Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч “Ажиндар” ХХК-ийн захирал Д.Уранхайч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго /онлайн/

Шүүгдэгч Э.Сувдаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаад холбогдох эрүүгийн 2221003510347 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ажиндар” ХХК-ийн Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 8-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаа /РД: ЖЯ 91010408/.

Шүүгдэгч Э.Сувдаа нь Ажиндар ХХК-ийн харьяа Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 70 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо болох 8,891,520 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж хувьдаа завшиж иргэн Д.Уранхайчид 8,891,520 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Сувдаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч “Ажиндар” ХХК-ийн захирал Д.Уранхайч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Э.Сувдааг 2020 оны 06 дугаар сард манай “Ажиндар” ХХК-ийн Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ээж нь гуйж ажилд оруулсан. 12 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа аймгийн төв болон сумдын дэлгүүрүүдийн борлуулалтын орлогоос нийт 8,891,520 төгрөгийг хувьдаа ашигласан байсан. Сувдаа бүтээгдэхүүнээ хиллэж аваад аймаг болон сумдын дэлгүүрүүдэд зээлээр болон бэлэн мөнгөөр борлуулдаг ажил хийдэг байсан. Анхнаасаа ажилд орох үедээ залилан хийх зорилготой байсан гэж ойлгосон. Бид одоо дүгнэхэд 6-8 дугаар сард сайн ажил хийсэндээ ч биш хойно өгсөн мөнгөөр өмнөх өрөө шилжүүлэн явж байсан байна. Сүүлдээ шилжих мөнгөгүй болж ийм асуудал үүссэн. Манай компаниас Мөнгөө гэдэг хүн рүү залгахад утсаа авахгүй байсан чинь Сувдаа “манай компанийн ажилчдын дугаарыг битгий аваарай” гэж хэлээд мөнгийг нь хувьдаа авч ашигласан байсан. Санаатайгаар энэ үйлдлийг дахин дахин хийж байна гэж ойлголоо. Сувдаа хохирол төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй...” гэв.

Хохирогч Д.Уранхайч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сард Э.Сувдаа нь манай Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажилд орсон. Борлуулагч нь өглөө үйлдвэрээс гарсан хиам болон бусад махан бүтээгдэхүүнийг хиллэж падаан аваад дэлгүүрүүдээр явж борлуулалт хийгээд орой үйлдвэрт борлуулсан бүтээгдэхүүний төлбөр тооцоо, үлдэгдлээ няравтай тулгадаг юм. Манай харилцагч дэлгүүрүүд ихэнх нь зээлээр бараагаа аваад дараагийн худалдан авалт дээрээ тооцоогоо хийдэг. Энэ байдлыг далимдуулж Сувдаа нь дэлгүүрүүд тооцоогоо хийхгүй байна, дараа сард өгнө гэсэн гэж нягтлан болон надад худлаа хэлсэн байсан. Дэлгүүрүүд тооцоогоо хийхгүй удаад байхаар нь би нягтлан бодогч М.Отгонцэцэгийг дэлгүүрүүдээр явуулахад тухайн дэлгүүрүүд авсан барааныхаа тооцоог Сувдаад төлсөн болох нь тогтоогдсон. Ингээд борлуулагч Э.Сувдаа нь 2020 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд ажиллах хугацаандаа манай үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулсан нийт 8,935,000 төгрөгийг хувьдаа ашигласан байсан. Түүнтэй уулзаж асуудлыг дэлгэх үед Э.Сувдаа нь бид нарт худлаа хэлж дээрх мөнгийг хувьдаа ашигласнаа хүлээсэн. Ингээд тооцоо хийж ажлыг хүлээж авсан.  …Шинжээчийн дүгнэлтээр 8,891,520 төгрөгийн хохирол учирсан гэж гарсныг хүлээн зөвшөөрч байна. Одоо Э.Сувдаагаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 8,891,520 төгрөг дээр шинжилгээ хийлгэсэн төлбөр 500,000 төгрөгийг нэмж нийт 9,391,520 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 45-46/

Гэрч М.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э.Сувдаа борлуулагчаар 2020 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал ажилласан. ...2020 оны 6, 7, 8 дугаар саруудад Э.Сувдаа нь их сайн ажиллаж байсан бөгөөд ихэнх бараагаа бэлэн мөнгөөр өгч цөөн тооны барааг зээлээр өгсөн ч удахгүй тооцоогоо хийдэг байсан. 2020 оны 9 дүгээр сараас эхлэн Э.Сувдаагийн зээлээр өгөх барааны тоо хэмжээ ихсээд зээлүүд нь төлөгдөхгүй удаад байсан. 2020 оны 12 дугаар сарын дундуур байх нэг өдөр захирал нярав Д.Дэлгэрмаа бид хоёрыг дуудаад “Э.Сувдаагийн зээлээр өгсөн барааны тооцоог хийгээд ир гэхээр нь бид зээлээр бараа өгсөн гэх дэлгүүрүүдийн худалдагч болон эзэдтэй нь уулзахад зээлээр авсан барааны төлбөрийг бүгдийг нь борлуулагч Э.Сувдаад төлчихсөн, өр авлага байхгүй гэж хэлсэн. Тухайн үед захирал Д.Уранхайч Э.Сувдааг дуудаад зээлээр өгсөн барааны баримтуудад тулгалт шалгалт хийсэн. Тэр үед Э.Сувдаа “би борлуулалт хийсэн орлогынхоо мөнгийг хувьдаа ашиглаад идчихсэн” гэж хэлээд өөрийнхөө бурууг хүлээж бид нарт завшсан мөнгөнийхөө баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн баримтуудыг нэг бүрчлэн шалгаж дэлгүүрүүд дээр очиж барааны төлбөр тооцоо хийгдсэн талаар нягтлан шалгахад дэлгүүрүүд Э.Сувдаад төлбөрөө төлчихсөн, зээлийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдсон. Тулгалт хийгээд хохирлын тооцоог гаргахад 8,935,010 төгрөг болж байсан бөгөөд Э.Сувдаа тооцоог хүлээн зөвшөөрч, төлнө гээд гарын үсэг зурсан. Ингээд Э.Сувдаа ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд 2020 оны 12 дугаар сараас хойш нэг ч төгрөг төлөөгүй...” гэжээ. /хх-ийн 48-49/

Гэрч Д.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орчим захирал Д.Уранхайч нягтлан бодогч М.Отгонцэцэг бид хоёрыг өрөөндөө дуудаад Э.Сувдаа ажил ихтэй учраас дэлгүүрүүдээр явж бараа борлуулсан мөнгөө авч чадахгүй байна. Та хоёр аймгийн төвийн дэлгүүрүүдээр яваад тооцоогоо хийгээд ир гэсэн. Тэгээд бид хоёр аймгийн төвийн Цогт, Баялаг-Силикат, Танан-Эрдэнэ зэрэг дэлгүүрүүдээр орж тооцоогоо нэхтэл тэд нар “авсан бүх барааныхаа төлбөрийг борлуулагч Э.Сувдаад төлчихсөн” гэж хэлсэн. Энэ талаар бид хоёр захирал Д.Уранхайчид мэдэгдэхэд захирал борлуулагч Э.Сувдааг дуудаж уулзахад “би борлуулалт хийсэн орлогынхоо мөнгийг өөртөө аваад өрөө төлчихсөн” гэж хэлээд завшсан мөнгөнийхөө баримтуудыг бид нарт гаргаж өгсөн. ...Тухайн баримтуудад тулгалт хийж тооцоо гаргахад 8 сая гаруй, бараг 9 сая шахуу төгрөгийг завшсан болох нь илэрсэн. Дээрх мөнгийг Э.Сувдаа хувьдаа завшсан болохоо хүлээн зөвшөөрч тооцоо хийсэн тэмдэглэл дээр гарын үсгээ зурсан. Тэгээд ажлаасаа гарсан...” гэжээ. /хх-ийн 51-52/

Санхүүгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Ажиндар ХХК-ний харьяа Толгойт үйлдвэрт иргэн Э.Сувдаа нь 2020 онд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 1 иргэн, 23 байгууллагад нийт 70 удаагийн үйлдлээр 9,961,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулж 1,070,280 төгрөгийг захирал Д.Уранхайчийн дансанд тушааж, 8,891,520 төгрөг төлөх нь хавтаст хэрэгт хавсаргасан зарлагын падаанууд, захирлын гаргасан жагсаалтаар тогтоогдож байна. ...тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулж, бэлнээр тушаасан зээлийн борлуулалтын мөнгийг захирлын болон компанийн дансанд тушаалгүй хувьдаа хэрэглэсэн. ...Ажиндар ХХК-ийн харьяа Толгойт үйлдвэрт учирсан 8,891,520 төгрөгийн хохирлыг Э.Сувдаа хариуцан төлнө...” гэх 03 тоот дүгнэлт, хохирлын дүн /хх-ийн 55-59/

Э.Сувдаа мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Толгойт хиамны үйлдвэрт 2020 оны 05 дугаар сард худалдагчаар ажилд орсон. 2020 оны 6 дугаар сард захирал надад борлуулагч хийх санал тавихаар нь би хүлээн зөвшөөрч 2020 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл Толгойт үйлдвэрийн зайдас, хиам, элэгний нухаш зэрэг бүтээгдэхүүнийг борлуулж байсан. ...Ингэж ажиллах 6 сарын хугацаанд би борлуулалтын орлогыг бага багаар захиралд өгөлгүй хувьдаа ашигласаар байгаад 12 дугаар сард нийт 8,891,520 төгрөгийн өрөнд орсон байсан. Тухайн үед би уг мөнгийг цалингийн зээл аваад төлөхөөр тооцоолж байсан боловч миний ажилласан сарын нийгмийн даатгал тасалдсан учраас надад зээл гараагүй. ...Надаас зээлээр бараа авсан дэлгүүрүүд 7-30 хоногийн хугацаанд мөнгөө бэлэн өгдөг байсан. Дансаар өгөх бол би захирал Д.Уранхайчийн дансыг өгдөг байсан. Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 8,891,520 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 70-72/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, хохирлын тооцоо, зарлагын баримтууд /хх-ийн 14-41/

“Ажиндар” ХХК-аас шинжээчийн төлбөр төлсөн тухай нэхэмжлэх /хх-ийн 94/

Э.Сувдаагийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 76, 86/

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/941 тоот албан бичиг /хх-ийн 85/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-83/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Сувдаад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаа нь Ажиндар ХХК-ийн харьяа Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 70 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо болох 8,891,520 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан завшиж хохирогч “Ажиндар” ХХК-ийн захирал Д.Уранхайчид 8,891,520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.Сувдаагийн “...6 сарын хугацаанд би борлуулалтын орлогыг бага багаар захиралд өгөлгүй хувьдаа ашигласаар байгаад 12 дугаар сард нийт 8,891,520 төгрөгийн өрөнд орсон байсан. Тухайн үед би уг мөнгийг цалингийн зээл аваад төлөхөөр тооцоолж байсан боловч миний ажилласан сарын нийгмийн даатгал тасалдсан учраас надад зээл гараагүй...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Уранхайчийн  “...борлуулагч Э.Сувдаа нь 2020 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд ажиллах хугацаандаа манай үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулсан нийт 8,935,000 төгрөгийг хувьдаа ашигласан байсан. Түүнтэй уулзаж асуудлыг дэлгэх үед Э.Сувдаа нь бид нарт худлаа хэлж дээрх мөнгийг хувьдаа ашигласнаа хүлээсэн. Ингээд тооцоо хийж ажлыг хүлээж авсан.  …Шинжээчийн дүгнэлтээр 8,891,520 төгрөгийн хохирол учирсан гэж гарсныг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.Отгонцэцэгийн “...12 дугаар сарын дундуур байх нэг өдөр захирал нярав Д.Дэлгэрмаа бид хоёрыг дуудаад “Э.Сувдаагийн зээлээр өгсөн барааны тооцоог хийгээд ир гэхээр нь бид зээлээр бараа өгсөн гэх дэлгүүрүүдийн худалдагч болон эзэдтэй нь уулзахад зээлээр авсан барааны төлбөрийг бүгдийг нь борлуулагч Э.Сувдаад төлчихсөн, өр авлага байхгүй гэж хэлсэн…” гэх, гэрч Д.Дэлгэрмаагийн “...бид хоёр аймгийн төвийн Цогт, Баялаг-Силикат, Танан-Эрдэнэ зэрэг дэлгүүрүүдээр орж тооцоогоо нэхтэл тэд нар “авсан бүх барааныхаа төлбөрийг борлуулагч Э.Сувдаад төлчихсөн” гэж хэлсэн. Энэ талаар бид хоёр захирал Д.Уранхайчид мэдэгдэхэд захирал борлуулагч Э.Сувдааг дуудаж уулзахад “би борлуулалт хийсэн орлогынхоо мөнгийг өөртөө аваад өрөө төлчихсөн” гэж хэлээд завшсан мөнгөнийхөө баримтуудыг бид нарт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, санхүүгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, хохирлын тооцоо, зарлагын баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э.Сувдаа нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өөрөөр хэлбэл тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулж, бэлнээр тушаасан зээлийн борлуулалтын мөнгийг захирлын болон компанийн дансанд тушаалгүй хувьдаа хэрэглэсэн  байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Сувдаа, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Э.Сувдаад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Сувдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 8,891,520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Сувдаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

Шүүгдэгч Э.Сувдаагийн ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Э.Сувдаа нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн гурван жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг шинээр үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна“ гэж зааснаар тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөвгүүд овогт Гантөмөрийн Одчимэг, Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаа, Улаалзай хөгдүүд овогт Ганболдын Цэрэнчимэд нарыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн 2 дахь заалтын Э.Сувдаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Эрдэнэтуяагийн Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Э.Сувдаа нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-83/, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/941 тоот албан бичиг /хх-ийн 85/ зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна шүүгдэгч Э.Сувдаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/,  ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай тус тус нийцэж байх тул шүүгдэгч Э.Сувдаад оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг 4 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Сувдаа нь Дорнод аймгийн Хэрлэн суманд хувиараа хөдөлмөр эрхэлж, мөн сумын 1 дүгээр баг Нуурын 8-7 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдааг 4 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Сувдаагийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч “Ажиндар” ХХК-ийн захирал Д.Уранхайчид 8,891,520 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь санхүүгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Ажиндар ХХК-ийн харьяа Толгойт үйлдвэрт иргэн Э.Сувдаа нь 2020 онд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 1 иргэн, 23 байгууллагад нийт 70 удаагийн үйлдлээр 9,961,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулж 1,070,280 төгрөгийг захирал Д.Уранхайчийн дансанд тушааж, 8,891,520 төгрөг төлөх нь хавтаст хэрэгт хавсаргасан зарлагын падаанууд, захирлын гаргасан жагсаалтаар тогтоогдож байна. ...Ажиндар ХХК-ийн харьяа Толгойт үйлдвэрт учирсан 8,891,520 төгрөгийн хохирлыг Э.Сувдаа хариуцан төлнө...” гэх 03 тоот дүгнэлт, хохирлын дүн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Уранхайч нь шүүгдэгч Э.Сувдаагаас завшсан 8,891,520 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр 500,000 төгрөг нийт 9,391,520 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Сувдаагаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 9,391,520 төгрөгийг гаргуулж хохирогч “Ажиндар” ХХК-ийн захирал Д.Уранхайчид олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Сувдаа нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Сувдаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 8,891,520 /найман сая найман зуун ерэн нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэтуяагийн Сувдаад 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөвгүүд овогт Гантөмөрийн Одчимэг, Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаа, Улаалзай хөгдүүд овогт Ганболдын Цэрэнчимэд нарыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн 2 дахь заалтын Э.Сувдаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Эрдэнэтуяагийн Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдаад оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг 4 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдааг 4 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Сувдаад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Сувдаагаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 9,391,520 /есөн сая гурван зуун ерэн нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч “Ажиндар” ХХК-ийн захирал Д.Уранхайчид олгохоор тогтоосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Сувдаа нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ91010408 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Сувдаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА