Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0869

 

 

 

 

 

2021 12 15 0869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, Ц.Э

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж

Гуравдагч этгээд: ТЖ ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нарын хоорондын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ТЖ ХХК-д олгосон MV-****69 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ТЖ ХХК-д олгосон MV-****69 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах гэж тодорхойлжээ.

2. М сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сумын эдэлбэр газрыг чөлөөлөх тухай 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Төрийн захиргааны бүхий л байгууллагад өргөдөл, хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ТЖ ХХК-д олгосон MV-****69 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт тавьж, захиргааны байгууллагаас хүсэлтийг нь хангахаас татгалзсан хариу авч, хуулийн хугацаанд шүүхэд хандсан байна.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар М сумын хилийн заагийг тогтоож, сумын төвийг ЗБ байхаар тогтоож, баталгаажуулсан байхад сумын нутаг дэвсгэр буюу сумын төв байрлаж байгаа газарт гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн үйлдэл нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж,

2/ Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д нийтийн эдэлбэр газарт хот, тосгон бусад суурины гудамж, талбай, зам зэрэг газар хамаарна гэж хуульчилсан бөгөөд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 288 га газарт 1015 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил 17, төрийн байгууллагын эзэмшил 50, үл хөдлөх хөрөнгө 158, гэр сууц 150 байгаа тул тэдгээрийн эзэмшиж, ашиглаж байгаа газруудтай давхцуулж маргаан бүхий актыг гаргаж, гуравдагч этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь сумын 2734 иргэд болон төрийн байгууллагууд оршин суух, үйл ажиллагаа явуулах газаргүй болж байна гэж,

3/ MV-****69 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т усны сан бүхий газрын хамгаалалтын бүс гэж хуулиар хориглосон талбайтай хэсэгчилсэн давхцалтай, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.10-д газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох болон нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр Засаг даргын захирамж нь илэрхий хууль зөрчсөн байсан тул хуулийн хүрээнд зассан гэж,

4/ Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ТЖ ХХК-д олгосон MV-****69 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль зүйн тайлбартаа:

1/ Хууль зүйн хувьд Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон бусад хууль, дүрэм журмыг зөрчсөн шийдвэр юм. Мөн захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал тайлбартаа:

1/. Гуравдагч компани нь 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д аймгийн М сумын ЗБ нэртэй 2665 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж кадастрын бүртгэлийн талбайд 17522Х дугаарт бүртгүүлсэн байдаг. Өргөдөлд зураг зүйн шүүлт хийж үзэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж орон нутгаас санал авахад 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/277 тоотыг хүргүүлэхэд Д аймгийн Засаг дарга нь 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот санал өгөх хуудсаар ТЖ ХХК-д 2665 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгсөн байдаг. Мөн Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сумын эдэлбэр газрыг чөлөөлөх тухай 28 дугаар тогтоолоор сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцэж ТЖ ХХК-ийн хайгуул ашиглалтын эхлүүлэх зорилгоор тус сумын төвийн эдэлбэр газраас доорх солбицол бүхий газрыг чөлөөлсөн байдаг.

2/ Өргөдөлд орон нутгаас нь дэмжсэн санал ирсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9.1 дэх заалтыг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 11400 тоот тусгай зөвшөөрлийг ТЖ ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болсон.

3/ ТЖ ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийнхээ хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр ТЖ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно гэжээ.

6. Гуравдагч этгээд хариу тайлбартаа:

1/ ТЖ ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг тухайн үед мөрдөгдөж байсан хууль ёсны дагуу авсан. Мөн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан учир нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ТЖ ХХК-д олгосон MV-****69 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...сумын 2734 иргэд болон төрийн байгууллагууд оршин суух, үйл ажиллагаа явуулах газаргүй болсон гэж, хариуцагчаас 11400Х дугаартай  Д аймгийн М сумын нутаг ЗБ нэртэй 1154.03 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглалтын MV-****69 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр ТЖ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

9. Анх ТЖ ХХК-д Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын / хуучин нэрээр/ 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 11400Х тоот тусгай зөвшөөрлийг олгож, тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэж хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

10. Үүний дараа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2009 оны 189 дүгээр, 2012 оны 122 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдийн ашигт малтмалыг хайгуулын 11400Х тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.

11. Гуравдагч этгээдээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV-****69 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

12. Хариуцагчаас ...гуравдагч этгээдээс гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэн зураг зүйн шүүлт хийж үзээд орон нутгаас санал авах тоотыг хүргүүлсэн, Д аймгийн Засаг дарга 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот албан бичгээр хүсэлт гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгсөн, мөн Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сумын эдэлбэр газраас чөлөөлөх тухай 28 дугаар тогтоолоор тус сумын төвийн эдэлбэр газрыг бүхэлд нь сумын эдэлбэр газраас чөлөөлсөн байсан тул хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр хууль тогтоомж зөрчөөгүй... гэж тайлбар гаргаж байгаа.

13. Энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан Д аймгийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот саналаар, Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хууль заасны дагуу жил бүр урьдчилан төлж байсан баримтуудаар, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны ХХ-05-05 тоот дүгнэлтээр, нөөцийг хүлээн авч бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Н/91 дүгээр тушаалаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий үнэлгээ хийсэн тухай 2018 оны 13/7128 тоот албан бичгээр, тухайн компанийг байгаль орчны талаар хүлээсэн үүргээ цаг тухайд нь хийж ажилласан гэсэн М сумын засаг даргын тамгын газрын 2018 оны 2/76 тоот тодорхойлолтоор, байгаль орчинд сөрөг нөлөөл үзүүлээгүй тухай М сумын Байгаль орчны хяналтын байцаагчийн 2018 оны тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

14. Гэхдээ Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор М сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлсөн хэдий ч бодит байдалд дээр өнөөдрийг хүртэл тус сумын төвд 2734 иргэд болон төрийн байгууллагууд оршин сууж, үйл ажиллагаа явуулсаар байгаа тул энэ газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нь тогтоогдож байна.

15. М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага хэмээх нийтийн эрх зүйн этгээдийн хувиар захиргааны байгууллагад хамаарч байгаа бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлын шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нутгийн өөрөө удирдах ёс нь ...тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн гэж, 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсэгт ...иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж, 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх хэсэгт иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах... гэж зааснаар тухайн нутаг дэвсгэрийн нийт хүн амын эрх ашгийг төлөөлөх эрхтэй буюу нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм.

16. Иймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд, түүнийг төлөөлөн Хурлын дарга бусад нийтийн эрх зүйн этгээдийн адил захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, тодруулбал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бусад захиргааны байгууллага шиг хуулиар тусгайлан нэхэмжлэл гаргах эрх үүссэн байхыг шаардхааргүй байна.

17. БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар М сумын хилийн заагийг тогтоож, сумын төвийг ЗБ байхаар заасан байхад Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сумын эдэлбэр газраас чөлөөлөх тухай 28 дугаарт тогтоолоор ТЖ ХХК-д хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлүүлэх зорилгоор тус сумын төвийн эдэлбэр газрыг бүхэлд нь чөлөөлсөн байна.

18. Үүнийг М сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх бөгөөд М сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Төрийн захиргааны бүхий л байгууллагад өргөдөл, хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ТЖ ХХК-д олгосон MV-****69 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт тавьж, захиргааны байгууллагаас хүсэлтийг нь хангахаас татгалзсан хариу авчээ.

19. Дээрх үйл баримт нь Монгол Улсын Засаг захираа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1-ийн ж/-д тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох-оор заасныг зөрчөөгүй байна.

20. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газар-ыг хэлнэ гэж зааж, 6 дугаар зүйлийн 6.2Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.2хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар гэж заасан байхад гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын MV-****69 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон бодит байдал дээр М сумын иргэн аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын эзэмшил ашиглалтын газартай бүхэлдээ давхацсан байдаг бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

21. Газрын тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид Засгийн газрын эрх бүхий байгууллага гэнэ/ тус тус батална гэж, 12 дугаар зүйлд заасан Хот тосгон бусад суурины газарт 12.1-т Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна, 12.2-д Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж зааснаас үзвэл сумын төвийн эдэлбэр газар гэдэг нь эрх бүхий байгууллагаас хилийн заагийг тогтоосон засаг захиргааны нэгж байх тул тухайн газар нутгийг нийтийн эдэлбэр газраас чөлөөлөх эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эдлэхээргүй байна.

22. Гуравдагч этгээдээс ашигт малтмалын ашиглалтын MV-****69 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй, явуулах ч боломж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, харин нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг орон нутгийн өмчид шилжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн боловч орон нутгийн удирдлагаас энэ талаар шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн байна.

23. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын ашиглалтын MV-****69 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т усны сан бүхий газрын хамгаалалтын бүс гэж хуулиар хориглосон талбайтай хэсэгчилсэн давхцалтай байна гэж маргаж байгаа боловч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн лавлагаагаар гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй, мөн улсын тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй, харин М сумын төв хамрагдсан байна гэжээ.

24. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4-т  ... ашиглалтын тусгай зөвшөөрөл авах  хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх-ээр заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

25. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ТЖ ХХК-д олгосон MV-****69 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах-ыг хүссэн шаардлагын тухайд шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор ашигт малтмалын ашиглалтын MV-****69 дугаартай тусгай зөвшөөрөл хүчингүй болох шууд үр дагавар үүсэхээр байх тул энэхүү шаардлага хангагдсан гэж ойлгохоор байна.

26. Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сумын эдэлбэр газраас чөлөөлөх тухай 28 дугаарт тогтоолыг хүчингүй болгосон М сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолтой ТЖ ХХК нь маргаагүй байна.

27. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 10.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.1.7, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Д аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

   

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ