Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1118

 

 

 

 

 

 

 

2022          11          28                                     2022/ШЦТ/1118

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Л.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн 2209000000835 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Л.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2 дугаар гудамжны 13 тоотод оршин суух Ш.Б-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагтыг нууцаар хулгайлан авч хохирогч Ш.Б-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Б-гийн мэдүүлэг / хх 23-27 /, гэрч Ч.О-гын мэдүүлэг / хх 28-29 /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 7-15 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алагдсан зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 32-35 /, хохирогч Ш.Б-д 32 инчийн ЛСД Самсунг маркийн зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 18-19 /, яллагдагч Л.Б-ийн мэдүүлэг / хх 5-6 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 49 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 63 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2 дугаар гудамжны 13 тоотод оршин суух Ш.Б-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ш.Б-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Ш.Б-гийн / хх 23-27 / “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой 22 цагт гэрээсээ гараад 16 дугаар хороололд очоод эмээгийнхээ гэрт хоносон. Тэгээд маргааш өглөө эмээгийн гэрт байж байхад над руу манай найз Отгонтулга 10 цаг 45 минутад залгаад “ Танай гэрээс зурагтыг чинь хүн аваад гараад явж байна. Чи зурагтаа хүнд өгөх байсан юм уу “ гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд манай гэрт хулгай орсон байна гэж мэдээд найз Отгонтулгад “ Цагдаад дуудлага өгчих. Би очиж байна “ гэж хэлсэн. Тэгээд гэртээ очиход 32 инчийн Самсунг маркийн ЛСД хар өнгийн зурагт байхгүй болсон байсан. Тэгээд хулгайлсан хүн сувдын гүүрэн дээр явж байхдаа баригдсан гэж найз Отгонтулга хэлсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ч.О-гын / хх 28-29 / “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн үед манай 17 настай хүүхэд Мөнхбат хичээлдээ явж байх үедээ утсаар залгаад “ Нэг хүн Ш.Б-гийн хашаанаас зурагт тэврээд гарч байна “ гэхээр нь би шууд гэр рүү яваад очсон. Тэгээд Ш.Б- руу залгаж хэлээд би цагдаад дуудлага өгсөн. Ойр хавьд хайж байгаад Сувдын гүүрэн дээрээс тэр хулгай хийсэн хүнийг барьсан...” гэх мэдүүлгээр,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 7-15 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 32-35 /

 

Хохирогч Ш.Б-д 32 инчийн ЛСД Самсунг маркийн зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 18-19 /

 

Яллагдагч Л.Б-ийн / хх 5-6 / “...Би хашаанаас гараад явж байхад цагдаа ирж барьж аваад зурагтыг буцааж өгөөд цагдаа намайг аваад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Б-эд холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Б-эд ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 400.000 төгрөгний хохирол учирсан, хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн, хялбар аргаар мөнгө олох зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ш.Б-д эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн / хх 18 / байх тул шүүгдэгч Л.Б-ийг бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл  52 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Б-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б- нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ийн цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Л.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Л.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ