Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

2023          03          10                                        2023/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Бийн Мт холбогдох эрүүгийн 2335000000055 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны 01 дүгээр сарын 01-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагт мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Т овогт Бийн М /РД:............../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Бийг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Бийг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зуухны үнс ухдаг /дэгээ/ төмрөөр цохьсон болох нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт нөхөр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар би 2004 онд Б.М гэх хүнтэй албан ёсны гэр бүл болсон бөгөөд бид дундаасаа 11-17 насны хооронд 4 хүүхэдтэй. Улмаар манай нөхөр 2023 оны 01 дүгээр сарын эхээр Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт хувиараа барилгын ажил хийж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн үед би тэмцээнтэй байж байгаад орой 19 цагийн үед гэрт очиход нөхөр гэрт байхгүй байсан бөгөөд оройны 20-21 цагийн үед нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирсэн. Тухайн үед манай гэрт 11-17 насны 3 хүү байсан. Ингээд бид гэртээ байж байтал нөхөр манай бага 2 ихэр хүүг дагуулаад дэлгүүр орж ирэхэд би зүүн орон дээр хэвтэж байгаад нойр хүрээд эвшээтэл нөхөр чи яагаад эвшээгээд байгаа юм бэ утас ам руу чинь хийчихнэ шүү гээд намайг хэвтэж байтал гараараа далайсан. Тухайн үед би ямар нэгэн зүйл хэлэхгүй, босоод галын доогуур алхаад явж байтал гэнэт араас толгойн дээр тасхийгээд ямар нэгэн зүйл цохих шиг болсон. Би эргээд хартал манай нөхөр гартаа галын урт дэгээ төмөр гартаа барьчихсан миний ард зогсож байсан бөгөөд би толгойн ар хэсэгт цохиулсан газарт гараараа дартал цус гарч байсан бөгөөд би тухайн үед шоконд ороод уйлтал манай 3 хүү намайг дагаж уйлаад би гялс эмч дууд гээд эмнэлэг дуудаж байтал нөхөр хаагуур нь гарсан юм мэдэхгүй гараад алга болчихсон байсан. Тэгээд эмнэлгийн утас завгүй байсан болохоор өөрөө гараад такси бариад эмнэлэг дээр очсон юм. Бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гэх зүйл болоогүй, би яагаад манай нөхрийг миний толгой руу цохисон талаар огт мэдэхгүй байна. Манай нөхөр 2022 оны 03 дугаар сард миний биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тухайн хэрэгт 14 хоногийн баривчилгаа авч байсан өөрөөр ямар нэгэн байдлаар халдаж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эхнэр тухайн өдөр тэмцээнтэй гээд ажилдаа явчихсан байсан гэрт ямар нэгэн хүн байгаагүй учир гэртээ ганцаараа 0.5 литрийн ерөөл нэртэй архийг уучихаад гэрээс гараад явсан. Гадуур ганцаараа явж байгаад орой гэрт ирэхэд 11-17 насны 3 хүү эхнэр нар байсан бөгөөд манай бага 2 ихэр хүүг дагуулаад дэлгүүр орж ирээд гэрт хэвтэж байтал эхнэр надад хандаж чи архи уулаа бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүсэж, бид хоорондоо маргалдсан. Тэгээд би яасан талаар мэдэхгүй байна. Орой шөнө дунд эхнэр толгойгоо боочихсон байхаар цохисон гэх талаар мэдсэн. Тухайн үед манай гэрт эхнэр болон 11-17 насны 3 хүүгийн хамт байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би гэртээ 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архийг ганцаараа уучихсан юм. Дахин архи уугаагүй харин гарч ороод явж байгаад салхинд тасарчих шиг болсон эхнэрийнхээ биед халдсан талаар ямар нэгэн зүйл санахгүй байна. Би урьд өмнө эхнэрийнхээ биед нэг удаа халдаад 2022 оны 3 дугаар сард 14 хоногийн баривчилгаа авч байсан өөрөөр ямар нэгэн байдлаар халдаж байгаагүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай “Үзүүлэгч Б.Бгийн биед баруун зулайн ар хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тухай тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журм”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)-ээр хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мын согтуурал шалгасан “Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр драгер-7510 багажаар шалгахад амьсгалд 3.47 хувийн спирт илэрсэн” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал)-ээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтуу байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Бийг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зуухны үнс ухдаг төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.М нь хохирогч буюу эхнэр Б.Бийг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Мын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.М урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал)-аар тогтоогдсон

           Шүүгдэгч Б.Мын хувийн байдлын талаар: Гэрч Ц.Гын өгсөн: Найз Б.М нь зан байдлын хувьд төлөв даруу, үнэнч шударга зантай, урьд өмнө 1998 оноос 2006 оны хооронд Захиргаанд нягтлан бодогчоор ажиллаж байгаад гарсан. Ажил төрлөөр сайн нэр хүнд сайтай, бие бялдарын хувьд сайн чөлөөтөөр барилддаг байсан. Ах дүү хамаатан садан, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, их дээд сургууль төгссөн бага наснаасаа хичээл сургуульдаа онц сайн сурдаг, гадаад хэл сайтай, хүн чанартай хүн байгаа юм. Цэргийн албаа 2003-2004 оны хооронд дүүцүүлснээр албаа хаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Б.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Мт 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Шүүгдэгч  Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Б.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ