Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

2023         03         10                                 2023/ШЦТ/327

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч Ч.Н, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-д холбогдох эрүүгийн 2303 00016 0046 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 2 охин, хүргэн, зээ нарын хамт Баянзүрх дүүрэг ............. тоотод түр оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ц.С /РД:............/.

Холбогдсон хэргийн талаар:

Ц.С нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 4 дүгээр байрны урд замд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд Toyota Lexus RX-350 маркийн ...... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Нийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

           Хохирогч Ц.Нийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би КТМС-ын тэнд гарцаар гарах гэж явж байгаад мөргүүлсэн. Ц.С-гийн машин цагаан шугамны цаана зогсож байгаад би зугатаагаад хашхираад машин сигналдаад хол шидэгдээд унасан. Шууд гэмтлийн эмнэлэг рүү намайг аваад явсан. Замдаа Ц.С баахан хүнтэй яриад байсан. Гэмтэл дээр очсон. Гар аймар өвдөөд байсан. Тэгэхэд Ц.С надад тусалж байсан.  Зургаа авхуулахад тархины доргилт гэж гаргуулсан. Ц.С намайг гэмтэл дээр хоёр удаа дагуулж явсан. Мөр аягүй их өвдөөд байсан болохоор МРАЙ хийлгүүл гээд мөнгө муутай байсан болохоор нэлээн удаж байгаад зураг авхуулсан. Эмч нь маш их гэмтэлтэй. Мөрний бэхлэгдэх хэсэгт их хэмжээний урагдал хавантай, далны сэртэн хоёрын хооронд үений зай нарийссан, үений зай жигд бус, үе бүдүүрсэн, ясны эдийн хаван, хүүдийнд шингэн хурсан,  мөрний үенд шингэн хурсан, мөрний капсулын доод хэсгээр хатуурч зузаарсан, үений дээд хэсгээр зөөлөн эд нь хавантай, ясны бүтэц болон ясны эдийн хавантай гэсэн оноштой. Эмч нь Дохын дараа ордог эмчилгээгүй гэмтэл. Хөдөлгөөнгүй байхаас өөр арга байхгүй гэсэн. Би эрүүл мэнд сайтай байсан. Мод тарьдаг.  Сэтгэц мартаж санаад байгаа. Сэтгэцийн онош нь энэ баримт дээр ороогүй байна.  Шүүхийн Шинжилгээ дээр манайх сэтгэц гаргадаггүй. Мэдрэлийн эмчид үзүүл гээд мэдрэлийн эмчил үзүүлэхэд та сэтгэцэд оч гээд 13А бичгийг нь аваад очиход ямар нэгэн зүйлийн сулрал гэсэн оноштой. Эмч үзээд органик сэтгэл санаа тогтворгүйтэл эмгэгтэй байна гэж гарсан. Тархины доргилт эхлээд авуулахад нэлээн их байсан. Дараа нь намдиж байгаад үзүүлсэн. Толгой өвдөж байнга байгаа. Эмч маш их эм бичиж өгсөн. Нэг мөч хөдөлгөөнгүй болсон. Хөдөө явж чадахгүй байгаа. Бөөлжөөд байсан. Эмнэлэгт үзүүлтэл “энэ хэдэн эмийг уу болохгүй дахиад МРАЙ-д орно” гэж хэлсэн. Байнгын сойлттой явж байгаа. Маш их хохиролтой байна. Хувцсаа өмсөж чадахгүй байна. Толгойгоо угааж чадахгүй байна. Бугалганаас дээшээ өвдөөд байгаа. Хойд дал руугаа өвдөөд байгаа. Гомдол санал гэвэл би цагдаад өгсөн байгаа. Мөнгө байхгүй болохоор бичиж өгсөн эмийг нь аваагүй. Ц.С надад 900.000 гаран төгрөг өгсөн. Надад эмчлүүлэх мөнгө байхгүй. Ганзориг гээд цагдаа нь намайг эхлээд загнаад би бичлэгийг нь хийгээч гэхэд “хийх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй машины бичлэг нь байгаа гэсэн. Би явсаар байгаад үзсэн. Надад нэг бичлэг үзүүлсэн. Би тэр бичлэгийг нь хувилж авъя гэхэд болдоггүй юм гээд өгөөгүй. Тэр надад үзүүлсэн бичлэг нь энэ хэрэгт одоо хүртэл байхгүй. Эхлээд машинд дайруулаад хашхирч байгаа бичлэг байгаа. Ц.С-гийн машин баруун талаасаа үрүүлтэй биш зүүн талаасаа үрүүлтэй. Тэр бичлэг дээр баруун талаасаа бууж байгаа хүн байсан.  Тэр бичлэг яагаад хэрэгт байдаггүй юм бэ. Тэр бичлэгийг яагаад өгдөггүй юм бэ. Замын цаад талд баруун талаас нь бууж байгаа эмэгтэй хүн харагдаж байсан. ТҮЦ-ний хүн эхлээд бичлэг авах гэхэд нь би өгөөгүй. Дараа нь нэг цагдаатай ирээд утсан дээрээ бичээд байсан гэсэн. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Бямбабатаас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 50 минутад прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан осол болсон гэх газрын хяналтын камерын бичлэгийг хуулж авах мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсугай гэдэг зүйл байдаг. Би учрыг нь олдоггүй.  Би өмнө ажилтай байсан. Би одоо ажилгүй байгаа. Би таксигаар явдаг байсан. Би мод тарих гээд тэтгэврийн зээл аваад модны нүх ухсан байгаа. Эмчилгээний мөнгө нь 1.200.000 гаран төгрөг болсон. Өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг болсон. Энэ мөнгийг авч өгмөөр байна. Таксины мөнгө авмаар байна. Надад туслах хүн байхгүй. Би тэднийд очоод хэвтэж байгаа. Би Ц.С-гээс 914.420 төгрөгийг авсан. Өөр мөнгө аваагүй. Сэтгэл санааны хохирол гэж 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би нэг модыг 10.000 төгрөгөөр тариулсан. Нийт 67 мод тариулсан. Тэрний 67.000 төгрөгийг нэхэмжилж байна. Таксинд их мөнгө гаргасан. Таксинд 900.000 төгрөг гарсан” гэх мэдүүлэг.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр  шинжлэн судалсан нотлох баримтууд.

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7-13 дахь тал/,

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Г-ийн гар утсан дотор ослын талаар бичигдсэн бичлэгээс хуулбарлаж авсан бичлэг бүхийн цагаан өнгийн 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгт гарч буйгаар осол гаргасан тээврийн хэрэгсэл нь ШУТИС-ийн зүгт баруунаас зүүн зүгийг чиглэн Сансарын тойргоор тойрч явах ба хөдөлгөөний эрчим дунд зэрэг байх тул хурдтай яваагүй байв. Ингээд тухайн осол гарсан явган хүний гарц дөхөж ирэхэд замын хойноос урд зүгийг чиглээд дээгүүрээ цайвар болон ногоон өнгийн цамцтай 2 эрэгтэй хүн урд зүгт чиглэн гарах үед явган зорчигч Ч.Н хяналтын камерын баруун буланд анх орж ирэх ба 14 цаг 58 минут 26 секундэд явган зорчигч Ч.Н нь явган хүний гарцаар гэнэт хойд зүгийг чиглэн гүйх үед тухайн тээврийн хэрэгсэл нь зүүн урд талын хэсгээр 14 цаг 58 минут 29 секундэд мөргөж, улмаар 14 цаг 58 минут 30 секундэд явган зорчигч Ч.Н нь газар унаж байгаа харагдана” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

Хохирогч Ч.Н-ийн “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим би Баянзүрх дүүргийн нутаг сансрын аюулгүйн тойргийн зүүн талын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн явган хүний гарцаар гарч явахад баруунаас зүүн тийш чиглэлтэй 1, 2, 3 дугаар эгнээний машинууд зогсчихсон байсан тэгээд гарцаар намайг зам хөндлөн гарч явахад 2 дугаар эгнээний машины урдуур гарах гэхэд машин хөдлөөд машиныхаа зүүн урд хэсгээр мөргөж газар унагаасан. Тэгээд тэр машины жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ... Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.С “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Н нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.914.670 төгрөгийн зардал гарсныг Ц.С-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Хүний биед хийсэн 11541 дугаартай дүгнэлт тухайн үед үндэслэлтэй байжээ. Ч.Н-ийн биед тухайн үед баруун мөрний үеийн атгаал ясанд бэхлэгдэх шөрмөсний холбоосны хэсэгчилсэн урагдал, тархи доргил гэмтэл учирчээ. Ч.Н-ийн биед учирсан баруун мөрний үеийн атгаал ясанд бэхлэгдэх шөрмөсний холбоосны хэсэгчилсэн урагдал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 908 дугаартай “Явган зорчигч Ч.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  RX-350 маркийн ......УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

Яллагдагч Ц.С-ийн “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн Lexus RX 350 маркийн ......УАУ улсын дугаартай автомашиныг жолоодон Бөмбөгөр худалдааны төв орж юм цуглуулчхаад гэр лүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн нутаг Сансарын КТМС-ийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруун зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарц дээр зогсож зорчигч нарыг гаргаж дуусгалаа гэж бодоод дөнгөж хөдлөөд явтал урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн явган хүний гарцаар гарч явсан эмэгтэйг машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөчихсөн. Тэгээд тэр даруй машинаасаа буугаад машинд мөргүүлсэн эмэгтэйг машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлж дуусгасан. Тэгээд нөгөө эмэгтэйг бичил хороолол гэрт нь хүргэж өгөөд дөнгөж гэртээ орж иртэл замын цагдаагийн газраас залгаж осол болсон газар дээрээ ирээрэй хэмжилт хийнэ гэж хэлсний дагуу осол болсон газар дээр очиж хэмжилт хийлгэсэн. Би машинд мөргүүлсэн эмээд өмнө нь эмнэлгээр явж үзүүлж хувийн эмнэлэгт хэвтүүлсэн нийт 1.710.000 төгрөг зарцуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал/,

Шүүгдэгч Ц.С-ээс хохирогч Ч.Н-т 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 980.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 170.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 914.454 төгрөг тус тус шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 153, 154, 2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

Дүрс бичлэг бүхий CD 2 ширхэг, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 64, 68, 74 дэх тал/,

Хохирогч Ч.Н, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн эрүүл мэндийн зардалтай холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 87-97 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаартай “Ч.Н нь СЭМҮТөвийн идэвхтэй хяналтад байдаггүй боловч 2022.10.17-2022.12.12-ны хооронд нийт 3 удаа амбулаториор үзүүлж зөвлөгөө авсан бүртгэлтэй. Ч.Н нь 2022 оны 08 дугаар сард Зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн өвчин эмгэгтэй байсан гэх баримт үгүй байна. Ч.Н нь өөрийн үйлдлийг ухамсарлан удирдан жолоодох чадвартай байна. Ч.Н нь одоо  F06.6 органик сэтгэл тогтворгүйтгэх сульдлын эмгэгтэй байна. Ч.Н нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал/,

Шүүгдэгч Ц.С-ийн хувийн байдалтай холбоотой

Гэрч Ц.С-ын “Ц.С эгч маань 1970 онд Улаанбаатар хотод айлын том охин болон мэндэлсэн. Бид нар эцэг эхээс зургуулаа. Нөхөр 2021 онд нас барчихсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал/,

Гэрч Б.Ө-ын “Найз Ц.С нь бусадтай нийтэч, түрэмгий зангүй, нэг хийсэн ажлынхаа ард гарч байж санаа нь амардаг, тууштай зан чанартай. Нөхөр нь авто засварын мэргэжилтэй тэгээд тухайн үе монголд ирэхэд нь орчуулагчийг нь хийж байгаад танилцан гэр бүл болсон дундаасаа 1 охинтой. Нөхөр Перу нь 2021 оны 08 сард өөд болж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал/,

Жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Ц.С нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 4 дүгээр байрны урд замд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Toyota Lexus RX-350 маркийн ......УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Нийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.Н, иргэний нэхэмжлэгч С.С, яллагдагч, шүүгдэгч Ц.С нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлгаа, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

  Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлсэн бол хохирогч Ц.Н, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын зүгээс гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлүүлж, гэм хорын хохирлыг цаашид нэхэмжлэхээ илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг. 

Шүүгдэгч Ц.С нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Ц.С-ийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

Тээврийн прокурорын газраас Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.С-ээс тус гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол буюу “Хүн шүтээн” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, бусад эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн, эм тарианы зардалд нийт 2.064.454 төгрөг төлсөн баримт авагдсан байна.

Хохирогч Ц.Н нь такси хөлсөлсөн зардалд 676.000 төгрөг, гэмтлийн улмаас бусдаар мод тариулсан зардалд 670.000 төгрөг /1хх-104-107, 109-110/, өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг /1хх-78, 108/, сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг, эрүүл мэндийн зардалд 314.545 /1хх-101-103/ төгрөгийг нэхэмжилсэн байна.

Эдгээрээс өмгөөлөгч хөлс болон эрүүл мэндийн зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, баримтгүйгээр нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, такси хөлсөлсөн зардал зэргийг хэлэлцэхгүй орхиж, бусдаар мод тариулсан гэх зардлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ээс 1.914.670 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 814.545 төгрөг гаргуулж хохирогч Ч.Нт тус тус олгох нь зүйтэй.

Хохирогч Ц.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ц.Сэс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэвэл зохино.       

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, үүнтэй талуудаас маргаагүй болно.

Ц.С-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэйгээр болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.С-ийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 2 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, уг тогоол хүчин төгөлдөр болмогц таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, холбогдох газарт энэ талаар мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ц.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ээс 1.914.670 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 814.545 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-т тус тус олгосугай.

6. Хохирогч Ц.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.С-ээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

   7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 2 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

  8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.     

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.С-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар зохих газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ