Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/1124/Э |
Дугаар | 2023/ШЦТ/26 |
Огноо | 2023-12-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
2022 12 27 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/1124/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Ц.Буянхишиг,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2209019001954 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... караокед зөөгчөөр ажилладаг, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 торгох ялаар шийтгүүлж байсан Б.А /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 7 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... рестораны гадна хохирогч Э.Д-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Би хөлөөрөө хэвлий хэсэгт нь өшиглөсөн. Би цаашид дахин хэрэгт орооцолдохгүй, өөртөө дүгнэлт хийж амьдарна. Би тэр даруйд нь хохирогчийн өвчин нь хүндрэхээс өмнө хамрыг нь янзлуулсан. Нийт бүх зардал 860.000 төгрөгийг төлсөн.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2022 оны 7 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг миний өмнө ажилладаг байсан ... ресторанд хамт ажилладаг байсан Б ахтай ороод хоёр хоёр шил пиво уугаад сууж байгаад Б ах гарчихаад ирье гээд гарсан ба би араас нь удахгүй гарахад Б ах 3 залуутай маргалдсан байдалтай, харин рестораны бармен О гэх залуу тэд нарыг салгаад байж байсан. Б ах бас тэнд рестораны тогооч гэх залуутай маргалдаад байсан. Удалгүй дотроос рестораны хамгаалагч болон зохион байгуулагч нар гарч ирээд бид нарыг салгасан. Зохион байгуулагч нь гэх урт үстэй үсээ боосон залуу Б бид хоёр руу зайл гээд орилоод байхаар нь танайхаар үйлчлүүлж болохгүй юм уу гэхэд тэр залуу Быг нүүр рүү нь нэг удаа цохихоор нь би очоод болиоч гэж хэлэхэд миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би Б ахыг тэд нартай ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй. Намайг гарч ирэхэд л маргаан болж байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг ... рестораны зохион байгуулагч Б.А гэх залуу гараараа 3-4 удаа цохиж учруулсан..," гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)
Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд манайд хуучин ажиллаж байсан Б, Э.Д нар орж ирээд зааланд пиво уугаад сууж байсан. Нэлээн согтсон харагдаж байсан. Тэгээд шөнө 2022 оны 7 дугаар сарын 10-ны 01 цагийн орчимд би ажлын гадаа тамхи татаад зогсож байхад Б гадаа гарч ирээд “чи юу гэдэг гэнээ ахын дүү” гээд намайг цохих гэж дайрахаар нь би гараараа холдуулаад өнгөрсөн. Тэгээд буцаад ресторан руу орохдоо чамайг гарч ирээд ална гээд орсон. Тэгээд намайг гадаа байхад манай найзууд болох Ууганбаатар, Балжинням нар надтай уулзахаар ирсэн. Миний ажил тарахаар писи тоглоно гэж байсан. Тэгээд бид 3 гадаа зогсож байгаад бармен Отгонбаатар Быг дуудуулсан ба гарч ирэхдээ Э.Д-тэй цуг гарч ирсэн. Гарч ирэхээр нь би "одоо үзэх үү" гээд орилоод Б-тэй заамдалцсан. Бас Э.Д-ийн нүүр рүү нь нэг удаа алгадсан. ...Б бид хоёр нэгнийгээ цохиогүй. ...намайг цохисон хүн байхгүй, миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10032 дугаартай “...Э.Д-ийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар, шанаа, нүдний алиманд цус хуралт, хамрын угалзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.А нь 2022.07.09-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... рестораны гадна хохирогч Э.Д-г өөрийн хамт ажилладаг найзуудтай нь маргалдаж муудалцлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар, шанаа, нүдний алиманд цус хуралт, хамрын угалзанд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.А-ын хувьд хамт ажилладаг найзуудтай нь маргалдаж муудалцлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан бусадтай зүй бус харьцсан, өөртэй нь муудалцаагүй хохирогчийг харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хохирол гэмтэл учруулж байгаа түүний биеэ барих чадваргүй, ухамсаргүй, дээрэнгүй гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Э.Д-н эрүүл мэндэд уг гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 860.000 төгрөг төлсөн талаар баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь нотлох баримтаар нэхэмжилсэн зүйл хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Э.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч уг саналыг дэмжиж оролцов.
Шүүгдэгч Б.А нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож торгох ял эдэлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, ухамсарлаагүй, дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд урьд энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял шийтгэл оногдуулсан байхад ухаарч ойлгосон, нийгэмшсэн зүйл байхгүй, 2 жилийн дараа дахин энэ төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний дээрх хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч Э.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР