Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/167

 

 

 

 

 

   2023         02           09                                   2023/ШЦТ/167

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч /хохирогч/ Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч /хохирогч/ Л.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн 1975 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 000 тоот өөрийн гэртээ нөхөр Л.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар куртикний бүсний түгжээ хэсгийн төмөр хэсгээр нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 000 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /эхнэр/ хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой, бие хэсэгт нь өшиглөх, цохих, бүсээр цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “зүүн чамархайд шарх, зүүн, баруун шуунд цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.         Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Д.Бг зодъё гэсэн санаа байгаагүй. Тухайн үед гэр бүлийн асуудлаар маргаан үүссэн. Тухайн үед маргаан даамжрахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан...” гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед гаднаас орж ирээд гэр бүлийн асуудлаар маргаан үүсгэсэн. Маргаан үүсгэснээс хойш 7 хоног өнгөрөхөд “шүүх эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн. Б намайг гадуур хувцасны шүртэй нарийн бүсээр ороолгосон. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэв.

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

            Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-29 дүгээр хуудас/, 

Хохирогч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1638 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №95 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Шинжээч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Бгийн иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 89-94 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бгийн иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 84-88 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Эийн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 000 тоот өөрийн гэртээ нөхөр Л.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар куртикний бүсний түгжээ хэсгийн төмөр хэсгээр нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд анх цагдаагийн байгууллагад “нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл /хх-ийн 5/, хохирогч Д.Бгийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр рүүгээ орсон тэгээд нөхөр Бд “чи намайг  байнга ингэж цохиж нүдэж байхаар үхвэл таарна” гэж хэлсэн чинь нөхөр Б босч ирээд толгой тархи руу цохиод өшиглөөд байсан. Нэг мэдсэн миний куртикны бүс тайлагдчихсан намайг ороолгож байсан. Бүсний урд талын төмөр нь толгой оноод толгойноос цус гарсан. Би газар хэвтэж байгаад бүснээс нь зуурч татаад буцаж ороолгож өөрөөсөө холдуулсан. Тэгсэн манай охин 16 нстай Э манай ээж, эгч нарыг дуудсан байсан. Хэсэг хугацааны дараа манай гэрийнхэн ирээд цагдаад дуудлага өгсөн юм. ...1 сарын өмнө бид 2 маргалдсан, миний тархи толгой руу өшиглөж зодоод байсан, тэгэхээр нь би том эгч Нн гэрт очиж 1 сар амьдарсан...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрийнхээ хажуугаар явж байгаад охин маань ковид туссан байсан болохоор яаж байгаа бол гээд гэрлүүгээ орсон чинь нөхөр Бд зодуулсан...би гараараа толгойгоо хамгаалсан чинь миний дээр суусан цохиод байсан. Сүүлд нь миний куртикны бүсээр ороолгож байгаад төмрөөр нь толгой руу цохиж толгой хагалсан.       ...” гэсэн мэдүүлэг /25-29/, Д.Бгийн яллагдагчаар өгсөн “манай нөхөр миний хүзүүнээс боогоод газар унагаад дээрээс цохиод байсан. Тэгээд нэг мэдсэн миний куртикны бүсийг намайг ороолгоод, миний толгой хэсэг рүү бүсээр цохиод толгой өвдсөн. Тэгэхээр нь би бүсээ авах гээд зууралдаад байж байсан чинь манай охин миний толгой хэсгээс цус гарахыг хараад манай гэрийнхэнийг дуудсан байна лээ. Тэгээд манайхан тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэж /62-63/, Д.Бгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №95 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн зүүн доод хэсэгт 1.0*0.2 см тав тогтсон зах ирмэг нийлж анисан шархтай. Баруун гарын шууны ар доод хэсэгт 6.0*7.0 см, 2.0*2.0 см, дотор доод хэсэгт 2.0*2.0 см шаргал өнгийн цус хуралттай, баруун гар атгахад чигчий хурууны хөдөлгөөн хязгаарлагдсан, хурууны үенүүд хавдсан. Зүүн шууны гадна дунд хэсэгт 3.0*3.0 см, дээд хэсэгт 4.0*5.0 см, зүүн бугалганы гадна доод хэсэгт 6.0*7.0 см, 4.0*4.0 см шаргал өнгийн, баруун шилбэний урд дээд хэсэгт 2.0*2.0 см, дотор дээд хэсэгт 6.0*7.0 см баруун бугалганы дотор дунд хэсэгт 4.0*4.0 см шаргал өнгийн цус хуралттай. Зүүн гарын ар хэсэгт тасархайтсан 2.0*2.0 см цайвар ягаан өнгийн тойроод улайсан зулгаралттай. Цээжний баруун дээд хэсэгт эмзэглэлтэй, тогшилтоор тогшилтын авиа бүдэг... Дүгнэлт 1. Д.Б-н биед зүүн чамархайд шарх, зүүн баруун шуунд цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Д.Бгийн биеийн олон хэсэг газарт Л.Бгээс гараараа болон куртикны бүсээр хүч хэрэглэж, ийнхүү Д.Б өөрийн амь бие, эрүүл мэндэд нь хүч хэрэглэж буй үйл явцыг зогсоож, өөрөөсөө холдуулах, биеэ хамгаалах зорилгоор тухайн куртикны бүсийг өөрөө угзарч татах явцад Л.Б дух, хөмсөг орчим гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.

 

Тодруулбал Л.Бгээс шүүгдэгч Д.Бгийн биеийн олон хэсэг газарт хүч хэрэглэж, ийнхүү хүч хэрэглэхдээ толгой, цээжин тус газарт цохиж бие махбодид нь хүнд хохирол учрах цаашлаад амь насанд аюул учирч  болзошгүй аюул тулгарч уг үйл явдал довтолгоон үргэлжилж байх явцад Д.Б нь амь, биеэ хамгаалах зорилгоор куртикны бүсийг булаан авч, Л.Бгийн эсрэг угзрах явцад Л.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэлд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хууль зүйлийн 2-д “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бгийн зүгээс эрүүл мэндийнх нь эсрэг чиглэсэн хууль бус, хүч хэрэглэсэн довтолгооныг таслан зогсоох зорилгоор хийсэн үйлдлийн улмаас Л.Бд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгч Д.Бгийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Л.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 000 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /эхнэр/ хохирогч Д.Бтай /урьд муудалцсан байсан/ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой, бие хэсэгт нь өшиглөх, цохих, бүсээр цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “зүүн чамархайд шарх, зүүн, баруун шуунд цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Цагдаагийн байгууллагад “нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас “...СБДЦХ-ийн-1 НХЖА тасгийн эргүүлийн офицер, дэслэгч Б.Д, д/а Мнар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 11/1 байр 51 тоот нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлагыг 00 цаг 25 минутад хүлээн авч очиж шалгаад уулзахад “би гэртээ согтуу орж ирсэн тэгээд нөхөр уурласан байх, бид  хоёр муудалцаад ноцолдсон нөхөр миний хөл, гар, толгой руу цохисон миний куртикны бүсээр, би бас нөхрийнхөө толгой руу цохисон тэгж байхад манай ээж, эгч, дүү ирсэн” гэв ...” гэсэн тэмдэглэл,

Хохирогч Д.Бгийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр рүүгээ орсон тэгээд нөхөр Бд “чи намайг  байнга ингэж цохиж нүдэж байхаар үхвэл таарна” гэж хэлсэн чинь нөхөр Б босож ирээд толгой тархи руу цохиод өшиглөөд байсан. Нэг мэдсэн миний куртикны бүс тайлагдчихсан намайг ороолгож байсан. Бүсний урд талын төмөр нь толгой оноод толгойноос цус гарсан. Би газар хэвтэж байгаад бүснээс нь зуурч татаад буцаж ороолгож өөрөөсөө холдуулсан. Тэгсэн манай охин 16 настай Э манай ээж, эгч нарыг дуудсан байсан. Хэсэг хугацааны дараа манай гэрийнхэн ирээд цагдаад дуудлага өгсөн юм. ...1 сарын өмнө бид 2 маргалдсан, миний тархи толгой руу өшиглөж зодоод байсан, тэгэхээр нь би том эгч Нн гэрт очиж 1 сар амьдарсан...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрийнхээ хажуугаар явж байгаад охин маань ковид туссан байсан болохоор яаж байгаа бол гээд гэр рүүгээ орсон чинь нөхөр Бд зодуулсан...би гараараа толгойгоо хамгаалсан чинь миний дээр суусан цохиод байсан. Сүүлд нь миний куртикны бүсээр ороолгож байгаад төмрөөр нь толгой руу цохиж толгой хагалсан...надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн...ер нь уурлахаараа байнга зодож байсан. Цагдаад 10-20 удаа дуудлага өгөөд буцааж байсан. Цагдаагаар шалгуулж байсан 4 удаа, хамгийн сүүлд 1 сарын өмнө намайг цохиж зодоод би эгчийнхээ гэрт амьдарсан ...Тухайн үед гаднаас орж ирээд гэр бүлийн асуудлаар маргаан үүсгэсэн. Маргаан үүсгэснээс хойш 7 хоног өнгөрөхөд “шүүх эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн. Б намайг гадуур хувцасны шүртэй нарийн бүсээр ороолгосон. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Бгийн шүүхээр зөрчлийн хэргээр шийтгэгдэж байсан талаарх шийтгэлийн хуулбарууд,

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар 10-ны өдрийн №95 дугаартай дүгнэлтэд “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн зүүн доод хэсэгт 1.0*0.2 см тав тогтсон зах ирмэг нийлж анисан шархтай. Баруун гарын шууны ар доод хэсэгт 6.0*7.0 см, 2.0*2.0 см, дотор доод хэсэгт 2.0*2.0 см шаргал өнгийн цус хуралттай, баруун гар атгахад чигчий хурууны хөдөлгөөн хязгаарлагдсан, хурууны үенүүд хавдсан. Зүүн шууны гадна дунд хэсэгт 3.0*3.0 см, дээд хэсэгт 4.0*5.0 см, зүүн бугалганы гадна доод хэсэгт 6.0*7.0 см, 4.0*4.0 см шаргал өнгийн, баруун шилбэний урд дээд хэсэгт 2.0*2.0 см, дотор дээд хэсэгт 6.0*7.0 см баруун бугалганы дотор дунд хэсэгт 4.0*4.0 см шаргал өнгийн цус хуралттай. Зүүн гарын ар хэсэгт тасархайтсан 2.0*2.0 см цайвар ягаан өнгийн тойроод улайсан зулгаралттай. Цээжний баруун дээд хэсэгт эмзэглэлтэй, тогшилтоор тогшилтын авиа бүдэг...ДҮГНЭЛТ: 1. Д.Бгийн биед зүүн чамархайд шарх, зүүн, баруун, шуунд цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Л.Бгийн “...Би Д.Бг зодъё гэсэн санаа байгаагүй. Тухайн үед гэр бүлийн асуудлаар маргаан үүссэн. Тухайн үед маргаан даамжрахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь хохирогч Д.Б нар хэрэг явдал болохоос өмнө урьд хоорондоо таарамжгүй харьцаа үүссэн байх ба хохирогч Д.Б гэртээ орж ирэхэд шүүгдэгч Л.Б нь  түүнтэй урьдын таарамжгүй харьцаа болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалд шалтаглан уурлаж маргалдан улмаар Д.Бгийн толгой, биеийн олон хэсэг газарт нь өшиглөх, цохих, куртикны бүсээр цохьж биеийн олон хэсэг газарт гэмтэл, шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдсон байна. 

Хохирогч Д.Б, шүүгдэгч Л.Б нар хоорондоо эхнэр, нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Б нь урьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Бгийн биед олон удаа хүч хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчлийн шийтгэл хүлээж байсан талаар шүүхийн шийдвэрүүд хэрэгт цугларсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн ойлголтод халдагч этгээд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбод, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж тэрхүү үйлдлээ тогтсон хугацаанд хэвшмэл маягаар үйлдэхийг хамааруулах ба урьд удаа дараа хохирогчоос шүүгдэгчид холбогдуулан “биед нь хүч хэрэглэсэн” талаар цагдаагийн байгууллагад хандаж байсан, зөрчлийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдсон.

Энэ нөхцөл байдлыг дүгнэвэл шүүгдэгчээс тодорхой хугацааны туршид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үл ялих, тодорхой бодитой шалтгаангүйгээр биед нь халдаж гэр хүчирхийлэл үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Д.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Л.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохиол, төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бгаас “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Л.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Б нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Мал эмнэлгийн улсын лабораторийн газарт ажилладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Улсын яллагчаас “шүүгдэгч Л.Бд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэж, шүүгдэгч Л.Бгээс “...шүүгдэгчээс “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж нийгэм, гэр бүлийн харилцаанд бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН