Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 184

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт Б.С  /РД:.................../, Өмнөговь аймгийн Гурвантэс сум, .................. багт

Хариуцагч: ******* овогт С.С  /РД:..................../, Өмнөговь аймгийн Гурвантэс сум, .......................... тоот

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С , хариуцагч С.С , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С тэй 2008 оны 12 дугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү С.Х , 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү С.П  2 настай. Хамт амьдарсан эхний жилүүдэд бие биенээ халамжилж, үр хүүхдээ сайхан өсгөн хүмүүжүүлж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд үзэл бодол, зан байдал хоорондоо таарч тохирохоо больж үргэлж хэрэлдэж маргалдах болсон. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон тул 2018 оны 06 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Иймд бидний 2008 оны №0******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би С.С гээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа гэв.

Хариуцагч С.С  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С  бид хоёр 2008 онд танилцаж гэр бүл болоод 2011 онд С.Х , 2016 онд С.П  нар төрсөн. 2018 оны 06 дугаар сараас бид тусдаа амьдарсан. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхээр тохирсон. Хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Иймд Б.С гийн гаргасан гэрлэлт цуцлуулж хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид үзэл бодол, сэтгэл нийлэхгүй болохоор тусдаа амьдарсан гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.С  нь хариуцагч С.С д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч С.С  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

Б.С , С.С  нар нь 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэсэн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү С.Х , 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү С.П  нар төрсөн болох нь тэдний 0000553836, 0000165751 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбараар тус тус нотлогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гарган бие биенээ гэсэн сэтгэл нь хөндийрсний улмаас тэдний харьцаа таарамжгүй болж, улмаар 2018 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарсан, энэ хугацаанд Б.С  нь өөр хүнтэй хамтран амьдрах болсон, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн С.Х , С.П  нарыг эх Б.С гийн асрамжид байлгахаар зохигчид санал нэгдэж хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү С.Х , С.П  нарыг эх Б.С гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү С.Х , С.П  нарыг хуульд заасан хэмжээгээр эцэг С.С гээр сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.С  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 50 873 төгрөг нийт 121 073 төгрөг төлөх тул илүү төлсөн 19 327 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч С.С гээс улсын тэмдэгтийн хураамжид 121 073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт С.С  /................./, ******* овогт Б.С  /....................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү С.Х , хүү С.П  нарыг эх Б.С гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.С гээс 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү С.Х , 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү С.П  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг, зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С гээс улсын тэмдэгтийн хураамжид 121 073 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 19 327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгосугай.

8. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОТГОНСҮРЭН