Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1124

 

 

 

 

 

 

 

2022          11         29                                   2022/ШЦТ/1124

 

 

     

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч З.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн 2209012311590 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: З.Э нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот байранд хохирогч Ц.А-тай “Ариун цэврийн өрөө бохирдсон” гэх үл ялих зүйлээс болж маргалдан улмаар алгадаж, цохиж, үснээс нь зулгааж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хуруунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу гарт зулгаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.А-ийн мэдүүлэг / хх 13 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6053 дугаартай дүгнэлт / хх 28-29 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 52 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 50 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот байранд хохирогч Ц.А-тай “Ариун цэврийн өрөө бохирдууллаа” гэснээс болж маргалдан улмаар түүнийг алгадах, цохих, үснээс зулгааж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хуруунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу гарт зулгаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Ц.А-ийн / хх 13 / “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоотод амьдардаг байсан. Тухайн байр нь түрээсийн бөгөөд дотроо 5 өрөөтэй. Өрөө тус бүрийг өөр өөр хүмүүс түрээслэдэг байсан. Би 3 дугаартай өрөөг түрээслэдэг. Тухайн өдөр би хуваарийн дагуу цэвэрлэгээ хийсэн. Би нойлын өрөөг цэвэрлэчихсэн байхад 5 дугаартай өрөөнд амьдардаг охин угаалгын өрөөний баннд тогоо угаагаад цэвэрлэхгүй байсан. Тэгэхээр нь би түрээслэдэг хүмүүсийн дундын чат групп дээр “Угаалгын өрөөнд тогоо угааж бохирдуулсан байна. Муухай байна шүү” гэж бичсэн. Тэгтэл З.Э өрөөндөө байж байхдаа чанга дуугаар юу яриад байгаа юм бэ заваан байгаа биз дээ гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Хэрэлдэж байгаад З.Э босож ирээд намайг цохих гээд дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалж түүнийг түлхсэн. Тэр үед З.Э түрүүлээд миний баруун талын хацар руу гараараа нэг удаа зүүн талын хацар руу нэг удаа алгадсан. Түүний дараа намайг үстэж байгаад доошоо дараад өөрийнхөө өрөө рүү чирж оруулаад унагааж байгаад миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохьсон. Тэгээд бусад өрөөний хүмүүс салгасан. Зураг авахуулсан 150.000 төгрөг, эмчид үзүүлсэн 20.000 төгрөгөө нэхэмжилнэ ...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6053 дугаартай дүгнэлтэд

1. Ц.А-ийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хуруунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу гарт зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 28-29 /

 

Яллагдагч З.Э-ийн / хх 20 / “...Ц.А- намайг хана руу түлхэж унагаасны дараа би босч ирээд гараараа түүний зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Энэ үйл явдал болохоор бид хоёрыг үстэлцэхээс өмнө болсон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Э-эд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.Э-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч З.Э-эд ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Хохирогч Ц.А- нь “...Толгойн зураг авахуулсан төлбөр болох 150.000 төгрөг, эмчид үзүүлсэн 20.000 төгрөгийн зардал гарсан” гэж мэдүүлсэн, энэ талаарх баримтаа өгөөгүй боловч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд “ ...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Мед травм” эмнэлгийн Толгойн  КТГ зурагт хамрын таславч зүүн тийш мурийлттай” / хх 29 / гэж дүгнэн бичсэн нь түүнийг зураг авахуулж, эмчид үзүүлсэн болохыг нотлож байна.

Иймд хохирогчийн нэхэмжилсэн 170.000 төгрөгийг шүүгдэгч З.Эээс гаргуулж, хохирогч Ц.А- нь хамрын таславчийн мурийлттай холбоотой эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, З.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч З.Э-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-ээс 170.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.А-д олгож, хохирогч Ц.А- нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Э нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. З.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ