| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
2023 02 07 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Э.Уранчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан,
Шүүгдэгч: А.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилга өрөг угсралтын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт амьдардаг.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.О нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны хойд талын шороон зогсоолд байршуулсан Г.Гын эзэмшлийн 0 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жижиг шилийг хагалан орж эд зүйл хулгайлан 598.200 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны ойролцоо байршуулсан байсан А.Хгийн эзэмшлийн 0 БНА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээс “Айр под” про загварын чихэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 536.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 7 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-19, 199-206 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хохирогч А.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 102-105 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 32, 2 хх-ийн 77 дугаар хуудас/,
Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 91 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 247-249 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 39 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 35-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.О нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны хойд талын шороон зогсоолд байршуулсан байсан Г.Г эзэмшлийн “Тоёота приус 30” маркын 0 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жижиг шилийг хагалан орж куртик, монетон ээмэг, бөгж, түрийвч, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан авч 528.200 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны ойролцоо байршуулсан байсан А.Хгийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн 0 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс “Айр под” про загварын чихэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 536.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч Г.Г “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 902 дугаар байранд оршин суудаг. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний 22 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота приус-30 маркийн 0 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг М нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд байршуулан тавьсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07 цаг 40 минутын үед ажилдаа явах гээд гартал жолооч талын гурвалжин жижиг цонхыг хагалсан, хаалгаа онгойлгоод машин руугаа ортол машины арын суудал дээр байсан цагаан өнгийн теди, “Jordan-4” загварын хар өнгийн пүүз, мөн арын суудал дээр байсан эмэгтэй хүний цүнхний дотор байсан монетон ээмэг 1 хос, монетон таван хошуутай шигтгээтэй 1 ширхэг бөгж, хар өнгийн түрийвч, картны түрийвч, машины бичиг баримт зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан юм. Одоогийн байдлаар миний машинаас дээрх эд зүйлс алдагдсан, өөр юу алдагдсан гэдгийг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Хгийн “....Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагт өөрийн эзэмшлийн 0 БНА улсын дугаартай Тоёота Приус-30 тээврийн хэрэгслийг ард гудамжинд байрлуулсан байсан бөгөөд над руу өглөө 19 цаг 52 минутад нэг хүн залгаад машины цонхийг хагалсан байна Миний машинаас “Айр под” про загварын чихэвч алга болсон. Би чихэвчээ хайрцаг болон чихэвч дээрх “Н6СЮМ6Р21059” дугаарын сериалаар нь таньж байна, мөн уг чихэвч нь миний гар утастай шууд холбогдож байна. Миний чихэвч алдагдсанаас хойш хайлтын системээр Баянзүрх дүүргийн Монелын 30 дугаар гудамж гэж зааж байгаад сүүлд нь Дамбадаржаагийн орчим зааж байсан Шил солиулсан мөнгөө нэхэмжилж байна, барагдуулчихвал гомдол санал байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч А.Оийн яллагдагчаар өгсөн “...машинд гар өргөөд шинэ зам руу машины цонх цохиж үзмээр санагдаад шинэ зам дээр буусан. Хэдэн цагийн үед байсныг нь санахгүй байна. Би Хангай хотхоны хойд талд шинэ зам дагуу нэлээн олон машины цонх цохиж орсон. Тухайн машинуудаас авсан зүйл нь 1 ширхэг утасгүй чихэвч, бэлэн 20.000 төгрөг, тэгээд цагаан өнгийн куртик авсан. Би тэр шөнөдөө шинэ замаас такси бариад гэртээ ирсэн чинь цагдаа нар ирээд намайг авч хэлтэс явсан. Би уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хохирогч Г.Г машинаас алдагдсан эд зүйлсийн хохирлын мөнгөнөөс 125.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 25 минутад хүлээлгэн өгөв... Хохирогч Г.Гт учирсан хохирол болох шилний 70.000 төгрөг, цагаан өнгийн теди куртикийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 58 минутад хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Хохирогч А.Хгийн машинаас алдагдсан цагаан өнгийн гэртэй, хойд талдаа designed by Apple in California гэсэн бичиглэлтэй утасгүй чихэвч 1 ширхгийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөв...” гэсэн баримт,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь ipod pro загварын утасгүй чихэвч болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 536.000 /таван зуун гучин зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв. Үнэлэгдэж буй хөрөнгө нь цагаан өнгийн теди куртик, монетон ээмэг, монетон бөгж, хар өнгийн эмэгтэй түрийвч, Jordan пүүз, Toyota prius 30 маркийн автомашины зүүн талын гурвалжин цонх зэрэг эд зүйлс болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 598.200 /таван зуун ерэн найман мянга хоёр зуу/ төгрөгөөр ..” гэсэн баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч нараас эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогч нарын эд зүйлсийг авсан талаар мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог ба шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас А.Оээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч А.Хгийн утасгүй чихэвчийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/, хохирогчийн А.Хгийн“...гар утсаа буцаан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Оийг хохирогч А.Хд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч А.Оийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.О нь бүрэн бус дунд боловсролтой, барилга өрөг угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч А.О танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Хд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Оээс 473.200 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар А.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН