| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
2023 01 03 2023/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2023/0017/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Н.Энхтулга,
шүүгдэгч Т.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2209000002438 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хадам эцэг, эх, эхнэрийн хамт ... оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Э-тэй маргалдаж улмаар толгой хэсэгт нь хогийн шүүрээр цохиж зулайн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр...И эгч рүү залгаад тэгээд бид 3 нийслэл гээд пиво 2 ширхгийг уусан харин нөхөр машин барьж байгаа гээд уугаагүй тэгээд 23 цагийн үед караокеноос гараад О гээд эгчийг Д гээд дэлгүүрийн тэнд буулгаж өгсөн. Тэгээд нөхөр бид 2 долоон буудлын тэнд хүнд юм хүргэж өгөөд И эгч рүү залгаад харьсан уу гээд асуухад би харьсан та хоёр хүрээд ирэх юм уу гээд байхаар нь би за танайд очоод ганц хоёр үг хэлээд хоноё гээд Дүүрэн гуанзны хажууд байдаг ... тоотод орсон. Тэгэхэд И эгч ганцаараа байсан тэгээд бид 3 байж байгаад манай нөхөр А 0,5 литртэй Соёрхол нэртэй архи уугаад сууж байтал гаднаас хүү П гэж дууддаг залуу орж ирээд та нар одоо болиоч гээд манай нөхөр рүү та одоо эр юм байж аваад яваач гэсэн чинь манай нөхөр одоо явлаа гэсэн чинь миний куртик цүнхийг аваад газар шидсэн тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэсэн чинь тэр залуу яасан ч яадаг юм зайл байна ш дээ гээд зуухаа өшиглөөд хогийн шүүрээр миний толгойн орой хэсэг руу цохисон тэгээд манай нөхөр яаж байна чи гээд бариад авсан тэгсэн чинь гэж цагдаагаа дууд гээд байсан. Тухайн үед миний толгойноос цус их гарсан учир би шууд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд 103 дуудаж үзүүлсэн... Миний толгойн орой хэсэг рүү нэг удаа ягаан өнгөтэй шүүрээр толгойн дээд хэсэгт цохисон. Би толгойдоо 5 оёдол тавиулсан. Одоо миний толгой өвдөж байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 14-15 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16152 дугаартай: “...С.Э-н биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 20-21 дэх тал)
Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие хохирлоо бүрэн барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт (хх-ийн 9, 33 дахь тал) болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.Б-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Т.Б нь 2022.11.26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн садан төрлийн хүн болох хохирогч С.Э-тэй маргалдаж улмаар түүнийг толгой хэсэгт нь хогийн шүүр, утгуураар цохиж зулайн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Б-ын хувьд хүлээцгүй, зүй бус ааш авир гаргаж өөрөөсөө ахмад, төрөл садангийн хүний эрүүл мэндэд нь халдан зодож цохиж байгаа балмад түрэмгий, хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Э нь шүүгдэгчид гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж байгаа боловч хохирогч С.Э-н тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Т.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Т.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Т.Б-д 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 750 / долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 / долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч С.Э нь шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР