| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/104 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/104
2023 01 20 2023/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Өлзийжаргал /томилолтоор/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
хохирогч Х.Б , Б.Э ,
шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э д холбогдох эрүүгийн 2206 04312 3699 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э г 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ..... тоотод оршин суух Л.Ц гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, 7 ширхэг зэс аяга, 1 ширхэг ясан аяга, 6 ширхэг виски, мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол, 1 литрийн хэмжээтэй 6 ширхэг конъяк, 1 ширхэг бага гарын алтан аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.916.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 13-наас 16-ны өдөр хүртэлх хугацаанд ..... тоотод оршин суух Р.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч эмэгтэй, эрэгтэй хүний дээл, малгай, гутал, цахилгаан тогоо, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 419.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 08 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ...... тоотод оршин суух Х.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг самсунг брэндийн 32 инчийн зурагт, 1 ширхэг орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 289.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 03-ны хүртэлх хугацаанд ........... тоотод оршин суух Т.Н гийн эзэмшлийн хүн байнга оршин суух Т.Н гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 1 ширхэг эрэгтэй хүний хурган дотортой дээл, 1 ширхэг эрэгтэй хүний ноолууран цамц, 1 ширхэг эмэгтэй хүний ноолууран плаж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 886.146 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ...... тоотод Б.Э ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, 925 сорьцтой 2 ширхэг монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж бүхий хослол, шаргал өнгийн зааны сувинер бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
1. Шүүгдэгч О.Э нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ..... тоотод оршин суух Л.Ц гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.916.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 3/,
Хэргийн газрын үзлэг хийсэн:
“...Уг байшин нь ертөнцийн зүгээр урагш харсан 1, зүүн тийш харсан 2 цонхтой ба урагш харсан цонхны салхивч хэсэг нь онгорхой байсныг гэрэл зургаар бэхжүүлж салхивчны гадна хүрээ, шилэн дээрээс ул мөр эд мөрийн баримт илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой ул мөр “үгүй” байв. Үзлэгийг үргэлжлүүлэхэд байшин дотор орж 1 давхарт үзлэгийг хийхэд 2 өрөөний зохион байгуулалттай, үүдний хэсэгтээ гал тогооны өрөө, хойд талд зочны өрөө байх ба гал тогооны өрөөн дэх эд зүйлс эмх цэгцтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийг үргэлжлүүлэн зочны өрөөнд хийхэд өрөөний зүүн хана дагуу байх зурагтны тавиур дээр байсан 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан аяга, 2 ширхэг зэс аяга алдагдсан гэснийг “3” гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж авав. Зочны өрөөний урд хана руу хулгайч нэвтэрсэн байж болохуйц вакум цонх байх ба уг цонхны дээд, доод түгжээ нь эвдэрч хөдөлгөөнд орсон байсныг гэрэл зургаар бэлжүүлэн ул мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд салхивчны хөндлөн хүрээний дотор хэсгээс гарын мөр 4 ширхэг илэрснийг скоч, бичгийн цагаан цаас ашиглан бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-9/,
Хохирогч Л.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн орчим нөхөр Х ын хамт Хавдар судлалын эмнэлэгт хэвтэхээр .... тоот байшингаа түгжээд гарсан. тэгээд 18 цагийн орчим манай төрсөн охин Э манай гэрт очоод нохойд хоол өгчихөөд явсан. 22 цагийн орчим зээ хүү Т , охин Э нар гэрт ороход урд талын цонхны хөшиг нээгдсэн. Салхивч нь онгорхой байхаар нь гайхаад шалгахад зурагтны тавиур дээр байсан мөнгөн аяга алга болчихсон байна гээд цагдаа дуудчихаад над руу залгаж хэлсэн. Манай гэрийн зурагтны тавиур дээр байсан 4 ширхэг мөнгөн аяга, 7 ширхэг зэс аяга, 1 ширхэг жижиг хэмжээтэй алтан аяга, 1 ширхэг ясан аяга, 6 ширхэг виски, мөнгөн хослол /1 хос ээмэг эхнэр хэлбэртэй, 1 ширхэг бөгж, 1 ширхэг зүүлт/, оюу шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн хослол /1 хос ээмэг, 1 ширхэг бөгж, 1 ширхэг зүүлт/, 6 ширхэг 1 литрийн хэмжээтэй кониак алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 14-15/,
Гэрч А.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын орчим ..... тоотод аав Х ын хамт орж нохой хооллчихоод хөшиг чүүлийг нь хагас хаачихаад гарсан. Тэгээд орой 22 цагийн орчим дүү Д.Т ий хамт ирээд гэрт ороход баруун хойд талын цонхны салхивч нээлттэй мөн дотор зурагтны тавиур дээр ил байсан мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17/,
2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан:
“..... тоотод хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 7 ширхэг гуулин аяга, 1 ширхэг шармал өнгөтэй /хясааны яс тойруулж наасан аяга/ 3 ширхэг виски хулгайлсан гэж заав...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-28/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД3-22-702 дугаар:
Дунд гарын хуучин хэрэглэж байсан мөнгөн аяга 3 ширхэг 390.000 төгрөг, бага гарын хуучин хэрэглэж байсан мөнгөн аяга 1 ширхэг 90.000 төгрөг, ясан хуучин хэрэглэж байсан аяга 2800 төгрөг, том хуучин хэрэглэж байсан зэс аяга 2 ширхэг 50.000 төгрөг, жижиг хэрэглэж байсан мөнгөн аяга 5 ширхэг зэсэн аяга 75.000 төгрөг, мөнгөн хослол /эхнэр хүний хэлбэртэй/ 1 хос 45.000 төгрөг, 1 литрийн хэмжээтэй конъяк 6 ширхэг 763.200 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 29-30/,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн:
“жижгээс том хэмжээтэй 7 ширхэг зэс аяга, 1 ширхэг зэстэй ясан аяга, “Батсүмбэр Заамар Баяндэлгэр, Алтан гурвалжин 2018 он” гэсэн бичиглэлтэй жижиг хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэгийг хохирогч Л.Ц д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 36/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч О.Одбаатарын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/570 дугаар:
“...Шинжилгээнд тэнцэх №5, 6 гэж дугаарласан дакто хальсан дахь 2 ширхэг гарын мөр нь Отгонбилэг овогтой Эрдэнэбаясгалангийн баруун гарын эрхий, баруун гарын долоовор хурууны хээний дардастай ерөнхий болон зурагт улаан өнгийн будагчаар зурж, ижил цифрээр дугаарлан тэмдэглэсэн доорхи хувийн шинжүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 45-54/,
Шүүгдэгч О.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2022 оны 08 дугаар сарын 29-ний орой харанхуй болсон байхад цагийг нь яг хэлж мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тасарчихсан байна лээ. Нэг мэдсэн чинь нэг айлд орчихсон 4 ширхэг мөнгөн аяга, 7 ширхэг гуулин аяга, 1 ширхэг ясан аяга, 4 ширхэг виски, мөн олон тооны төмөр ээмэг, бөгж цүнхэлчихсэн байсан. Тэгээд тухайн айлын вакум цонх онгорхой байхаар нь өөрийгөө тэр цонхоор орж ирсэн юм байна гэж бодоод буцаж тухайн цонхоор гараад төв зам руу алхаад, зам дагаж явсаар байгаад Амгалан орчимд түцэнд ороод 1 ширхэг мөнгөн аягийг нь “маргааш ирж авъя” гэж хэлж үлдээгээд бууз, пирошки, ундаа, тамхи зэргээр солиод тухайн газрын орчим байрны орцонд орж унтсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед сэрээд шархадны эцэс ороод танихгүй хүнд 150.000 төгрөгөнд зараад архи авч уусан. Тэгээд үлдсэн 1 ширхэг мөнгөн аяга, 7 ширхэг гуулин аяга, 1 ширхэг ясан аягийг хүлээлгэн өгсөн. Тухайн ээмэг бөгжнүүд нь бүгдээрээ төмөр байхаар нь тэр оройноо тухайн айлаас гараад явж байх замдаа жалга руу шидчихсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42-43/,
2. 2022 оны 06 дугаар сарын 13-наас 16-ны өдөр хүртэлх хугацаанд ..... тоотод оршин суух Р.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч эмэгтэй, эрэгтэй хүний дээл, малгай, гутал, цахилгаан тогоо, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 419.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн:
“Хулгай орсон гэх газар нь ..... тоот буюу ертөнцийн зүгээр баруун хойшоо харсан саарал өнгийн хаалгатай модон хашаа байв. Хашаан дотор ороход хулгай орсон гэх ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан модон амбаартай Монгол гэр байв. Ул мөр илрүүлэх зорилгоор үзлэгийг цааш үргэлжлүүлж Монгол гэрт орж цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Монгол гэрийн гадна талын хаалганы зүүн өлгөөтэй байсан улаан өнгийн цоожийг хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрүүлэх зорилгоор шинжээч бэхжүүлж хураан авав. Монгол гэрийн ертөнцийн зүгээр баруун хэсэгт шаргал өнгийн хөргөгчөөс 2 ширхэг шар өнгийн модон ор байв. Эхнэрийн цүнх байсан гэх газрын “9” гэж дугаарлан шар өнгийн хувцасны шүүгээнд дээл, малгай, бүс байсан гэх газрыг “7” гэж дугаарлан, буриад гутал байсан гэх газрыг “8” гэж дугаарлан шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Монгол гэрийн ертөнцийн зүгээр хойд хэсэгт шар өнгийн тавиур дээр “ dnlejr” гэсэн бичигтэй зурагт байв. Монгол гэрийн зүүн хэсэгт улаан хүрэн өнгийн модон ор түүний хажууд цагаан өнгийн “wanbao” гэсэн бичигтэй хөлдөөгч байв. Хөлдөөгчний урд цахилгаан тогоо байсан гэх газрыг “6” гэж дугаарлан шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ..” гэх тэмдэглэл /1 хх-ийн 101/,
Хохирогч Р.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед ..... тоотод хувцасаа солих гээд ирэхэд манай гэрийн цоож онгорхой, хаалга дэлгээстэй, гэрийн эд зүйл эмх цэгцгүй хулгай орсон байдалтай байсан. Манай гэрээс эхнэр бид хоёрын дээл, малгай, гутал, эхнэрийн хувцас хийдэг цүнх, цахилгаан тогоо, усны тэрэг зэрэг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 109-110/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БЗД3-22-478 дугаар:
Эмэгтэй хүний хуучин хэрэглэж байсан дээл 90.000 төгрөг, эмэгтэй хүний хуучин хэрэглэж байсан дээл 144.000 төгрөг, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан малгай 18.000 төгрөг, эмэгтэй хүний хуучин хэрэглэж байсан малгай 18.000 төгрөг, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан гутал 48.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан цахилгаан тогоо 21.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан усны тэрэг 80.000 төгрөг нийт 419.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /1 хх-ийн 118-119/,
2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан:
“..... тоотод хууль бусаар нэвтрэн орж хуучин хувцас хулгайлсан гэж заав” гэх тэмдэглэл /1 хх-ийн 114/,
Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
““Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй..” гэв.
3. Шүүгдэгч О.Э нь 2022 оны 08 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ...... тоотод оршин суух Х.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг самсунг брэндийн 32 инчийн зурагт, 1 ширхэг орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 289.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн:
Хэрэг гарсан ...... тоот нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан ногоон өнгийн төмөр гүйдэг хаалгатай блокон хашаа байв. Уг хашаан дотор ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай улаан өнгийн тоосгон 1 давхар байшин байв. Зүүн урд зүг рүү харсан бор өнгийн төмөр хаалга байх ба хаалганы дотогш ороход үүдний коридор хэсэгт гал тогооны хэсэг байв. Гал тогооны хэсэгт бор өнгийн модон ширээ, сандал, тавиур зэрэг эд зүйл байв. Байшингийн гол хэсэгт жижиг өрөө, хаалгагүй дотор нь ногоон өнгийн даавуун бүтээлэгтэй ор, сандал, ширээ зэрэг эд зүйл байв. Уг ор нь цагаан өнгийн даавуун бүтээлэгтэй байсан гэснийг тэмдэглэлд тусгав. Байшингийн баруун хэсэгт том өрөөний хэсэг байв. Том өрөөний зүүн ханын хажууд ногоон өнгийн даавуун бүтээлэгтэй төмөр ор байрлуулсан, хажууд нь ягаан өнгийн даавуун бүтээлэгтэй төмөр ширээ байв. Байшингийн урд талд зэрэгцэн 2 ширхэг цонх байх ба зүүн талын цонх онгорхой, баруун талын цонх том хэмжээтэй хагарсан, шалан дээр хагарсан шилний хэлтэрхий байв. Өрөөний баруун талын хананд тогтоосон дээр доор байрлалтай 2 ширхэг модон тавиур, хажууд нь хананд зурагт тогтоогч байрлуулсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Том өрөөний зүүн талын вакум цонхны дотор талын арамнаас гарын мөр 4 ширхэгийг бэхжүүлэн авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 139-144/,
Хохирогч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед эхнэр бид 2 гэрээс гарч яваад Дархан хот орж хоноод 2022 оны 08 дугаар сарын 16-ны оройн 00 цагийн орчим гэртээ ирэхэд манай хашааны том хаалга нь бага зэрэг онгорхой, цоож нь байхгүй байсан. Манай байшингийн том өрөөний 2 цонхны баруун талын цонх нь хагарсан, зүүн талын цонх нь онгорхой байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд гэртээ иртэл том өрөөний хананд байрлуулсан 32 инчийн хар өнгөтэй, самсунг телевизор мөн жижиг өрөөний орон дээр байсан орны бүтээлэг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 147-148/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД3-22-700 дугаар:
Самсунг брендийн 32 инчийн хуучин хэрэглэж байсан зурагт зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 265.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /1 хх-ийн 161-162/,
Шүүгдэгч О.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би 2022 оны 08 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байх үедээ Шархадны “..... ” дэлгүүрийн урд талд байрлах байшингийн цонхооор ороод 41 инчийн зурагтыг нь цагаан өнгийн даавуунд ороогоод аваад гарсан. Тэгээд тухайн зурагтыг Сансарт байрлах “Зоос” нэртэй ломбардад 150.000 төгрөгөөр барьцаалж үлдээсэн..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 149-151/,
2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан:
“Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 63-885 тоотод хууль бусаар нэвтрэн орж самсунг маркийн зурагт хулгайлсан гэж заав” гэх тэмдэглэл /1 хх-ийн 159/,
4. Шүүгдэгч О.Э нь 2022 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 03-ны хүртэлх хугацаанд ........... тоотод оршин суух Т.Н гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 1 ширхэг эрэгтэй хүний хурган дотортой дээл, 1 ширхэг эрэгтэй хүний ноолууран цамц, 1 ширхэг эмэгтэй хүний ноолууран плаж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 886.146 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн:
“Хэрэг болсон гэх газар нь ........... тоот ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан гүйдэг хаалгатай хашаа байх ба хашааны баруун хойд хэсэгт үүдэндээ зүүн зүг рүү харсан амбаартай Монгол гэр байх бөгөөд уг гэрийн амбаарын хаалга онгорхой байв. Амбаарын хаалган дахь цоож байсан гэх хуучин оромыг шинжээч гэрэл зургаа бэхжүүлэн авав. Амбаар доторх цагаан өнгийн модон ор зэрэг эд зүйлс эмх замбараатай байна. Гэрийн хаалганы баруун талд хана дагуулж угаалтуур, гурван хаалгатай тольтой хувцасны шкаф, хөлдөөгч, бор өнгийн тавиуртай зурагт зэргийг байрлуулсан байх ба хөлдөөгчний дээгүүр угаасан хувцас тохсон байв. Гэрийн баруун хэсэгт шалан дээр цүнх, түрийвч, альбом, эд зүйлийн хайрцагууд зэргийг асгасан байх ба эдгээр зүйлсийн хажууд таг нь онгойсон бор өнгийн модон хайрцаг байв. Гэрийн хойморт байх модон орон дээр байсан цагаан өнгийн цаасан хайрцагнаас шинжээч 1 ширхэг бээлийний мөрийг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Орны зүүн талд байх бор өнгийн таггүй модон авдар байх ба үүний дээд тавцан дээр 2 ширхэг мөнгөн аяга, даллагын уут зэрэг зүйлс байна. Авдрын таг болон доторх эд зүйлсийг гэрийн зүүн талын хананд налуулсан шар өнгийн модон орон дээр тавьсан байв. Орны доод хэсэгт хөргөгч болон гал тогооны тавилга эмх цэгцтэй байв. Онгорхой байсан бор авдрыг шинжээч “16” гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. Зүүн орон дээр байх авдрын модон тагны баруун дээд ирмэг дээрээс 2 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэн авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 188-192/,
Хохирогч Т.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ........... тоотоос Увс аймаг явахаар гэрээ түгжээд явсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим гэртээ ирэхэд манай хашааны хаалга цоожтой хэвээр байсан ба дотогш ороход манай гэрийн амбаарын цоож эвдэрсэн байсан. Тэгэхээр нь сандраад гэртээ ороход гэрийн бүх эд зүйлийг онгичиж эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрийн хойморт байх бор авдраас бор өнгийн эрэгтэй хүний хурган дотортой дээл, 1 ширхэг цагаан өнгийн ноолууран плаж, 1 ширхэг цагаан өнгийн эрэгтэй хүний ноолууран цамц зэрэг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 195/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД3-22-701 дугаар:
Тус үнэлэгдэж буй хурган дотортой эрэгтэй хүний дээл /720.000 төгрөг/, ноолууран цагаан өнгийн даашинз /113.346 төгрөг/, ноолууран эрэгтэй хүний цамц /52.800 төгрөг/ нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 886.146 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх тайлан /1 хх-ийн 211-212/,
2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан:
“..... тоотод хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг ноолууран цамц, 1 дээл хулгайлсан гэж заав” гэх тэмдэглэл /1 хх-ийн 159/,
Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй..” гэв.
5. Шүүгдэгч О.Э нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ...... тоотод Б.Э ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, 925 сорьцтой 2 ширхэг монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж бүхий хослол, шаргал өнгийн зааны сувинер бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн:
“Хэрэг учрал болсон гэх газар нь ..... тоот ертөнцийн зүгээр зүүн хойш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, банзан хашаа байх ба төмөр хаалга нээлттэй хэсгээр дотогш ороход хашааны зүүн урд хэсэгт баруун зүгт харсан 2, хойд зүгт харсан 1 цонхтой, бор хүрэн өнгийн төмөр дээвэртэй, модон байшин байх ба хашаан дотор эд зүйлс эмх цэгцтэй, чулуулаг хөрс бүхий газартай байсныг мэргэжлийн гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийг цааш үргэлжлүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 232-238/,
Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би нөхөр 2 хүүхдийн хамт ..... тоотод амьдардаг. Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 40 минутад ажилдаа гарч байшингийн үүдний таамбарыг гадна талаас нь цоожилсон. Тэгээд ажил дээрээ байж байтал манай урд талын хөрш Хулан утсаар холбогдож “танай гэрийн хаалга онгорхой байна” гэсэн. Манай байшингийн хойд талын ханын шүүгээнд байсан дунд гарын 1, бага гарын 1 нийт 2 мөнгөн аяга, 925 сорьцтой мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, шаазан зааны сувинер /6 ширхэг шаргал өнгөтэй/ алдагдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 241-242/,
“Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт ажиллаж байгаад амралтаараа хотод ирсэн байсан. Өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад явж байхад 12 цаг 20 минутын үед хөрш эгч маань над руу залгаад “танай гэрийн хаалга онгорхой байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та ороод хараад өгөөч ээ” гэж хэлсэн. Би энэ О.Э г манай гэрт орсон хүн биш гэж бодож байна. Яагаад гэхээр дуудлагаар ирсэн цагдаа нарын авсан гарын хээнээс энэ хүний хурууны хээ илэрсэн гэж хэлээгүй. Манай гэрт орсон хүн олдохгүй байсан учраас энэ хүнд хэргийг тохчих вуу гэж харж байна. Тухайн үед цагдаа нар над руу ярихдаа “танай гэр рүү орсон хүн олдохгүй байна” гэхээр нь “за одоо яах вэ, олдвол тэр л биз, олдохгүй бол тэр л биз” гэж хэлдэг байсан. Тэгээд над руу “гомдолгүй” гэх агуулгатай хүсэлтээ бичээд өгөөрэй гээд 2-3 удаа залгасан. Би Хэнтий аймагт ажилтай байсан учраас амжихгүй байна гэхэд “гомдолгүй гээд мессежээр явуулчих” гэдэг байсан. Намайг хотод ирэхийн өмнөх өдөр нэг цагдаа манай гэрийн гадаа нэг залуу дагуулж очоод видео каллаар нурууг нь харуулаад залгасан. Манай гэрт орсон залуу тимберланд шиг гуталтай байсан. Сая хулгай орсон гээд 5 айл дурдагдаж байна. Хаягийн хувьд манайхтай ойрхон харагдаж байгаа боловч манайхаас нилээн зайтай газрууд байна. Би энэ хүүхдийг манай гэрийн ойролцоо явж байсан л гэж бодож байна. Би тэр хаяган дээр 27-28 жилийн хугацаанд амьдарч байна. Эдгээр хэргүүд нь ихэвчлэн Хужирбуланд гарсан байна. Би эд зүйлээ алдсан нь үнэн. Би энэ хүүхдийг биш байх гэж бодож байна. Надад гомдол санал байхгүй. Хохирлоо нэхэмжилмээргүй байна...” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн БЗД3-22-575 дугаар:
Тус үнэлэгдэж буй дунд гарын мөнгөн аяга /130.000 төгрөг/, бага гарын мөнгөн аяга /90.000 төгрөг/, бөгж, ээмэг, гинж зэрэг мөнгөн хослол /65.000 төгрөг/, шаазан зааны сувинер /35.000 төгрөг/ зэрэг нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320.000 төгрөгөөр үнэлэгдэв...”гэх тайлан /1 хх-ийн 249-250/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн БЗД3-22-821 дугаар:
Тус үнэлэгдэж буй бага гарын хуучин алтан аяга /500.000 төгрөг/, орны бүтээлэг /24.000 төгрөг/, монетон бөгж /377.000 төгрөг/, монетон бөгж /493.000 төгрөг/ зэрэг нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.394.000 төгрөгөөр үнэлэгдэв...”гэх тайлан /1 хх-ийн 249-250/,
2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан:
“..... тоотод хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бөгж хулгайлсан гэж заав” гэх тэмдэглэл /1 хх-ийн 247/,
Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй..” зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч О.Э гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 17/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 842/я дугаар яллагдагчийн цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2 хх-ийн 43-44/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /2 хх-ийн 48-49/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Гэм буруугийн талаар:
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгнөөс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч О.Э нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Хохирогч нарын орон байр нь бусдын үйлдэл, орон зайнаас хохирогчийн эд хөрөнгө, эрх ашиг, орон зайг тусгаарлаж байсан учир хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ёстой. Шүүгдэгч О.Э нь хохирогч Л.Ц , Р.Б , Х.Б , Т.Н , Б.Э нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд эзэмшигч нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Э г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч О.Э нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь хохирогч нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүгдэгч О.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Ц гийн алдагдсан эд зүйлсээс 217.800 төгрөгөөр үнэлэгдсэн 9 ширхэг эд зүйлийг шүүгдэгчээс гаргуулан хүлээлгэн өгчээ. Шүүгдэгч нь өөрөөр хохирол төлөөгүй байх учир О.Э гаас 4.482.316 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ц д 1.698.200 төгрөг, Р.Б т 419.000 төгрөг, Х.Б од 289.000 төгрөг, Т.Н д 886.116 төгрөг, Б.Э т 1.190.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч О.Э нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Э нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э гийн цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 296 цагийг оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 28ж3-4/5571 дугаар албан тоотоор дээрх ялыг биечлэн эдлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 424 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 53 хоногийн хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт ялын хугацааг тогтоолоо.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч О.Э нь хэргийн учир 70 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Э г үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч О.Э г шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.Э д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 424 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, 53 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э д оногдуулсан 5 жил 1 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э гийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э гаас 4.482.316 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц д 1.698.200 төгрөг, Р.Б т 419.000 төгрөг, Х.Б од 289.000 төгрөг, Т.Н д 886.116 төгрөг, Б.Э т 1.190.000 төгрөг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Ц , Р.Б , Х.Б , Т.Н , Б.Э нар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ