| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00151/И/ |
| Дугаар | 226 |
| Огноо | 2019-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 226
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
хариуцагч: Ө.Ц-д холбогдох
2014 оны жилийн эцсийн аудитын алданги 371.693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Чандмань сумын иргэн Ө.Ц нь Чандмань сумын сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгний зээлийг үхрийн аж ахуй эрхлэх зорилгоор 2011 оны 01 сарын 10-нд авсан. Зээлийг эхлээд 2 жилийн хугацаатай олгоод, дараа нь сум хөгжүүлэх сангийн журмын дагуу 1 жил сунгаж, 3 жил болгож, 2014 оны 12 дугаар сарын 10-нд төлж барагдуулахаар гэрээг хийж 3 жилийн хугацааны 232861 төгрөгийн хүү төлж 5.232.861 болгож төлж барагдуулах байсан. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж зээлийн мөнгөн төлбөр хүүгийн хамт нь төлж барагдуулсан. Аймгийн аудитын газар 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 371.693 төгрөгний алданги тавигдсан. Иймд дээрх алданги болох 371.693 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нь Ө.Ц-д холбогдуулан 2014 оны жилийн эцсийн аудитын алданги 371.693 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Ө.Ц нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийг сарын 0.25 хвуийн хүүтэй 24 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийг төлөөлж сумын Засаг дарга, зээлдэгчийг төлөөлж Ө.Ц нар гарын үсэг зурсан байна.
Улмаар 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын А/27 дугаар захирамжаар Ө.Ц-ийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1 жилээр сунгасан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж, 282.3-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ хариуцагч Ө.Ц-г “...Үйл ажиллагаагаа хэвийн явуулж зээлийн мөнгөн төлбөр хүүгийн хамт нь төлж барагдуулсан...” гэж дурджээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ө.Ц нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч нь аймгийн аудитын газар 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар тавигдсан 371.693 төгрөгийн алдангийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар гэх 1 хуудас баримт ирүүлсэн боловч дээрх баримт нь эх хувиар бус, Говь-Алтай аймгийн Чандмань сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Самбуугийн баталгаажуулсан хуулбар /Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг даргын тамгын газар гэх тэмдэг дарагдсан/ байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно...” гэж заажээ.
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна...” гэж, 16 дугаар зүйлийн 16.2.1-т “...Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан дараах этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ. сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн...” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ...” гэж заасан байна.
Хэдийгээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын баримтыг нотариатаар батлуулсан байх боловч тус сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуульд зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн байна.
Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн нь сумын Засаг даргын ажлын албаны ажилтан байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс тодорхойлбол иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө “баталгаажуулан” шүүхэд гаргах боломжгүй юм.
Иймд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн тус дахь Төрийн аудитын газар гэх 1 хуудас баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Түүнчлэн сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдаж, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар зээлийн гэрээнд заасан, уг гэрээг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан, зээлийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.
Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.
Хариуцагч Ө.Ц нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн, зээлийн үүрэг гүйцэтгэх хугацаа сүүлийн хугацаа болох 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ө.Ц-д холбогдох 2014 оны жилийн эцсийн аудитын алданги 371.693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан, хариуцагч Ө.Ц-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ө.Ц-д холбогдох 2014 оны жилийн эцсийн аудитын алданги 371.693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ