Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

 

 

 

 

2023         02         13                                 2023/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

 улсын яллагч М.Оюунбат,

 хохирогч М.Г, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа,

 шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч О.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04636 1463 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ........ ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Баянгол дүүрэг .............. тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг ................ тоотыг түрээслэн амьдарч байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Б /РД:................/.

          Холбогдсон хэргийн талаар:

          О.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурханлаг гоо сайхан ХХК-ий байранд хохирогч М.Гд 90 хоногийн хугацаанд 2 давхар амины орон сууцыг барьж хүлээлгэн өгнө, урьдчилгаа төлбөрөөр 2 давхар карказ барина, уг объектоо барьцаалан зээл гаргуулан барилгыг барьж дуусгана гэж итгүүлэн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр халхавчлан урьдчилгаа төлбөрөө авсан боловч ажлаа хийж дуусгалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх боломжгүй болмогц зээл бүтээгүй гэдгээр шалтаглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 74.373.778 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 09 дугаар сарын 20-ны өдөр М.Гтэй гэрээ хийсэн. Барилгын ажлаа эхлээд явж байсан. Тэр үед цементийг дотооддоо хийдэг болсон үе таараад түүхий эд олдохоо больсон тохиолдол гарсан. Гэрээн дээрх зээл гэсэн заалт нь биелээгүй. Зээлийг манайх өөрсдөө авах ёстой байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 онд өөрийн ажиллуулдаг савангийн цехээ үйлдвэр болгуулах зорилгоор О.Бгийн компанитай гэрээ байгуулсан. Гэрээгээ түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй үйлдвэрийн барилга барихаар тохирсон. Ингээд би өөрт байсан машинаа Авто тээврийн яам дээр очоод шилжүүлж өгсөн. Үүний дараа шүүгдэгч нь талбай дээр ирээд аяган суурь хийж өгсөн. Түүнийгээ 7 хоногт хийгээд нүх ухаад дөрвөн талд нь шонтой зүйл хийсэн. Түүнээс хойш ердөөсөө холбогдоогүй. Манай ээжтэй ихэвчлэн холбогдож байгаад сүүлдээ утас нь байхгүй болсон. Тэр үед манайх савангийн үйлдвэрээ нэг давхрын газрыг түрээсэлж хийдэг байсан. Тэгээд манайх удахгүй үйлдвэртэй болох гэж байгаа гээд гэрээгээ шинэчлээд өөр газартай гэрээ байгуулсан байсан. Тэр үед манай хугацаа дуусаж байсан тул гарах дөхөөд маш их хохирол амссан. 2 давхар карказаа бариад өгвөл ямар ч асуудалгүй зээл гарахаар байсан. Тэр үед тийм зүйл ч бариагүй байсан байж Гэрэлээ гэх хүн дээр очоод асуусан гэж байна. Манайх тэр үед дөнгөж эхэлж байсан тул ямар нэгэн зээлгүй байсан. Тэр цагаас хойш ердөөсөө утас нь холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг,

 

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Ггийн “2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Зөв констракшн ХХК-тай барилга бариулах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн Алтан тэвш гэх газар Амины орон сууц бариулахаар тохиролцож урьдчилгаа мөнгөнд Лексус RX 350 загварын тээврийн хэрэгслийг 135.000.000 төгрөгт тооцож өгсөн. Улмаар уг компани нь машиныг зарж борлуулан мөнгөөрөө уг барилгын материалыг авч барилгын ажлыг эхлүүлэх байсан боловч одоог хүртэл ямар ч гүйцэтгэл хийлгүй хүлээлгэж байна. Барилгын материал авах мөнгө удахгүй орж ирнэ гэсэн шалтгаанаар барилгын гүйцэтгэл хийлгүй одоогоор барилгын аяган суурь хийсэн. Тухайн гэрээ хийсэн хүмүүстэй холбогдохоор санхүү байхгүй, удахгүй мөнгө өгнө, Голомт банкнаас зээл авч байгаа гэх зүйлийн хэлдэг ...  Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо амины орон сууцны 4-11 тоотод байрлах манай компаний албан өрөөнд гэрээ байгуулж, машиныг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 77 дугаар гражаас О.Б өөрөө ирээд аваад явсан ... уг компани 7 хоног аяган суурь цутгаж санхүүжилт хийсэн мөнгө дууссан гээд цааш барилгын ажлыг гүйцэтгээгүй. Уг хүмүүстэй анх гэрээ хийхдээ урьдчилгаа мөнгөөрөө 2 давхар карказ босгоод Голомт банкнаас зээл авч 100 хувь ашиглалтад хүлээлгэж өгөхөд нь манай компани хүлээн авч барьцаанд тавьж үлдсэн мөнгийг нь өгөхөөр тохиролцсон ... Уг хүмүүст өгсөн гэх машин 101 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Суурийн ажлын үнэлгээ 19.831.316 төгрөг, баганан суурийн үнэлгээ 6.794.906 төгрөг болсон. Надад уг хүмүүс одоо 74.373.778 төгрөг өгөх ёстой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15, 16, 182-183 дахь тал/,

Гэрч Д.Одсүрэнгийн “Тухайн үед фейсбүүкээр Донж Хаус гэх хаягаар орж хараад байшин бариад түлхүүр гардуулна гэсэн байсан зарын дагуу нэг эрэгтэй хүнтэй холбогдож уулзаад метр квадрат нь хэдэн төгрөг вэ гэтэл 1.800.000 төгрөгөөр барина гэсэн үнийн санал хэлсэн учир би арай үнэтэй байна гэж хэлсэн. Гэтэл тэр залуу манай компанид төслийн гүйцэтгэгч залуу байдаг гээд 2018 оны 09 дүгээр сард гэрээ хийсэн. Улмаар Лексус Ар Экс загварын тээврийн хэрэгслийг 135.000.000 төгрөгт бодож аваад уг мөнгөөр 507 мк.в үйлдвэрлэлийн зориулалттай орон сууцны 2 давхар карказыг босгож уг О.Б гэх залуугийн компани карказаа барьцаалж зээл авч барьж дуусгаж 100 хувь түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй байсан.135.000.000 төгрөгийн машин авч аяган суурь 7 хоног хийгээд тэрнээс хойш ямар нэг байдлаар худлаа хэлээд алга болчихсон. Намайг О.Б Голомт банкны эдийн засагчтай материалаа авч очоод уулз гэсэн. Тэгээд очиж уулзахад эдийн засагч нь гайхаад та яах гэж байгаа юм бэ О.Бгийн компаний материал хурлаар ороод зөвшөөрөөгүй та ямар ч хамаагүй таны материал хэрэгцээгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

Гэрч Д.Цолмонбаатарын “Тухайн үед захирал О.Б, архитектур Б.Владимер, бичиг цаасны ажлыг би хариуцахаар тохирч компани байгуулсан. Тэгээд О.Б нь нэг хүн ажлын санал тавьж байна гэсэн бөгөөд уг хүн урьдчилгаанд нь машинаа өгье үлдсэнийг нь зээлээр бариулъя гэсэн байсан. Бидний зүгээс бол зээлээр бариулах боломжгүй байсан ... барилгын урьдчилгаанд авсан тээврийн хэрэгслийг О.Б ярьж байгаад зарсан бөгөөд хэнд зарсныг мэдэхгүй байна. барилгын уг газар дээр газар шорооны ажил, кундам цутгасан. Уг хүн машинаа урьдчилгаанд өгөөд үлдсэн мөнгөө олохын тулд манай компаниар байшин бариулж байгаа гэдгээрээ өөрөө үндсэн зээлдэгчээр орж Голомт банканд материалаа өгнө гэж хэлж тохирсон бөгөөд банк уг хүнд зээл гаргах боломжгүй гэсэн хариу өгч барилгын ажил зогссон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал/,

Дамно ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн БЗ2-20-341 дугаартай “Тус үнэлэгдэж буй Лексус Ар Экс 350 загварын тээврийн хэрэгсэл нь зах зээлийн үнэлгээгээр 101.000.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/,

Дамно ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн БЗ2-20-336 дугаартай “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвш гэх газарт байрлах орон сууцны барилгын суурийн ажлын үнэлгээг зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр барилгын төсөвт тооцооллын шууд зардлын дүнгээр 19.831.316 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 47-65 дахь тал/,

Дамно ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн B20-30 дугаартай “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвш гудамж 58 тоотод байрлах газар дээрх баганан суурийн барилгын ажлын үнэлгээг өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр зардлын хандлагаар үнэлэгдэж барилгын төсвөөр тооцож үнэлэхэд 6.794.906 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 86-100 дахь тал/,

Зөв констракшн ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

Татварын ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/2723 дугаартай “............  дугаартай О.Бгийн татвар төлөлтийн мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна. Зөв констракшин ХХК /630814/ нь татвар төлөөгүй байна” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 133 тал/,

М.Г, О.Б нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний нэгдүгээр зүйлийн

1.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч /О.Б/ нь захиалагчийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвш амины орон сууцны 58 тоот хашаанд баригдах 2 давхар 507мкв талбайтай орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр зураг төслийн дагуу иж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч /М.Г/ нь ажлын төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна”,

1.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх хугацаа гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоног”,

1.4 дэх хэсэгт “Гэрээний нийт үнэ 608.400.000 төгрөг байна”,

1.5 дахь хэсэгт “Захиалагч нь урьдчилгаа болгож гүйцэтгэгч талд 2016 онд үйлдвэрлэгдсэн 66-64 УНБ улсын дугаартай Лексус Ар Экс 350 маркийн авто машиныг 135.000.000 төгрөгөөр тооцож өгнө.

1.6 дахь хэсэгт “Гэрээний үнийн дүнгийн 78 хувь буюу 473.400.000 төгрөгийг гүйцэтгэгч талын дэмжлэгтэйгээр тухайн гэрээт ажил болох 2 давхар карказыг барьцаалсан Голомт банкны зээлээр төлнө”,

1.7 дахь хэсэгт “Гүйцэтгэгч тал нь захиалагч болон Голомт банкны хооронд зээлийн зуучлал хийж, зээлийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэнэ” гэсэн заалтууд /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

2018 онд иргэн М.Ггийн нэр дээр ямар нэг зээл бүртгэгдээгүй талаарх Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 247-250 дахь тал/,

LEXUS RX350 загварын 66-64 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх түүхчилсэн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/,

Голомт банкны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 944 дугаартай “М.Ггийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээл авахаар хүссэн өргөдлийг 1 хуудас материалаар хүргүүлэв. Мөн О.Б, Д.Одсүрэн нар нь манай банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй болохыг мэдэгдье” гэсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг болно.

Хохирогч М.Ггийн өмгөөлөгч Х.Базаррагчаагаас шүүхийн хэлэлцүүлэгт тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч Ц.Энхбаяр хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Г, О.Б нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ний

1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт “Гэрээний үнийн дүнгийн 78 хувь буюу 473.400.000 төгрөгийг гүйцэтгэгч талын дэмжлэгтэйгээр тухайн гэрээт ажил болох 2 давхар карказыг барьцаалсан Голомт банкны зээлээр төлнө”,

5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Захиалагч гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 7 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө, Алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувиас хэтрэхгүй байна”,

7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Гэрээ болон гэрээн хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг талууд эвлэрлийн болон хэлэлцээрийн журмаар шийдвэрлэнэ. Хэрэв тохиролцоонд хүрч шийдвэрлэж чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ” гэсэн заалтууд /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 129 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 126 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн

“..........” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/7 дугаартай “Оюуны О.Б нь тус компаний гүйцэтгэх захирлын албан тушаалд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 4.000.000 төгрөг болно, гүйцэтгэх захирал Ц.Б” гэсэн тодорхойлолт,

Шүүгдэгч О.Бгаас хохирогч М.Гд 73.373.778 төгрөг төлсөн талаарх баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч ш Ц.Энхбаяр нь Шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн хэргийг Иргэний журмаар шийдвэрлэх маргаан гэх байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурханлаг гоо сайхан ХХК-ий байранд хохирогч М.Гд 90 хоногийн хугацаанд 2 давхар амины орон сууцыг барьж хүлээлгэн өгнө, урьдчилгаа төлбөрөөр 2 давхар карказ барина, уг объектоо барьцаалан зээл гаргуулан барилгыг барьж дуусгана гэж итгүүлэн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр халхавчлан урьдчилгаа төлбөрөө авсан боловч ажлаа хийж дуусгалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх боломжгүй болмогц зээл бүтээгүй гэдгээр шалтаглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 74.373.778 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Г, гэрч Д.Одсүрэн, Д.Цолмонбаатар, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Голомт банкны албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар 135 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг барилга барих ажилд бүрэн зарцуулаагүй, уг мөнгөн дүнд 2 давхар карказ барих байсан боловч барилгын суурийн ажлыг 7 хоногт хийсэн, 2 давхар карказ бариагүйгээс түүнийг банкны зээлийн барьцаанд тавих боломжгүй болсон, барьцаа хөрөнгөгүй учир зээл авахад банк, хохирогч 2-ыг зуучлан холбох нөхцөл бүрдээгүй, улмаар О.Б нь тодорхой хугацаанд сураггүй алга болж 2019 оны 08 дугаар сард цагдаагийн байгууллагад хандсанаар олж авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Б, хохирогч М.Г нарын хооронд Барилга бариулах агуулгатай гэрээ байгуулагдсан, уг гэрээ О.Бгаас  хамаарч биелэгдэх боломжгүй болсон, энэ талаар лавтай сайн мэдэж байсан атлаа хохирогч С.М.Гд бодитой мэдээлэл өгөхгүйгээр, зээл хөөцөлдөж байгаа, мөнгө орж ирнэ, барилгын материал байхгүй, санхүүжилт дууссан гэх зэргээр элдэв шалтаг тоочин хойшлуулж байгаа үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан шинж хангагдаж байна.

Анхнаасаа залилах санаа зорилгогүйгээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх боловч гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болмогц цаг хугацаа өнгөрөөх, гэрээгээ дүгнэхгүй аргацаах, зугтаж алга болох зэрэг залилах санаа сэдэлт төрсөн ба энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан биш юм.

 Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг буюу гэрээнээс үүссэн эрсдэлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу өөрийн өмчлөл эзэмшилд авч байгаа, шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байхаас гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд бусдыг төөрөгдүүлэх замаар хуурч хохироосон үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжид хамаарна.    

             О.Б нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

  Шүүгдэгч О.Бгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Гд бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад залилах гэмт хэргийг “Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж учирсан хохирлын хэмжээнээс хамаарч хүндрүүлэх шинжийг тусгасны дагуу О.Бд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүхээс О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас 74.373.778 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон бөгөөд энэ хохирол шүүхийн шатанд нөхөн төлөгдсөн байх тул О.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

          2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Бд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын зүгээс торгох ял оногдуулах санал гэж, хохирогч М.Ггийн өмгөөлөгч Х.Базаррагчаа торгох ялын саналыг дэмжсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч О.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

О.Бгийн хувьд ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо ял биелүүлэх нь эрүүгийн хариуцлагыг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ, түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс үзлээ. 

Шүүхээс О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учирсан гэх  шинж чанар, гэрээгээр халхавчлан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жил хүртэлх хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улмын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс О.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ