Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1120

 

 

 

 

 

 

 

2022         11             28                                  2022/ШЦТ/1120

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Ц.Буянхишиг,

шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Э.М- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... тоотоос хохирогч Ч.Б-ийн эзэмшлийн Айфоне 12 маркийн гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 1.550.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... тоотоос хохирогч Д.Э-гийн эзэмшлийн Самсунг Нөүт 4, Самсунг А6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 265.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Э-гийн мэдүүлэг / хх 19-20 /, хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг / хх 24 /, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 33-36 /, “Д...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /, яллагдагч Э.М-ын мэдүүлэг / хх 9 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 51 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 53 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.М- нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотоос хохирогч Ч.Б-ийн эзэмшлийн Айфоне 12 маркийн гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 1.550.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотоос хохирогч Д.Э-гийн эзэмшлийн Самсунг Нөүт 4, Самсунг А6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч,  265.000 төгрөгний, бусдад нийт 1.815.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

Хохирогч Д.Э-гийн / хх 19-20 / “...Манай гэр Сүхбаатар дүүргийн ... тоотод байдаг ба манай гэрт цэнэглэж байсан миний Солонгос мэдрэгчтэй гар утас болон хүүгийн А6 маркийн гар утас алга болсон тул цагдаад хандсан. Тэгээд хороон дээр очиж хяналтын камерын бичлэг шүүхэд хар өнгийн куртик хар өнгийн өмд өмдтэй цагаан өнгийн пүүзтэй кепик загварын малгай өмссөн намхан дунд зэргийн махтай эрэгтэй хүн хашааны хаалга онгойлгоод гэрийн хаалгаар орсон байсан. Мөн хажуу хашааны гэр рүү ороод гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Ч.Б-ийн / хх 24 / “...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ... тоот гэртээ унтаж байх үед үл таних хүн цоожтой байсан хашааны хаалга давж орж ирээд онгорхой байсан гэр рүү орж, Айфоне 12 маркийн гар утас хулгайлж хашааны гадна байсан ТҮЦ-ний вакум цонхийг хагалсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 33-36 /

 

“Д...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /

 

Яллагдагч Э.М-ын / хх 9 / “...Би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотыг нь хэлж мэдэхгүй байна. Залгаа айлууд болох монгол гэр болон байшинтай айл руу нэвтэрч орсон. Гэрийн хаалга нь онгорхой байхаар нь ороод гэр дотроос баруун талын орны хажууд цэнэглэж байсан Самсунг нөүт 4, Самсунг А6 маркийн гар утаснуудыг хажуу талын байшингийн хаалгыг татахад онгорхой байхаар нь орны урд цэнэглэж тавьсан Айфоне 12 маркийн гар утсыг авсан. Дээрх айлууд руу ороход бүгд хүнтэй унтацгааж байсан. Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр ямар нэгэн үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М-т холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М-ын үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Э.М-т ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 1.815.000 төгрөгний хохирол учирсан, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хялбар аргаар мөнгө олох зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Э-д эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 118 /, хохирогч Ч.Б...ы гомдол саналгүй гэх хүсэлт / хх 114 / зэргээр хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.М-ыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.М- нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл  83 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.М-ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.М-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.М-ыг бусдад төлөх төлбөргүйг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ын цагдан хоригдсон 83 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Э.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Э.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ