Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0843

 

2021 12 09 0843

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх  хуралдааны  дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/******* тоот тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/******* тоот тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тодруулжээ.

Б ХХК нь 2015 онд Улаанбаатар хотын Н дүүргийн нутаг дэвсгэрт орших Тийн байгалийн цогцолбор газарт 4.5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглах эрхийн гэрчилгээг олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/******* дугаартай тушаалын хавсралтын 5 дахь заалтаар Б ХХК-ийн Тид байршилтай 4.5 га газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

Б ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай дээрх тушаалыг Тийн байгалийн цогцолборт газрын захиргааны 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 21/201 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд хүчингүй болгосон үндэслэлээ газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэж заажээ.

Нэхэмжлэгч компани дээрх мэдэгдлийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүхэд хандах боломжтой тул хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэж маргаж буй хууль зүйн болон үйл бодит үндэслэлээ:

нэг. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр удаа дараа бүх нийтийн хөл хорио тогтоож өнөөг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа давагдашгүй хүчний шинжтэй байхад газар дээрээ гэрээнд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж,

хоёр. 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулан, Н дүүргийн Газрын албатай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн байхад газрын төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй гэж газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хууль бус гэж,

гурав. Тийн байгалийн цогцолборт газрын захиргаанд газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ албан ёсоор гаргасан байхад газрын төлөөгүй гэх үндэслэлээр эрхийн гэрчилгээг цуцалсан нь хууль бус гэж,

дөрөв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг огт хийлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал тайлбартаа:

нэг. Нэхэмжлэгч компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/******* дугаар тушаалаар Тийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 4.5 га газар ашиглах эрхийг 5-н жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд 2020 онд газар ашиглах хугацаа дуусгавар болсон байна,

хоёр. Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11/5988 тоот мөрдөгчийн мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд хууль зөрчсөн 660 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, цуцлахыг мэдэгдсэн,

гурав. Нэхэмжлэгч компани газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг манайд ирүүлээгүй,

дөрөв.Цар тахлын улмаас хөл хорио тодорхой хугацаагаар тогтоосон нь газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй,

тав. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Лхагва гарагийн 237 дугаар өдрийн сонинд газар ашиглах эрхийг хүчингүй болсон талаар мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэн ажилласан,

Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр арын 04-ний өдрийн 11/5988 тоот мэдэгдлийн дагуу гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/******* дугаар тушаалын холбогдох хэсэг хууль тогтоомжид нийцсэн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс ...газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ албан ёсоор гаргахад Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг огт хийлгүйгээр Засгийн газрын шийдвэрээр удаа дараа бүх нийтийн хөл хорио тогтоосон, давагдашгүй хүчний шинжтэй үед газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулсан байхад газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж, хариуцагчаас ...мөрдөгчийн мэдэгдэлд хууль зөрчсөн 660 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, цуцлахыг мэдэгдсэн, мөн газраа ашиглаагүй, төлбөр төлөөгүй болох нь нотлогдсон тул захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1-т дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн зохицуулалтаар, мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам-аар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.

Маргаанд хамаарах үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Улаанбаатар хотын Н дүргийн нутаг дэвсгэрт Тийн байгалийн цогцолборт газарт 4.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авч, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016 оны 01 дүгээр  сарын 13-ны өдрийн 2015/715 дугаар гэрчилгээ олгогдож, гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусахаар байжээ.

Нэхэмжлэгчээс Тийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай албан бичгээр ...цар тахлын хүчин зүйлүүд нөлөөлж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн одоо нөхцөл байдал суларсан тул тус газар дээрээ үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа тул газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч тухай газар маргаан бүхий актаар хүчингүй болсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг заасан.

Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тогтоосон дүнгээр төлсөн байхад энэ үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сарын 07-нд газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй, хууль бус болжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм.

Дээрх хуулийн заалтыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч  нь зориулалт бүхий цогцолбор барилгын эскиз зураг төслийг боловсруулж, төслийн хүрээнд 0.380 км сайжруулсан шороон замын засвар, аргагчлалын ажлын төсөв зохиож, 2019 онд тухайн газар дээр ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг Байгалийн нөөцийн удирдлагын газрын байгаль орчны үнэлгээ, аудитын газарт гаргаж байсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  сунгах тухай 181 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 194 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 226 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай 27 дугаар тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 91 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 104 дүгээр тогтоолуудаар 2020, 2021 онд нийслэл хот нь нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна.

Энэ үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд нэхэмжлэгч компани ороогүй байх тул өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн газраа ашиглах боломжгүй байсан байсан болох нь тогтоогдож байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулан үзэх боломжтой байна.

Тухайлбал нэхэмжлэгч компани НЗЭК ХХК-тай Хөрөнгө оруулалт, барилга угсралтын гэрээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан боловч цар тахлын улмаас аялал жуулчлалын бааз байгуулах төслийн хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил зогссон нь үүрэг хүлээсэн этгээдийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, давах туулах, сэргийлэх боломжгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж нэхэмжлэгчид Худалдаа Аж үйлдвэрийн Танхимаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл-ийн 02/635 дугаартай гэрчилгээ олгосон байна

Иймд нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байхад хариуцагч дээрх шалтгаан нөхцөлийг тогтоогоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас нэр бүхий хуулийн этгээдэд холбогдуулан эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөөр аялал жуулчлалын зориулалттай газар хувийн эзэмшлийн хотхон бариулж мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдлийг шалгах явцад гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар бичсэн мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичгийг газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийн үндэслэл шууд болгосон нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд нийцээгүй байх тул шийдвэр хуульд үндэслэх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмыг зөрчжээ.

Тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдахгүй болж байна. Учир нь эрх бүхий этгээдээс газар ашиглах эрх олгосны дагуу нэхэмжлэгч нь 2016-2021 онд нийт 30,065,274 төгрөг төлсөн байна.

Сонсох ажиллагааны тухайд хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонины №237 дугаарын сурталчилгаа хэсэгт Тийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, газар ашиглах гэрээ дүгнүүлээгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг нийтэлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсгохоор бол ...хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргүүлэх гэж заасантай нийцэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч  компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/******* дугаар тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/******* дугаар тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ОШ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ