Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0121

 

         

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн Г голын эх хэсгийн Х**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагч Б.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 127/2024/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн Г голын эх хэсгийн Х**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 24 дүгээр зүйлийн 24.4.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-аас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. “... нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Хэнтий аймаг дахь Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй багаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу “эс үйлдэхүйн эсрэг даалгах” нэхэмжлэлийг гаргасан ба шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж өгөхийг хүссэн.

            Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар буюу 12 дугаар зүйлээс 15 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж нэхэмжлэгчид хариу өгөх байжээ. Мөн хуулийн 7 дугаар зүйлд өргөдөл, гомдлыг хүлээн авсан төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг зохицуулсан ба 4-т өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах, 6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэж захиргааны байгууллагын нийтлэг үүргийг зохицуулсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй буюу зохих хариуг өгөөгүй юм.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд хууль дээдлэх зарчмын хүрээнд, түүний үйл ажиллагаа нь гагцхүү хуулийн хүрээнд явагдах учиртай бөгөөд үндэслэлгүйгээр иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчих үндэслэлгүй юм.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд хариуцагч захиргааны байгууллагын идэвхгүй, эс үйлдэхүй байгаа нь тогтоогдож байна.

            Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-д “... 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 23/02 дугаартай хүсэлтэд ... ерөнхий захирал Т.Д гэсэн гарын үсэг зурсан байна. Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “...Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана” гэж заасан. “Н” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргахдаа, өргөдөл гомдолд тавигдах шаардлага хангаагүй, тус компанийг төлөөлөх эрх олгосон нотлох баримт бичгийг Т.Д-д олгоогүй байна. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Т.Д нөхөн төлбөр олгуулах хүсэлт гаргасан нь дээрх хуулийн заалт болон холбогдох дүрэм журамтай нийцэхгүй байгаа тул тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж хүсэлт гаргасан байна гэж шүүх үзлээ” гэж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд “өргөдөл, гомдлыг иргэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээ хамтран гаргасан байх” урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай.

            Өөрөөр хэлбэл, иргэд гэж 2-оос дээш тооны буюу олон тооны иргэд захиргааны байгууллагад бичгээр эсхүл цахим хэлбэрээр хамтран өргөдөл, гомдол гаргасан байхыг ойлгоно.

            Харин маргаан бүхий тохиолдолд иргэдээс бус харин хуулийн этгээд дангаараа, өөрийн нэрийн өмнөөс түүний 100%-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч Т.Д гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн албан бланк дээр хүчин төгөлдөр тамга тэмдгээ даран хариуцагч захиргааны байгууллагад хандсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

            Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт хууль тогтоогчоос 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт оруулсан ба нэхэмжлэгчээс хариуцагчид хандан 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23/02 дугаартай хүсэлт гаргаснаас хойш 6 сарын дараа нэмэлт оруулсан хуулийн заалтыг хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний ноцтой алдаа болно.

            Нэхэмжлэгч хуулийн этгээдийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд компанийн хувьцааг Т-ны Д 100 хувь өмчилнө” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Компанийн хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал байж болно. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгах бөгөөд гэрээ байгуулахгүй” гэж тус тус заасан байгаагаас үзвэл Т.Д-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

            Нөгөө талаар компанийг төлөөлөх эрхтэй эсэх асуудал дээр маргах эрхтэй этгээд нь зөвхөн “Н” ХХК ба өнөөдрийн байдлаар Т.Д нь төлөөлөх эрхгүй гэх агуулгаар маргаан үүсгээгүй, харин ч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн 23/02 дугаар хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй маргах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч надад олгож, шүүхийн маргаан үүсгэсэн болно. Түүнчлэн хүсэлтэд гарын үсэг зурсан этгээд нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргаж болно гэх үндэслэл байхгүй бөгөөд түүний эс үйлдэхүй гаргасныг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

            Гэтэл анхан шатны шүүх түүний хууль бус эс үйлдэхүйг зөвтгөж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргаж нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

            3.2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Г голын эх” хэсгийн Х**** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу “хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд түүнийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан ба шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгож өгөхийг хүссэн.

            Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, шүүхээр сэргээгдэх субьектив эрхийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт болон мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хайгуулын үйл ажиллагааг тасралтгүй 9 жил явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, их хэмжээний зардал гаргасны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах субьектив эрхтэй салшгүй холбоотой юм.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь захиргааны акт мөн байна.

            Дээрх захиргааны акт нь захиргааны үйл ажиллагааны ерөнхий болон тусгай зарчмыг зөрсөн ба дараах үндэслэлээр хууль бус:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн. Хариуцагчаас маргаан бүхий тогтоолыг батлахдаа үйлдсэн гэх 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн огноотой “Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны тэмдэглэл” гэх баримтыг хэргийн материалд нотлох баримтаар ирүүлсэн ба тухайн тэмдэглэл нь тогтоол батлагдсан өдрөөс 3 хоногийн дараа нөхөж үйлдсэн нь түүний огноогоор тогтоогдох бөгөөд бодит байдал дээр тухайн хурал болоогүйг нотолж байна.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйл Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх 18.1.2-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар” гээд к/ “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасныг зөрчсөн буюу бодит байдал дээр маргаан бүхий хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар Засаг дарга санал гаргаагүй, энэ талаар маргаан бүхий тогтоол батлах өдөр хэлэлцэж, шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн.

            Захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа тухай бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх учиртай. Гэтэл маргаан бүхий 2016 оны 01 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах газруудын нэр, хилийн цэсийн солбицол, газрын хэмжээ, хугацааг 1 дүгээр хавсралтаар баталсугай” гэжээ.

            Гэтэл “Г голын эх” гэх газрын нэхэмжлэгчийн ашиглалтыг тусгай зөвшөөрөл хүссэн хайгуулын талбайтай хэсэгчлэн давхацсан 279.15 га талбайд бодит байдалд ямар нэгэн байгалийн болон түүх соёлын дурсгал, олдвор байдаггүй ба Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07/249 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдох ба тус албан бичигт “... давхцалтай гэх 279.15 га талбайд түүх соёлын үл хөдлөх дурсгал бүртгэлгүй байна, ... 2013 онд ... Х**** дугаар бүхий лицензтэй талбайд археологийн авран хамгаалах хайгуул судалгаа явуулж 16 дурсгал бүртгэсэн байна. Дээрх 16 түүх, соёлын үл хөдлөх дурсгал нь давхцалтай байгаа гэх 279.15 га талбайд ороогүй болно” гэх нотлох баримт хэрэгт авагдсан ба маргаан бүхий тогтоолын нэхэмжлэгчийн маргаж буй хэсэг нь бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн.

            Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтална. Ингэхдээ шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй.

            “Н” ХХК нь 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х**** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 7 хоногийн дараа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Г голын эх” хэсгийг Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргасан. Ингэхдээ уг тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлээгүй, нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй.

            Үүний дараа дээрх бүртгэлгүй тогтоолоо шинэчлэн маргаан бүхий 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг батлан гаргахдаа ч нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй нь хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн тайлбар болон 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт “... тухайн үед газрын орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэхдээ суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдүүдэд мэдэгдсэн эсэх, тайлбар санал гаргуулсан эсэх талаар баримтууд нь хадгалагдаагүй байна” гэх тайлбараар нотлогдоно.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим маргаан бүхий тохиолдолд хэрэглэгдэх үндэслэлтэй.

            Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно.

            Нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн харилцаанд эрх, үүрэг хүлээж оролцож байгаа этгээдийн хувьд 9 жил хайгуулын үйл ажиллагаа явуулсны үр дүнд Х**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн боловч маргаан бүхий хууль бус захиргааны актын тодорхой хэсгээс болж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Гэтэл анхан шатны шүүх эрх зүйн харилцаа, маргааны зүйлээ буруу ойлгож, буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 дахь хэсгийн К-г дурдаж хариуцагч нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргасан байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь маргаан бүхий актыг батлан гаргах эрх хэмжээгүй байсан гэж маргаагүй. Харин эрх хэмжээний хүрээнд явуулж буй үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байгаа болно.

            Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-д “... “Н” ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу ямар үйл ажиллагааг хэрхэн яаж, ямар зардлаар явуулсан болох нь, мөн үргэлжлүүлэн хэдий хугацаанд уг үйл ажиллагааг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

            Шүүгчийн дээрх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Захиргааны шүүх нь хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоох мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлэх нь шүүхийн үүрэг. Уг зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг баримтлах ба хэргийн оролцогч тухайн үйл баримтыг тодорхойлсон болон тодорхойгүй аль ч тохиолдолд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгч “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

            Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-д дурдсан нотлох баримт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн бол  дурдагдсан нотлох баримтыг хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд цуглуулаагүй атлаа ийнхүү дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5 болон 3.6-д “... “Н” ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х**** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй гэх боловч эрхийн хугацаа нь дуусгавар болж хүчингүй болсон, одоогоор Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчинтэй тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, хамгаалагдах болон сэргээгдэх эрхгүй байна гэж үзлээ” гэжээ.

            Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь маргааны зүйлийг бүхэлд нь ойлгоогүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй гэж зааснаар сунгуулах, хайгуулын үйл ажиллагааг тасралтгүй 9 жил явуулж, уг хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Уг өргөдлийг тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэж заасан шаардлагыг хангахгүй үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

            Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаан үүссэн байгаа ба одоогоор Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн уг хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр түдгэлзсэн бөгөөд дээрх эрх зүйн харилцаа үргэлжилж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байгаа ба шүүхийн дээрх дүгнэлт нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.7-д “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус хуульчилсан.

            “Н” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн гэж өөрсдөө нотолдог.

            Шүүх нэхэмжлэгч ““Н” ХХК-ийг маргаан бүхий захиргааны актыг мэдсэн өдрөөсөө буюу тухайн актыг хүчингүй болгуулахаар 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна гэж дүгнэлээ гэжээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд бүхэлдээ нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ.

            Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.7-д дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан нөхөх олговортой холбоотой шаардлага биш байхад нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагатай хольж маргааны зүйлээ ойлгоогүй дүгнэлт хийсэн байна.

            Мөн маргаан бүхий актыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө нэхэмжлэгчид мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, тухайн актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэдгээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Маргаан бүхий энэхүү тохиолдолд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй, акт батлан гарах үед буюу 2016 онд нэхэмжлэгч тухайн актыг мэдэх боломжгүй юм.

            Захиргааны байгууллага захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсгох үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй бөгөөд шүүхээс зүй бусаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байгааг дурдах нь зүйтэй.

            “Н” ХХК нь Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр түүний үндэслэлийг 2 тусдаа цогцолборт оруулан гаргасан.

            Ингэхдээ 1 дүгээр шаардлагын үндэслэлдээ “Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтийн аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн 6/1629 дүгээр албан бичиг буюу “... 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан солбицлын дагуу 18 талбайг Кадастрын системд бүртгэснийг мэдэгдье. Хамгаалалтад авсан ... “Г голын эх” нэртэй газар нь Х**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх” ба 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” болохыг анхаарна уу” гэх баримтыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн талаараа бичсэн.

            Тухайн албан бичигт “2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан солбицлын дагуу 18 талбайг Кадастрын системд бүртгэснийг мэдэгдье” гэж дурдсан боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн чухам аль хэсэгт, батлагдсан гэх 18 талбайн хэд нь хэдий хэмжээгээр давхцалтай талаар дурдаагүй буюу тухайн актыг бүхэлд нь мэдсэн гэж үзэх боломжгүй ба актын аль хэсэгт гомдол гаргахыг урьдчилан мэдэх, таамаглах боломжгүй юм.

            Иймээс шүүхийн “... 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн гэж өөрсдөө нотолдог” гэх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий актыг тухайн өдөр мэдсэн гэдгээ нотолсон зүйл байхгүй, харин Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн 6/1629 дүгээр албан бичиг хүргүүлсэн байсан талаар тухайн өдөр мэдсэн гэдгээ дурдсан болно.

            Тиймээс Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн Г голын эх хэсгийн Х**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах газруудын нэр, хилийн цэсийн солбицол, газрын хэмжээ, хугацааг баталсны дотор “Г голын эх” нэртэй газарт байрлах 2283,03 га газар багтсан бөгөөд нэхэмжлэгч компаниас 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23/02 дугаар албан бичгээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газартай тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хэсэгчлэн давхцаж буйтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор олгуулах талаар хүсэлт гаргасан байна.

2.3. Гэтэл нэхэмжлэгчээс тус компаниас гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсгийн Г голын эх хэсгийн нэхэмжлэгч компанийн Х**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах шаардлагыг хамтад нь гаргаж буй нь ойлгомжгүй байна.

2.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан.

2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсгийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөө давхцалтай хэсгийг хүчингүй болгуулаад үйл ажиллагаа явуулах гэж байгаа эсхүл тусгай хамгаалалтад авсан талбайг хүлээлгэн өгч, цаашид үйл ажиллагаа явуулахгүй, зохих нөхөх олговрыг олгуулахаар шаардсаны аль нь болох нь тодорхой бус байхад тодруулаагүй нь буруу байна. Учир нь дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хуулийн шаардлага хангаагүй, тодорхой бус, маргаантай байдлаар шаардлагаа тодорхойлон, шаардлагын үндэслэлээ тайлбарласан байхад ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...” гэж үзэхээр байна.

2.6. Тодруулбал, зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй юм.

2.7. Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар хүчингүй болгуулах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийхийн тулд энэ талаарх баримтыг цуглуулах шаардлагатай. Гэтэл шүүхээс тухайн талбайд хайгуулын болон бусад үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан эсэхийг тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д нийцсэнгүй.

2.8. Хэдийгээр Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07/249 дүгээр албан бичгээр “Н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын талбайтай давхцалтай гэх 279.15 га талбайд түүх, соёлын үл хөдлөх дурсгал байхгүй гэсэн хариу ирүүлсэн боловч нэгэнт хариуцагчаас түүх соёлын дурсгалт зүйл байгаа гэж тайлбарлан орон нутгийн тусгай хамгаалалтад газрыг авсан энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн аль хэсэгт, яг ямар ямар түүх соёлын дурсгалт зүйл оршиж байгааг зайлшгүй тодруулах шаардлагатай.

2.9. Нөгөөтээгүүр, хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10/1621 дүгээр албан бичигт “... “Н” ХХК-ийн эзэмшиж байсан ... ХВ-00**** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг ... шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 12.5 га талбайгаар ... давхцалтай байна” гэсэн байх тул нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газартай давхцалтай эсэх, давхцалтай бол аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцсан болохыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай.

2.10. Мөн түүнчлэн нэхэмжлэгч компани нь маргаан бүхий Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолтой хэзээ, хэрхэн танилцсан талаар тодруулж нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатайг тэмдэглэв.

 

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь нэхэмжлэгч компанид ажилдаггүй, хууль зүйн туслалцаа үзүүлж, уг захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа боловч өөрөө хүсэлт гарган өмгөөлөгч Б.Н, Ц.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, түүнчлэн Б.Э нь өөрөө хуульч бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг энэ тохиолдолд өмгөөлөгч Б.Н-ээсы гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхих нь нэхэмжлэгч компанийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хөндөхгүй гэж үзсэн төдийгүй нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын хувьд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хурал хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

Харин хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э-ын хувьд шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хавтаст хэрэгт авагдсан түүний 99****** дугаарт шүүх хуралдааны тов мэдэгдэхээр удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг товыг зурвасаар илгээсэн, мөн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүний Viber хаягаар шүүх хуралдааны товыг мөн илгээсэн боловч өөрөө цахим орчинд идэвхтэй байгаа нь харагдах боловч шүүхээс илгээсэн зурвасыг нээж харахгүй байсан бөгөөд түүний хувьд шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар аливаа хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна хариуцагч Б.Ч-аас шүүх хуралдааны явцад ирцтэй холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад “хүсэлт байхгүй” гэсний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                      ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН