Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2019/00425

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2019/00425

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны В танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ийн 1-9 тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ийн 1-9 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын ад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа

Нэхэмжлэгч Ц.*******

Хариуцагч Ж. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2003 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ 2006 онд албан ёсоор бүртгүүлсэн. 2005.09.15-ны өдөр хүү М., 2016.03.01-ний өдөр хүү М.нарыг төрүүлсэн. Бид 19 настайгаасаа эхэлж үерхэж нөхөрлөж явсаар гэр бүл болсон бөгөөд эхний нэг жил сайхан амьдарч байсан. Гэтэл нөхөр ын зан авир танигдах болж архи уух дуртай, хэрүүл маргаан үүсгээд байдаг болсон. Бид 2007 оноос хойш ******* аймагт амьдрах болсон. Би нөхөртөө итгэж, сайхан амьдарна гэж энэ хүний хань болж өдий олон жил амьдрах хугацаандаа ын гаргаж буй зан авирыг дэндүү их тэвчиж ирсэн. Сүүлийн үед ын зан авир тэвчихэд бэрх болж намайг хардах нь ихэсч, улмаар архи уухаараа агсан согтуу тавьж зодож гэр бүлийн хүчирхийлэлд хэт автагдах болсон. Архи уусан үедээ агсан тавьж, зодож, гартаа таарсан зүйлээ шиддэг байсан. Би ******* аймагт таних хүн байхгүй хэцүү байдаг байсан учраас ээж эгч нараа авчирсан. Ээж эгч, хүргэн ах нарын минь нүдэн дээр 2018 оны 10 сард намайг зодсон. Архи уугаад явахаараа надад хэлэхгүй, утсаа салгаад алга болдог, сүүлдээ намайг байнга хардаж, дарамталдаг болсон. Намайг найз нөхөдтэйгөө, ажлын хамт олонтойгоо хааяа нэг гарангуут зодож, дарамталдаг, ажил дээр хүртэл очиж зоддог, сүүлдээ найз нөхөд ажлын хамт олноосоо ичдэг болсон. Энэ балмад зан нь архи уусан үед ч эрүүл үед нь ч байнга давтагддаг. Би дэлгүүр хэсэх, хумсаа будах, гоо сайхан орох ямар ч эрхгүй амьдардаг. Хүүхдийн минь дэргэд намайг элдвээр хэлж дарамталдаг байсан. Хүүхдүүддээ ийм буруу үлгэр дуурайлал дахиж үзүүлэхийг хүсэхгүй байна. Би хоёр хүүхдээ тайван амьдруулахыг хүсэж байна. Бидний маргаанаас болж олон хүн зовж байна. намайг зодож дарамталсны дараа дахиж тийм зан гаргахгүй, дахин боломж олгооч гэж байнга гуйдаг ч зодож дарамтлах байдал нь үргэлжилсээр л байдаг. Намайг сэтгэл зүйчид хандаж үзүүл гэхэд огт авч хэлэлцдэггүй байсан. нь өөрийгөө өөрчлөх талаар огт боддоггүй, Сая хамгийн сүүлд эвлэрүүлэн зуучлал дээр ямар ч идэвхигүй байсан, мөн дахин уулзалт товлосон байх үед намайг сургалтанд яваад ирэхэд хардаж зодсон учраас дахин энэ хүнийг уучилж эвлэрэх ямар ч хүсэл байхгүй болсон. Эвлэрүүлэх хугацаа авсан шалтгаан нь ын ээжийг гуйгаад байхаар нь гайгүй болчих болов уу гэсэндээ хугацаа авсан. Хамгийн сүүлд намайг зодсоны дараа би ээжийндээ очихдоо хоёр хүүхдээ авч явах гэсэн боловч явуулаагүй. Гэтэл араас хоёр хүүхэд чинь уйлаад байна гээд аваад ирсэн. Том хүү маань одоо 14 настай, аав ээж хоёрынхоо энэ үйлдэл болгоныг харж байдаг, сэтгэл санаагаа огт хуваалцдаггүй. Тиймээс хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байх гэж үргэлж санаа зовдог, аавтайгаа адилхан архи дарс уудаг болчих вий, хүн амьтан дээрэлхдэг болчих вий, том болоод эхнэр аваад зоддог болчих вий гэж би байнга боддог. Хоёр хүүхэд маань өнчирч хоцорч байна гэж би бодохгүй байна. Аавтайгаа уулзаж байх боломжоор нь хангаж байх болно. Иймд энэ хүнтэй цаашид дахин хамт амьдрах ямар ч боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр хүүхдээ би өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Өмч хөрөнгийн маргаан одоогоор байхгүй, бид үл маргах журмаар шийднэ гэв.

 

Хариуцагч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тэй 10 гаруй жил хамт амьдарсан бөгөөд бид хоёр хар багаасаа үерхэж нөхөрлөж явсаар гэр бүл болсон. Энэ олон жилийн хугацаанд сэтгэл маань хувирч байгаагүй. Энэ хугацаанд бид хоёр хүүгийн ээж аав болсон. Би ээлжийн ажил хийдэг тул нэг хоног ажиллаад хоёр хоног амардаг байсан. Би анх эхнэрээ бага харддаг байсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг ээлжтэй байхад ******* нь хүний нөхөртэй цуг караокед байсан юм билээ. Тэгээд намайг ажлаасаа ирэхэд гэртээ байхгүй байсан тул би ажил руу нь очсон. Тэгэхэд ******* нь ажлынхаа Батцэцэг гэдэг хүүхэнтэй хамт байсан гэж худлаа хэлсэн. Ингээд бид маргалдаж, зодолдож намайг цагдаад өгсөн. Тухайн үед ******* нь эрэгтэй хүнтэй явж байгаад эхнэрт нь баригдсан гэж сүүлд сонсогдсон. ******* нь анх архи дарс уудаггүй байсан бөгөөд ажилд орсноосоо хойш их уудаг болсон. Энэ бүхэн нь надад бодогдож хэцүү байдаг байсан учраас эхнэрээ хардаж зовоодог байсан нь үнэн. Тэсэхгүй уурандаа гар хүрчихдэг, энэ алдаагаа би ойлгож гэмшиж байна. ******* нь намайг энэ ажилд ороод гурван жил ээлжээр ажиллахад нэг ч удаа халуун савтай хоол, цай авчирч өгч байгаагүй, надад хайр халамж тавьж байгаагүй. Би *******ийг өөр хүнтэй болсон юм болов уу гэж бодож байна. Би амьдралаа авч явахын тулд цалингийн зээлээрээ үхэр худалдан авч цуглуулж байгаа. Би эхнэрээсээ салахыг хүсэхгүй байна. Цаашдаа эхнэрээсээ салаад хэрхэн амьдрахаа ч төсөөлж чадахгүй байна. *******тэй би буцаж нийлэхийг хүссэн боловч ******* нь зөвшөөрөхгүй байна. Би хоёр хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Эвлэрүүлэн зуучлалд байхад энэ ажиллагааны учир холбогдлыг сайн ойлгоогүй, ийм амархан салах асуудал шийдэгдэнэ гэж би огт ойлгоогүй, Би өөрийгөө өөрчилж чадаагүйдээ одоо харамсаж байна, цаашид өөрийгөө өөрчилнө гэж бодож байна. Гэр бүл салах болбол хоёр хүүхдээ ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй, хоёр хүүхэд маань цуг өсөх ёстой гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.ад холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т тус тус заасны дагуу шүүхээс гадуур урьчдилан шийдвэрлэх ажиллагаа буюу гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэх шаардлагагүй гэж үзэн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн болно.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2003 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2006 оны 07 сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү М. 2005 оны 9 сарын 15-ны өдөр, хүү М.2016 оны 3 сарын 01-ний өдөр тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, бие биендээ анхаарал халамж үзүүлдэггүй, нөхөр Ж. нь эхнэр Ц.*******ийг бусадтай хардах, хэл амаар доромжлох, дарамтлах, улмаар зодож биед нь гэмтэл учруулах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үзүүлдэгээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж тэдний харьцаа таарамжгүй болсон байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.

Хариуцагч Ж. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би эхнэрээсээ салж, хоёр хүүхдээ өнчрүүлж, гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байна. Гэр бүл цуцлах асуудал ийм хурдан шийдэгдэнэ гэж бодоогүй.. гэж тайлбарлаж байна.

Шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзсэн боловч нэхэмжлэгч Ц.*******ийн эвлэрэх хугацаа авах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Гэр бүлйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар тэдэнд эвлэрүүлэх гурван сарын хугацаа өгч, тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан байна.

Гэвч энэ хугацаанд хариуцагч Ж. нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгыг гаргаагүй байхаас гадна эхнэр Ц.*******ийг бусадтай хардах, улмаар зодож дарамтлах байдал нь дахин үргэлжилж байсны улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэхээр заасан тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах боломжгүй юм.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаа дууссан бол шүүх гэрлэлтийг цуцлахаар заасан байх тул дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т тус тус зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Ж. нь хүү М., М.нарыг эх Ц.*******ийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул шүүх 2005 онд төрсөн 14 настай хүү М.ын саналыг аваагүй бөгөөд Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү М., М.нарыг ээж Ц.*******ийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн тэд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг/ төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гагуулан нэхэмжлэгч Ц.*******т олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т тус тус заасныг баримтлан ******* овогт ын , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү М., М.нарыг эх Ц.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

 

5. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН