө авсан. Энэ өдрөөс хойш үйл ажиллагааг явуулах эрх нь нээгдэж, 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д газрын төлбөрөө хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгаангүй төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаагүй гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны тайлбараар хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бие босон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүйг гэдэгт газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлин бүтэн хоёр жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу газраа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байх гээд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй гэдэгт барилга байгууламж, зам, талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан ба нэхэмжлэгч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд хүргүүлээгүй байна.

4/ Нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчил нь цагдаагийн газрын албан бичиг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон бөгөөд газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, хууль журамд заасны дагуу гэрээг байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч тал гурвалсан гэрээг байгуулахтай холбоотой хүсэлтийг удаа дараа гаргасан гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нь хангалттай нотлогдохгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

11. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар нэр бүхий газар ашиглагчдын газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцсоны дотор гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч ААТ ХХК-ийн Н ам нэртэй газрын 0.14 га газар ашиглах эрхийг мөн ЭГД ХХК-ийн Н ам нэртэй газрын 7.0 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

13. Нэхэмжлэгч нараас ...тухайн газартаа адил үйл ажиллагаа явуулж байгаа газар ашиглагч компаниудтай хамтран дотоодын аялал жуулчдад буюу уулын спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн , газрын төлбөрөө төлсөн эсэх талаар нөхцөл байдлыг нягтлан шалгаж толгоолгүйгээр газар ашиглах эрхийг хууль бусаар цуцалсан... гэж, хариуцагчаас ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж маргажээ.

14. Нэхэмжлэгч ААТ ХХК-ийг газар ашигласны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийн тухайд:

1/ Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын Н ам нэртэй газрын 0.14 га газрыг ашиглуулах тухай Х дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, ААТ ХХК-ийн захирал нарын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 2020/293 дугаар гэрээнд нэг жилд төлбөл зохих газрын төлбөрийн 1,998,054 төгрөгийг тэнцүү хувааж, улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Х дүүргийн Газрын албаны дансанд төлөхөөр заасан ба нийслэлийн Х дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2058 дугаартай албан бичгээр ААТ ХХК-ийн газрын төлбөрийн орлогын тайланд бүртгэлгүй байна гэж ирүүлсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн орлогын баримтаар 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын газрын төлбөрөө бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн тайлбар, шалтгааныг хариуцагч шийдвэр гаргахдаа нягтлаагүй, шалгаагүй, өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо энэ үндэслэлийг огт тогтоогоогүй байна.

15. Нэхэмжлэгч ЭГД ХХК-ийг газар ашигласны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийн тухайд:

1/ Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын Н ам нэртэй газрын 7,0 га газрыг ашиглуулах тухай Х дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, ЭГД ХХК-ийн захирал нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2019/442 дугаар гэрээнд нэг жилд төлбөл зохих газрын төлбөрийн 102,381,510 төгрөгийг тэнцүү хувааж, улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Х дүүргийн Газрын албаны дансанд төлөхөөр заасан байна.

2/ Нийслэлийн Х дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2058 дугаартай албан бичгээс үзвэл 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 21,152,603 төгрөг, 4,360,509 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 78,013,112 төгрөг төлсөн баримт ирүүлсэн бөгөөд харин нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нийт 194,951,512 төгрөг төлсөн болох нь төлбөрийн баримт, Х дүүргийн Газрын албаны тодорхойлолтоор тогтоогдсон байна.

3/ Гэхдээ хариуцагчаас нэхэмжлэгч ЭГД ХХК-ийг Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 3.4-т заасан ...гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор ...гэрээ байгуулах гэснийг зөрчсөн, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ авсан өдрөөс хойш буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эсхүл газар ашиглах эрхтэй болсон хугацаанаас тооцож газрын төлбөр болох нийт 435,121,417 төгрөг төлөхөөр байна гэж буруутгаж, Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийг буруутгах боломжгүй. Учир нь ЭГД ХХК нь газрын төлбөрт нийт 435,121,417 төгрөг төлөх байснаас 194,951,512 төгрөг төлсөн байна.

16. Газар ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд:

1/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм.

2/ Дээрх хуулийн заалтыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл ЭГД ХХК, ААТ ХХК, ТХ ХХК нар 2017, 2018 онд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр А тал буюу ТХ ХХК нь өөрсийн ашиглалтын газартаа жуулчдад зуны улиралд морин аялал, явган аялал, шагайн харваа гэх мэт үйл ажиллагааг гэрээнд заасан хугацаанд явуулах, Б тал буюу ЭГД ХХК нь жуулчдыг хүлээн авч байрлуулах, түр сууцыг хангах, В тал буюу ААТ ХХК нь жуулчдад зориулан эрүүл ахуйн шаардлага хангасан халуун хоол унд, уух зүйлсийг нийлүүлэх үүргийг хүлээн ажилласан, мөн Богд уул аялал жуулчлалын клуб үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, болон хамтарсан тушаал, уулчдын клубын гишүүдийн нэрс, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан, гишүүдийн үнэмлэх гэрч П.Ариунбилэг, Л.Өлзийхишиг нарын мэдүүлэг, шүүхийн үзлэг зэрэг нотлох баримтуудаар 2017-2019 онуудад үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

3/ Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  сунгах тухай 181 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 194 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 226 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай 27 дугаар тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 91 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 104 дүгээр тогтоолуудаар 2020, 2021 онд нийслэл хот нь нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна.

4/ Энэ үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд нэхэмжлэгч компаниуд ороогүй байх тул өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн газраа ашиглах боломжгүй байсан байсан болох нь тогтоогдож байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулан үзэх боломжтой байна.

5/ Тухайлбал нэхэмжлэгч ААТ ХХК болон ЭГД ХХК-д цар тахлын улмаас аялал жуулчлалын бааз байгуулах төслийн хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил зогссон нь үүрэг хүлээсэн этгээдийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, давах туулах, сэргийлэх боломжгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж нэхэмжлэгчид Худалдаа Аж үйлдвэрийн Танхимаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл-ийн 02/708, 02/709 дугаартай гэрчилгээ олгосон байна.

6/ Иймд нэхэмжлэгч нарын хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байхад хариуцагч дээрх шалтгаан нөхцөлийг тогтоогоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

17. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас нэр бүхий хуулийн этгээдэд холбогдуулан эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөөр аялал жуулчлалын зориулалттай газар хувийн эзэмшлийн хотхон бариулж мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдлийг шалгах явцад гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар бичсэн мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичгийг газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийн үндэслэл шууд болгосон нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байх тул шийдвэр хуульд үндэслэх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмыг зөрчсөн байна.

18. Сонсох ажиллагааны тухайд хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8237, 09/8234 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч компаниудад хүргүүлж, нотлох баримтуудаа *****@mne.gov.mn хаягаар ирүүлэхийг мэдэгдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт хорин нэг буюу түүнээс доош тооны этгээдийг сонсгохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэж заасантай нийцэж байна.

19. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэр дээрх үндэслэлийг тогтоолгүй гаргасан, хуулийг зөв хэрэгжүүлээгүй, газар ашиглагчийн эрхийг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын ААТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ЭГД ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ААТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ЭГД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

  ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ