Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 185/2022/0203/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1169 |
Огноо | 2022-12-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., 11.7.1.2., 17.8.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1169
2022 12 14 2022/ШЦТ/1169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогчийн өмгөөлөгч С.Батдэлгэр,
шүүгдэгч Т.Р-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Т.Р- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутаас 23 цаг 30 минут хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн .... тоот гэртээ согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар түүний 430.000 төгрөгний үнэлгээ бүхий Оппа А9 загварын гар утсыг хана руу шидэн дахин ашиглах боломжгүй болгон устгаж, хохирогч Г.Д-г бусадтай холбогдох, эмнэлгийн тусламж дуудах нөхцөл бололцоог хязгаарлаж улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь олон тооны шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин дарамталж айлган, гомдол саналгүй гэсэн бичиг бичүүлэн авсан, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны гүүрэн дээр эхнэр Г.Д-г “Цагдаад бүгдийг нь хэллээ“ гэх шалтгаанаар хоолойг нь боож, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Р- мэдүүлэхдээ: “...Миний бие хөдөө орон нутагт ажилладаг байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэргэшсэн жолоочийн үнэмлэхийнхээ хугацааг сунгуулахаар хотод ирсэн. Тэгээд эхнэрээс “Мөнгө өгөөч” гэхэд “Чамд өгөх мөнгө байхгүй. Гуйлгачин минь” гэж зүй бус харьцсанаас болоод маргалдсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхнэр бид хоёр хүүхдийн сургуулийн гадаа уулзсан бөгөөд би уучлалт гуйгаад “Гомдол саналгүй гэсэн бичиг хийгээд өгөөч” гэж гуйтал “Дахин архи уухаа боль” гээд тухайн бичгийг бичиж өгсөн. Эхнэр надтай зүй бус харьцдаг. Би түргэн ууртай тул эхнэрийн зүй бус үйлдлийг тэвчилгүй эхнэрийнхээ биед халдсан. Гүүрэн дээр болсон асуудалд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Д-гийн мэдүүлэг / хх 27-28 /, хохирогч Г.Д-гийн дахин өгсөн мэдүүлэг / хх 174 /, гэрч Г.Б-ийн мэдүүлэг / хх 32 /, гэрч Г.Ц-гийн мэдүүлэг / хх 34 /, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх 11 /, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 13-14 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2006 дугаартай дүгнэлт, / хх 16-17 /, “...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 19-20 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 41 /, яллагдагч Т.Р-ын мэдүүлэг / хх 162 /, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай зөрчлийн шийтгэвэр, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 87 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 88 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Р- нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутаас 23 цаг 30 минут хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн .... тоот гэртээ согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар түүний 430.000 төгрөгний үнэлгээ бүхий .. загварын гар утсыг хана руу шидэн дахин ашиглах боломжгүй болгон устгаж, хохирогч Г.Д-г бусадтай холбогдох, эмнэлгийн тусламж дуудах нөхцөл бололцоог хязгаарлаж улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь олон тооны шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин дарамталж айлган, гомдол саналгүй гэсэн бичиг бичүүлэн авсан,
2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны гүүрэн дээр эхнэр Г.Д-г “Цагдаад бүгдийг нь хэллээ” гэх шалтгаанаар хоолойг нь боож, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан тарчлаасан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.Д-гийн / хх 27-28 / “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Т.Р- намайг эгч Б...гийн гэр рүү хоёр хүүхдээ дагуулж явсны дараа ганцаараа үлдээд архи уусан. Би эгчийн гэрээс 18 цаг 30 минутын үед ганцаараа буцаад гэртээ ирэхэд Т.Р- архи уучихаад намайг хэл амаар доромжлоод байсан. Би гар утсаа аваад гэрээс гарч зугтаах гэтэл Т.Р- миний Оппа загварын гар утсыг булааж аваад хана руу шидээд эвдсэн. Тэгээд миний нүд рүү гараараа цохиод намайг газар унасан байх үед миний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд намайг ухаан алдтал зодсон. Т.Р- над руу ус цацаж сэрээгээд дахиад зодсон. Намайг газар унасан байхад Т.Р- миний дээр сууж байгаад нэг гараараа миний хоолойг боогоод нөгөө гараараа намайг зодсон. Т.Р- 18 цаг 30 минутаас 23 цаг өнгөрч 2 хүүхэд ирэх хугацаанд намайг зодож тарчлаасан...” гэх мэдүүлгээр,
Хохирогч Г.Д-гийн дахин өгсөн / хх 174 / “...Т.Р- 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 сарын хугацаатай хоригдож гарч ирээд “Шүүх дээр хэрэг шийдэгдэх гээд байна. Гар утасны мөнгө өгсөн. Гомдол саналгүй гэж бич” гэж намайг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш... сургуулийн гадна хүүхдээ хүргэж өгөөд хөдлөх гэхэд отож байгаад машин дотор орж ирээд намайг дарамталсан. Би айсандаа бичиг хийж өгсөн. Тэгээд 3 дахь өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрийн гадна намайг отож байгаад машин дотор орж ирээд машины хэрэг байна гэж хэлээд машин аваад явсан. Үдээс хойш нь Т.Р- машин авчирсан бөгөөд намайг Хан-Уул дүүрэг рүү хүүхдээ авах гээд явахад автобусны буудал дээр бууна гэж хамт явж байгаад Энхтайваны гүүр өнгөрөөд явж байхад “Чи цагдаад бүгдийг хэллээ” гэж уурлаад намайг багалзуурдсан. Би цагдаа дуудлаа гэсэн чинь машинаас буугаад зугтаасан. Т.Р- намайг гомдол саналгүй гэсэн бичгийг хүчээр бичүүлсэн. Миний хоолойг боосон. Уг үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа...” гэх мэдүүлгээр,
Гэрч Г.Б-гийн / хх 32 / “...Намайг ороход Т.Р-ыг цагдаа аваад явчихсан байсан. Гэр нь ундуй сундуй болсон байдалтай Г.Д-гийн барьдаг Оппа гар утас нь газар эвдэрсэн нүүр нь хагарчихсан байсан. Ванны өрөө, угаалтуур, хаалганы бариул нь цус болчихсон байсан. Тэгээд Г.Д-гийн царайг харахад баруун нүд нь таглараад юм харахгүй, нүүр, толгой нь битүү хавдчихсан. Хоолойгоо боолгосноос дуугарч чадахгүй байна гээд хөдөлж чадахгүй байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Г.Ц-гийн / хх 34 / “...Г.Д-гийн хоёр хүүхэд нь манай ээжийг аав зодсон байна гээд гүйгээд ирсэн. Тэгэхээр нь Г.Д-гийн гэрт яваад ороход Т.Р- согтуу байдалтай, Г.Д- зодуулсан байдалтай, толгойтой үс нь норчихсон, хоолой нь сөөгөөд дугарч чадахгүй, өрөөсөн нүд нь хавдаад юм харахгүй, цамц нь цус болчихсон нойтон, бие нь хөх няц болсон уйлаад сууж байсан...” гэх мэдүүлгээр,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх 11 /
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 13-14 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2006 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Д-гийн биед баруун нүдний зовхи, баруун хацар, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, хэвлий, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 16-17 /
“...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр “Oppa 9 маркын гар утсыг 430.000 төгрөгөөр” үнэлсэн тайлан / хх 19-20 /
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 41 /
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 840 дугаартай шийтгэвэр
Яллагдагч Т.Р-ын / хх 162 / “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа. Би нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Р-т холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан байна. Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм. Иймээс гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардахаар хуульчилсан байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан тул шүүгдэгч Т.Р-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутаас 23 цаг 30 минут хүртэл хугацаанд эхнэр Г.Д-гийн гар утсыг хана руу шидэж устгаж, улмаар цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин дарамталж айлган, гомдол саналгүй гэсэн бичиг бичүүлэн авсан, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Г.Д-г “Цагдаад бүгдийг нь хэллээ“ гэх шалтгаанаар хоолойг нь боож, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан тарчлаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Р-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Р-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Р- нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч дахин гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд удаа дараа халдаж гэмтэл учруулсан, эд хөрөнгийг нь устгаж, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, хохирогч Г.Д- нь гар утасны хохиролд 430.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялаар сольж, 6 (зургаа) сарын хорих ялыг оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
“...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр “Оpa 9” загварын гар утсыг 430.000 төгрөгөөр үнэлсэн тул уг 430.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Д-д олгов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Р- нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 34 хоног, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 93 хоног, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс шүүх хуралдаан хүртэл 64 хоног, нийт 191 цагдан хоригдсон тул эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Р-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Р-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 6 (зургаа) сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Р-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 430.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Р-ын цагдан хоригдсон 191 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Т.Р-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Р-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ