Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 243

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Н.Х-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Х миний бие П.Б-тэй 2017 оны 03 сард танилцаж, хамт амьдрах хугацаандаа 2017 оны 06 сард жирэмсэн болж, 2018 оны 03 дугаар сард гэрлэлтээ батлуулж, 04 сард охин Б.Х-г төрүүлсэн. Гэр бүл болсноос хойш Улаанбаатар хотод амьдардаг байсан. Гэр бүл болохоос өмнө нөхөр П.Б нь ааш авир гайгүй, архи уудаггүй байсан. Гэр бүл болсноос хойш архи дарс уух нь ихэсдэг болж, амар тайван байлгахгүй хэл ам хийж, архи уухаараа хүүхдээ авч зугтдаг, согтуугаар нялх хүүхэд авч тэвэрч гүйж хариагаад байдаг. Эцэг эхийнхээ үгэнд ордоггүй. Архи уухгүй гэчихээд дахиад л ууна. Архи уучихаад 2 сартай хүүхдийг минь чанга гараар хүмүүжүүлнэ гэж хэлээд алгадсан учир би нэхэмжлэл гаргасан байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд би охиноо аваад тусдаа Говь-Алтай аймагт амьдарч байгаа. 2019 оны 03 сарын 15-нд Говь-Алтай аймгийн Эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрэх боломжгүй гэсэн. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг П.Б-с гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэлийн хувийг Улаанбаатар хот руу явуулж гардаж авсан. Барилга дээр ажиллаж байгаад унаад нуруу гэмтээсэн гэдэг боловч нотлох баримт байхгүй. Эгчийнх нь зүгээс гадагшаа эмчилгээнд явсан гэж тайлбарладаг. Иймээс шүүх хуралдаанд ирж чадаагүй. Гэхдээ надаар уламжлуулаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Цаашид таарч тохирохгүй байгаа учир гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан гэсэн. Хүүхдийн талаар маргахгүй байгаа. Гэхдээ цаашид хүссэн үед хүүхэдтэй минь уулзуулж байгаарай гэж хэлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч П.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Х, хариуцагч П.Б нар нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, таарамжгүй байдлын улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш хариуцагч гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх болон үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болохыг тайлбарлаж байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Гэрлэгчдийн дундаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Х төрсөн болох нь хэрэгт авагдсан 1110530091 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Х нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог зэргийг үндэслэн охин Б.Х-г эх Н.Х-н асрамжид үлдээх нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Х-д хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг П.Б-р тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.144.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 32.011 төгрөг, нийт 172.411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П.Б, Н.Х нарын /2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн 1110530026 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Х-г эх Н.Х-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг П.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Х-д даалгасугай.

5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч П.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч П.Б-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.

7.Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү  шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай. 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.144.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 32.011 төгрөг, нийт 172.411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Х-д олгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ