Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1119

 

 

 

 

 

 

 

  2022       11          28                                     2022/ШЦТ/1119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Д.Ё-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн 2205008261238 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д.Ё- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс захын ногооны 1 дүгээр зооринд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу тахир төмөр ашиглан хохирогч Н.Л-ын өмчлөлийн сейфнээс 2.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамж 42 тоотын гадна байрлуулсан байсан иргэн Б.Д-ын эзэмшлийн 28-32 АРА улсын дугаартай Тоёота сай маркын тээврийн хэрэгсэл дотроос түүний хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.070.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54-399-е тоот хашаанд байрлах иргэн Д.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж Самсунг А-52 загварын гар утас 1 ширхэг, ЛЖ загварын 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 720.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-369 тоотод оршин суух иргэн А.Л-гийн байшинд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 390.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ё- мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.А.Л-, Д.Б- нарын хохирлыг төлсөн. Үлдсэн хохирлоо ажил хөдөлмөр эрхэлж нөхөн төлнө” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Л-ын мэдүүлэг / 1хх-ийн 16-17 /, гэрч Л.П-гийн мэдүүлэг / 1хх-ийн 19 /, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 31-33 /, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 7-8 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 9 /, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 36-38 /, хохирогч Б.Д-ын мэдүүлэг / 1хх-ийн 117 /, Б.Д-ын Хаан банкны .. дугаартай дансны хуулга / 1хх-ийн 107 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 109-112 /, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 158-162 /, хохирогч А.Л-гийн мэдүүлэг / 1хх 168-170 /, “Дамно” ХХК-ний №СБ2-22-977 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 179-180 /, хохирогч Д.Б-ын мэдүүлэг / 1хх 213 /, “Дамно” ХХК-ний №СБ2-22-931 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 223-224 /, яллагдагч Д.Ё-гийн мэдүүлэг / 1хх-ийн 28, 247-248 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх-ийн 138 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ё- нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс захын ногооны 1 дүгээр зооринд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу тахир төмөр ашиглан хохирогч Н.Л-ын өмчлөлийн сейфнээс 2.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамж 42 тоотын гадна байрлуулсан байсан иргэн Б.Д-ын эзэмшлийн 28-32 АРА улсын дугаартай Тоёота сай маркын тээврийн хэрэгсэл дотроос түүний Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.070.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54-399-е тоот хашаанд байрлах иргэн Д.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж, Самсунг А-52 загварын гар утас 1 ширхэг, ЛЖ загварын 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 720.000 төгрөгний хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-369 тоотод оршин суух иргэн А.Л-гийн байшинд нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 390.000 төгрөгний, бусдад нийт 4.180.00 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Н.Л-ын / 1хх-ийн 16-17 / “...Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өглөө Барс захын ногооны 8 дугаар зооринд буюу ажил дээрээ 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2 боодол, 10.000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол арай хүрэхгүй мөнгө бэлдээд ажлын сэйфэнд хийгээд цоожлоод гадуур ажил хөөцөлдөхөөр гарсан. Маргааш буюу 17-ны өдрийн өглөө ажил дээрээ очоод сэйфээ шалгатал 1 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу 2.000.000 төгрөг нь алга болсон байсан. Тэгээд хүү Пүрэвсүрэнд хэлээд ажлын камер шүүж үзэхэд манайд ачигч хийдэг байсан Д.Ё- ажлын камерыг салгаад дараа нь буцаагаад холбож байгаа бичлэг байсан. Тэгээд Д.Ё-гоос мөнгөний талаар асуухад өөрөө аваад бүгдийн үрээд дууссан гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Л.П-гийн / 1хх-ийн 19 / “...Би Барс зах дээр ногоо худалдан борлуулдаг ба манай туслах Д.Ё- 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зооринд байрлах ажлын байрны өрөөнд байдаг төмөр сэйфнээс 2.000.000 төгрөг хулгайлан авсныг мэдээд цагдаагийн газарт дагуулан авч ирэхэд тэрээр хяналтын камерыг салгаад сэйфний хаалгыг төмрөөр хөшөөд гараа оруулж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 31-33 /

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 7-8 /

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд / 1хх-ийн 9 / “...Д.Ё-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх зүйл нь төмөр материалтай нийт урт нь 30 орчим см, үзүүр хэсгээрээ бага зэрэг тахийсан эд зүйл байна” гэв.

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 36-38 /

 

Хохирогч Б.Д-ын / 1хх-ийн 117 / “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо малчны 1-42 тоот манай гэрт Д.Ё- бид хоёр ирсэн бөгөөд тухайн үед би машинаа цоожлоод гэртээ орсон. Д.Ё- миний машинаас куртикээ авна гэхээр нь би хамт гараад машинаа онгойлгож авч өгөөд цоожлоод өөрөө түлхүүрээ биедээ авсан. Тэгтэл орой Д.Ё- Баянхошууны тойрог дээр хүнтэй уулзана гэж гараад буцаад хүрч ирээд манайд хоносон. Өглөө 07 цагийн орчим “Цагдаа дээр мөнгөний асуудалтай байгаа. Тийшээ очно” гээд гэрээс гараад явсан. Би гэртээ унтаж байгаад 10 цагийн орчим гар утсаа шалгатал миний Хаан банкны 5147190633 дугаарын данснаас 1.070.000 төгрөг гарсан зарлагын мессеж ирэхээр Хаан банк руу залгаж дансаа хаалгасан. Тэгээд Д.Ё-г сэжиглээд цагдаад өргөдөл өгнө гээд түүнд хэлэхэд “Би мөнгийг чинь аваагүй ч гэсэн чамд мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад өргөдөл гаргахад Д.Ё- ирээд манай эхнэр Азжаргалын данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 370.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр, 

 

Б.Д-ын Хаан банкны 5147190633 дугаартай дансны хуулга / 1хх-ийн 107 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 109-112 /

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 158-162 /

 

Хохирогч А.Л-гийн / 1хх 168-170 / “...Би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 53-369 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Өнөөдөр ажил дээрээ байж байтал манай хүү аав руугаа залгасан байсан. Аав нь над руу залгаад гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай нөхөр бид хоёр 8 цаг өнгөрч байхад гараад ажил руугаа явсан. Тэгээд гэртээ иртэл тавиур дээр байсан 3 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Мөн Д.Б- эгч манайд хулгай орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний №СБ2-22-977 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 3ш мөнгөн аягыг 390.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 179-180 /

 

Хохирогч Д.Б-ын / 1хх 213 / “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 цагийн үед би гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Тэгээд удалгүй манай том хүү Ууганбаяр над руу залгаад “Ээж та цэнэглэгч авсан уу” гэхээр нь би аваагүй , зурагтын өмнө байсан гэж хэлтэл манай дунд хүү З.Отгонбаярын Самсунг А52 маркын гар утас, бага хүү З.Батбаярын ЛЖ маркын гар утас, бага охин З.Энххүслэнгийн ЛЖ маркын гар утаснууд алдагдсан байсан. Би төрсөн ах Д.Даваасүрэнгийн Д.Ё-г сэжиглэж байна...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний №СБ2-22-931 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 3ш гар утсыг 720.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 223-224 /

 

Яллагдагч Д.Ё-гийн / 1хх-ийн 28, 247-248 / “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Барс захын 1 дүгээр зооринд ажлын өрөөнд байдаг сэйф рүү очиж камерын утсыг нь салгаж, тухайн сэйфний хаалгыг төмрөөр хөшиж гар орох зай гаргаад гараа оруулж дотроос нь мөнгө атгаж аваад гарсан. Би тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ үрээд дуусгасан. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын дундуур танил Б.Д-тай хамт хөдөөнөөс түүний машинтай Улаанбаатар хотод орж ирээд Б.Д-ын гэрт хоносон. Тэгэхэд Б.Д- нь надад картаа өгөөд дэлгүүрээс тамхи худалдаж авхуулсан. Маргааш өглөө нь би 07 цагт тэдний гэрээс гарсан бөгөөд надад Б.Д-ын карт байхаар нь АТМ-с 1.070.000 төгрөг аваад картыг нь хаясан. Уг мөнгөнөөс 300.000 гаруй төгрөгийг нь идэж ууж дуусгасан. Үлдсэн 700.000 төгрөгийг Б.Д-д буцаагаад данс руу нь шилжүүлсэн. ...2022 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө аав Даваасүрэнгийн гэр болох Бэлхэд очиж хоносон. Маргааш өглөө нь Б.Д.Б-ын гэр рүү ус авах гээд орох үед ширээн дээр нь байсан 3 ширхэг гар утсыг аваад гарсан. Тухайн үед хүүхдүүд нь унтаж байсан. Ингээд Хархорин зах дээр очиж 3 утсыг 110.000 төгрөг үл таних хүмүүст зарсан. Мөн уг мөнгөө ууж идээд дуусгасан. ...Тэгээд би аавын хамаатны дүү Өлзийбаярынд очиж “Портер машинаа хэд хоног хэрэглүүлээч” гэж гуйх санаатай очсон. Тэгэхэд 7 дугаар ангийн эрэгтэй хүүхэд нь ганцаараа байсан. Намайг гэрээс гарах үед хүүхэд нь сагсны шийд рүү тоглох гээд явсан. Тэгэхээр нь би буцаж тэдний гэр рүү ороод бурханы хажууд байдаг 3 ширхэг мөнгөн аягыг нь авч яваад Сансарын тунелд байрлах ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Миний бие дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ё-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ё-гийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Ё-д ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ё- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 4.180.000 төгрөгний хохирол учирсан, хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, хялбар аргаар мөнгө олох зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Ё-гийн гэм буруут үйлдлийн улмаас бусдад нийт 4.180.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд дээрх хохирлоос шүүгдэгч нь мөрдөн шалгалтын явцад хохирогч Б.Д-д 700.000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 370.000 төгрөгийг, хохирогч Н.Л-ын 2.000.000 төгрөг, нийт 2.370.000 төгрөгийг Д.Ё-гоос гаргуулж хохирогч нарт олгох, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгээс хохирогч Д.Б-, А.Л- нарын хохирлоо барагдуулж авсан тул гомдол саналгүй гэх хүсэлтийг гаргаж өгсөн тул тэдгээрт төлөх төлбөргүйг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг тахир төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Ё-гийн (2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд) цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэргийг шийдвэрлэсэн тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/218б дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ё-г үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ё-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Ё-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг тахир төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ё-гийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ё-гоос нийт 2.370.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Л-т 2.000.000 төгрөг, Б.Д-д 370.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Д.Ё-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөс эхлэн тоолж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/218б дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Д.Ё-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ