| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2019/01566/И |
| Дугаар | 184/ШШ2019/01843 |
| Огноо | 2019-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2019/01843
| 2019 оны 7 сарын 05 өдөр | Дугаар 184/ШШ2019/01843 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д овогт О.Д /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, дугаар байр, тоот
Хариуцагч: Б овогт Ж.Ш /РД: . Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Мандал-Овоо, дугаар гудамж, тоот
5 450 000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д, хариуцагч Ж.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Л.А, М.Э, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Ш-ийн хүсэлтээр 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 2 800 000 төгрөг, мөн өөрийн үнэт эдлэл, ээмэг, бөгж, зүүлтээ “Начин заан” ломбардад барьцаалж 3 200 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг өгсөн. Хариуцагч Ж.Ш нь хүү алдангийг нь би бүрэн төлнө, санаа зоволтгүй гэж хэлсэн, мөн заримдаа төлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 24-нд ломбардын эрхлэгчтэй уулзахад хүүг нь үндсэн зээл дээр нэмж тооцоход 4 950 000 төгрөг болсон бөгөөд энэ тухай Ж.Ш-т хэлэхэд 2019 оны 3 дугаар сард хөдөө явах гэж байгаа ирээд өөрөө төлнө, эд зүйлийг чинь аваад өгнө гэсэн. Түүнээс хойш уулзаж чадахгүй, хариуцагч үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Ломбардад тавьсан эд зүйлийн хүүгийн төлбөр 4 950 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөгийг хариуцагч Ж.Ш-ээс гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй байна. Нэхэмжлэгч эд зүйл барьцаанд өгсөн ломбардны мөнгө болон түүний хүү 5 450 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Бидний хооронд мөнгө төгрөг өгч авалцсан харилцаа байсан боловч миний бие бүрэн төлж дуусгасан. О.Д-т 2013 оны 9 дүгээр сарын сарын 22, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус бүр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн зээлийн төлбөрт 2013 оны 5 дугаар сарын 28-наас 2016 оны 3 дугаар сарын 28-ны хооронд 4 020 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, мөн О.Д-ын “Начин заан” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн төлбөрт 2016 оны 3 дугаар сарын 29-нөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны хооронд өөрөө болон нөхөр А.У, хүү У.Ж, У.Ц нарын нэрээр 5 126 000 төгрөг, нэхэмжлэгчийн эгч О.Л-ын зээлийн төлбөрт 2 204 060 төгрөг, нийт 13 350 233 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр түүний эгч О.Л-ын зээлийн хүүг төлөх замаар нэхэмжлэгчээс авсан мөнгөө төлж байсан. Бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл байгаагүй, алданги, хүүгийн талаар тохироогүй тул хүү төлөх үндэслэлгүй. Төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ж.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 450 000 төгрөг гаргуулахыг хүсчээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлэн авсан 6 000 000 төгрөгийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэж , хариуцагч нь 6 000 000 төгрөг зээлсэн тухайд маргахгүй, харин мөнгийг буцаан төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ж.Ш-тэй амаар хэлэлцэн тохиролцож 6 000 000 төгрөг зээлдүүлсэн, энэхүү мөнгийг олохын тулд өөрийн үнэт эдлэл /монетон ээмэг, бөгж, гинж, нийт 12 ширхэг/ -ийг “Начин заан” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 3 200 000 төгрөг, өөрийн эгч О.Л-аас 2 800 000 төгрөг зээлсэн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 282 зүйлийн 282.3, 282.4 дэх хэсгүүдэд амаар хийх хэлцлийн тухайд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хийсэн гэж үзэх, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдах, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус зохицуулжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5057209364 тоот дансанд 4 020 000 төгрөгийг 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, мөн О.Д-ын “Начин заан” ХХК-иас авсан 62010 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 5 126 173 төгрөг, хариуцагчийн төрсөн эгч О.Л /РД: /-ын “Начин заан” ХХК-ийн авсан 27608 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 2 204 060 төгрөг төлсөн болох нь “Начин заан” ХХК-иас ирүүлсэн зээл төлөлтийн баримт, зохигчдийн Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй. /хх-ийн 26-41, 47/
Мөн бэлнээр 2013 оны 9 дүгээр сарын 22, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд тус бүр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж хариуцагч тайлбарласан боловч баримтаар нотлоогүй, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байгаа болно.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 238 дугаар зүйлийн 238.7 дахь хэсгүүдэд үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх, өөр өөр газар гүйцэтгэвэл зохих үүргийг талууд тохиролцон тооцож үүргийг дуусгавар болгож болохоор тус тус заасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн зааврын дагуу түүний эгч О.Л-ын зээлийн төлбөрт 2 204 060 төгрөг шилжүүлснийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааруулах үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчид амаар хэлэлцэн тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч О.Д нь 6 000 000 төгрөгийг зээлдэгч Ж.Ш-т бодитоор шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь гэрээний үүрэгт 11 350 233 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь “Начин заан” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн дүнгээр нэхэмжлэлийнхээ үнийг тодорхойлсон бөгөөд хариуцагч нь энэхүү гэрээгээр үүсэх үүргийг бүрэн хариуцах үүрэггүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.7, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Ш-ээс 5 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2 . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ