Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         02         07                                    2023/ШЦТ/157

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан,

Улсын яллагч: Э.Билгүүн,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1977 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна иргэн Б.Оийг “орцны хаалга онгойлгож өгсөнгүй, кодыг нь хэлсэнгүй” гэх шалтгаанаар хэл амаар доромжлон улмаар түүнийг автомашиндаа суух үед нь гараараа нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.         

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 

Гэрч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2574 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн  8 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна иргэн Б.Оийг “орцны хаалга онгойлгож өгсөнгүй, кодыг нь хэлсэнгүй” гэх шалтгаанаар хэл амаар доромжлон улмаар түүнийг автомашиндаа суух үед нь гараараа нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Б.Оийн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед өөрийн дүү Мийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр руу орох гэхэд тухайн байрны донопон системийн код нь ажиллахгүй орцны хаалга нээж чадахгүй байсан. Хүн гарч ирэхийг нь хүлээж байхад халтар дээлтэй хүн ирээд “орцны хаалга онгойлгоодох” гэж шаардсан. Онгойлгож чадахгүй байгаагаа хэлэхэд хэл амаар доромжилж хашгирсан. Бид хоёр айгаад машиндаа суухаар явсан бөгөөд машиндаа суусан. Тэр хүн ардаас ирээд машины онгорхой байсан цонхоор гараа оруулаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн 235.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Мийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний 21:00 цагийн орчимд өөрийн аавын дүү болох Оийг гэрт нь хүргэж өгөх гээд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 39 дүгээр байрны гадна ирээд эгчийн гэрийн түлхүүрийг хайгаад байж байхад танихгүй эрэгтэй хүн хүрч ирээд бид хоёрт хандаж “энэ орцны код мэдэх үү” гэж асуухад “бид хоёр бас мэдэхгүй байна, түлхүүрээ хайж байна” гэж хэлсэн. Тэр үл таних эрэгтэй хүн бид хоёрыг “та хоёр эндээс гарч ирчихээд яахаараа мэддэггүй юм 2 гичий минь, жингэр минь” гэх зэргээс хэл амаар доромжилж салаавч гарган заналхийлсэн. Бид хоёр мэдэхгүй гээд дахин хэлэхэд дахин элдвээр хараагаад байхаар нь би эгчийг аваад Сүүн шүдхэн гэдэг эмнэлгийн урд талд байрлуулсан байсан машин руу явсан. Машиндаа очоод Одгэрэл эгчийг машинд суулгаад өөрөө машиндаа суух гэж байхдаа би О эгчид хандаж “та цонхоо хаагаарай” гэж хэлж амжаагүй байхад уг үл таних эрэг нь араас хүрч ирээд цонхоор баруун гараа оруулаад О эгчийн нүүр рүү цохисон. Би бууж очоод “яагаад байгаа юм бэ” гээд цааш нь түлхсэн. Тэгээд байж байхад хажуугаар өнгөрч явсан нэг эрэгтэй хүн хүрч ирээд тусалсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар 08-ны өдрийн №2574 дугаартай дүгнэлтэд “...1. Б.Оийн биед зүүн доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 39 дүгээр байрны ойр хавьд явж байгаад орой болчихсон байсан учраас орц руу орж унтах гэсэн чинь хоёр эмэгтэй орцны хаалганы урд зогсож байсан. Би тухай хоёр эмэгтэйг орцны хаалга онгойлгож өгсөнгүй гэж уурлахад нэг нь над руу заамдаад түлхсэн. Тэгээд машин руугаа явахаар нь хойноос нь очоод нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Б.Оийн биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийг цохисон талаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Б.Оийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О нь “...235.000 төгрөгийн эмчилгээний баримт хэрэгт хавсаргасан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна....” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хэрэгт 235.000 төгрөгийн баримт авагдсан тул шүүх тухайн 235.000 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Б.Бд 392 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг ажлын найман цагаар тооцож ял эдэлсэнд тооцож өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б нь ам бүл 1, ганцаараа хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 49 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /49*8=392/ 392 цагийг хасч /600-392=186/ 208 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоов. 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /49*8=392/ 392 цагийг хасч /600-392=186/ 208 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бөөс 235.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Од олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН