Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б

 

Нэхэмжлэгч: “Ч т” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0887 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0290/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч т” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0887 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг баримтлан “Ч т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй.

Шүүх ийнхүү дүгнэлт гаргахдаа “Ч т” ХХК-д газар ашиглах эрхийн хугацаа дууссан байх тул маргаан бүхий шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзсэн нь алдаатай байна.

3.2.  Манай компани нь газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан. Үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ““Ч т” ХХК газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргасан болох нь уг бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байгаа учраас түүний газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар дуусгавар болчихсон гэж дүгнэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

Шүүх ийнхүү дүгнэлт гаргахдаа “Ч т” ХХК-д газар ашиглах эрхийн хугацаа дууссан байх тул маргаан бүхий шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзсэн нь алдаатай байна.

3.3. Бид цаашид 2021 оны 07 сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон гэх газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахтай холбоотой маргахад нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй 2023 оны 12 сарын 28-ны өдрийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал бидэнд сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, тус “Ч т” ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг захиргааны байгууллагаас нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0887 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдын маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэр, Богдхан уулын дархан цааазат газрын хамгаалалтын захиргааны саналыг тус тус үндэслэн, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр тус хуулийн этгээдэд олгосон 0.92 га газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

3. Маргааны үйл баримтын тухайд;

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Ч т” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.92 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэж, 2016/461 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр олгож, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2016/136 дугаартай гэрээг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл мөн 5 жилийн хугацаагаар байгуулсан.  

3.2. “Ч т” ХХК нь газар ашиглах эрх олгосон эдгээр хугацаанд:

- 2017 онд “А и” ХХК-иар “Ш” нэртэй зочид буудлын цогцолборын эскиз зургийг хийлгэж, уг төслийн байгаль орны төлөв байдлын үнэлгээний тайлан, нарийвчилсан үнэлгээний нэмэлт ажлын тайланг “М г э” ХХК-иар 2018-2019 онд гүйцэтгүүлсэн бол Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучнаар/ яамнаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13/8771 дүгээр албан бичгээр, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хүргүүлэхдээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийж ирүүлэхийг мэдэгдсэн.

- Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 820200259 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдэж, 2016-2021 оны эхний хагас жилийг хүртэлх хугацаанд төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тогтоосон.

- Мөн “М г э” ХХК-иар 2021 онд гүйцэтгүүлсэн газрын төлөв, чанарын хянан баталгааны тайлангийн дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр газрын төлөв, чанарын хянан баталгааны дүгнэлт үйлдсэн.

- Мөн нэхэмжлэгчээс газрын солбилцолд засвар оруулах, газрын үнэлгээ өөрчлөгдсөн гэх үндэслэлээр газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах асуудлаар төрийн байгууллагуудад 2017-2021 онд хандаж байсан бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/18, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/10, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/21 дугаар албан бичгээр, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаж байсан.

3.3. Маргаан бүхий газарт 2021-2023 оны газрын төлбөрийн ногдуулалт хийж, нэхэмжлэл үүсгэн харьяа татварын албанд илгээж, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд илгээгдсэн болохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10-17/603 дугаар албан бичиг тодорхойлно.  

3.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс маргаан бүхий актад дурдсан үндэслэлээр сонсох ажиллагаа явуулж, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгийг хүргүүлэхэд, “Ч т” ХХК-иас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 9/12 дугаар албан бичгээр хариу тайлбар ирүүлж байжээ.

4. “Ч т” ХХК-аас дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлагын үндэслэлээ “... газар ашиглах эрхийн гэрчилгээ дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргасан боловч тодорхой бус шалтгаанаар шийдвэрлээгүй, маргаан бүхий актаар ашиглах эрхийг цуцлах хүртэл манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан, дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2021 онд төлбөр нийлсэн акт үйлдсэнээс хойш төлбөрийн нэхэмжлэх ирүүлж байгаагүй тул Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан нөхцөл үүсээгүй, КОВИД-19 цар тахлын үед тогтоосон хорио цээрийн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй, яаманд тайлан хүргүүлж байсан ба шинэчлэн байгуулах газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга баталгаажуулаагүй, өөрсдийн зардлаар гурван овоо босгож, тахин шүтсээр ирснийг шийдвэр гаргахдаа харгалзаагүй, мэдэгдэх ба сонсох ажиллагаа хийгээгүй” гэх зэргээр тодорхойлж маргасан. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүсч, хадгалагдах нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

6. Анхан шатны шүүх, “Ч т” ХХК-ийн тодорхойлсон шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болсноор тус компанид газар ашиглахтай холбоотой үүрэг үүсэхгүй, газар ашиглах эрх дуусгавар болчихсон байхад уг эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

“Ч т” ХХК-ийн хувьд газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзсан гэх захиргааны байгууллагын эс үйлдэхүйд холбогдуулж шаардлага гаргаж маргаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл тухайн тохиолдолд үүссэн эсэх үйл баримттай холбогдуулан авч үзэхэд, маргаан бүхий захиргааны акт гаргах үед газар ашиглах эрхийн хугацаа хэдийнэ дууссан, сунгагдаагүй байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх шууд сэргэх үр дагавар үүсгэхгүй.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

Тухайн тохиолдолд, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох удаах зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

8. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.

9.  Энэ хэсгийн 3.2-3.4-т заасан буюу хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэхэд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүртэл 2 жилийн хугацааг тоолох ба нэхэмжлэгчийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэл 2 жилийн турш газрыг анх олгосон зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгч ч түүнийг баримтаар нотлоогүй байна.

10. Тодруулбал, нэхэмжлэгчээс газар ашиглахад чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа гэж тайлбарлаж буй зочид буудлын цогцолборын эскиз зураг гаргуулсан, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, газрын төлөв, чанарын хянан баталгааны дүгнэлт авсан зэрэг үйл ажиллагаанууд нь цаг хугацааны хувьд бүхэлдээ 2021 оны 6 дугаар сараас өмнөх үед хамаарч байх тул “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх урьдчилсан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “… шарын, улааны, бөөгийн тус бүр нэг овоо барьж байгуулсан, … тогтмол цэвэрлэгээ хийж байгаа гэв” хэмээн дурдсанаас үзэхэд энэ хэсгийн 8-д заасан тайлбар, түүний үндэслэлд хамаарах үйл ажиллагаа явуулсан, газрыг хашаалж, олгосон зориулалтад нийцэх орон байр барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь нотлогджээ.

11. Уул хадтай газар чулуугаар овоо босгож, тахин шүтэх монгол зан үйл хэмээх соёлын биет бус өвийн билэгдэл (зорилго) нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглахад чиглэсэн үйл ажиллагаа гэж тайлбарласан зочид буудлын цогцолбор барих агуулгад шууд хамааралтай биш учраас захиргааны байгууллагаас газар ашиглах эрх олгосон “аялал жуулчлал”-ын зориулалтаар газрыг ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

12. “Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн хувьд, газар ашиглах эрх үүссэнээр газрын төлбөрийг төлөх үүрэгтэй ба тухайн газарт төлбөр ногдуулах, газрын ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу мэдээллийн санд дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцох учир газрын төлбөр төлөх талаар газар ашиглах гэрээнд заагаагүй, эсхүл төлбөр төлөх нэхэмжлэх ирээгүй нь тухайн газар ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй, түүнчлэн захиргааны байгууллагаас урьдчилан төлбөр төлөх талаарх мэдэгдлийг авсан нөхцөлд л төлбөр төлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэж тус зохицуулалтыг захиргааны хэргийн шүүхээс нэг мөр тайлбарлаж хэрэглэсэн[1].

13. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар, “Ч т” ХХК нь 2021 оны эхний хагас жил хүртэлх хугацааны газрын төлбөрийг төлсөн, үлдэгдэлгүй бол түүнээс хойш 2023 оныг хүртэлх хугацаанд нэхэмжлэлээр үүсгэж, нэгэнт илгээсэн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулаагүй, төлбөрийн нэхэмжлэл ирүүлээгүй гэх зэргээр төлбөр төлөөгүй шалтгаанаа тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй болохыг ч дурдах нь зүйтэй.

Учир нь хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглах зөвшөөрөл нэгэнт олгосон атлаа түүнийг дагаж гарах газар ашиглах гэрээг байгуулаагүй, эс үйлдэхүй гаргасан буруутай боловч энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд давуу байдал олгох, тодруулбал, хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх үр дагаврыг үүсгэхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 45, 35.3.3-д зааснаар нэхэмжлэгч нь 2016 онд газар ашиглах эрх үүссэнээр газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, гэтэл захиргаа гэрээ байгуулаагүй, нэхэмжлэх ирүүлээгүй гэх шалтгаанаар газрын төлбөр төлөөгүй нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, захиргааны байгууллагын гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй юм.

14. Энэ хэсгийн 3.4-т зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулж, оролцогчийн тайлбар гаргах боломжийг хангасан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож буй энэ нөхцөлд “мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

15. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс цуцалсан.

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд, цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй гэж тайлбарлах боловч бүх нийт хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр газрын төлөв, чанарын хянан баталгааны тайлан хийлгэж, захиргааны байгууллагаар батлуулсан, дүүргийн Газар зохион байгуулалтын албатай тооцоо нийлсэн акт үйлдсэн зэргээс үзэхэд газар ашиглагчийн хувьд бусад хуулийн этгээдтэй харилцсан үйл ажиллагаанд цар тахлын үйлчлэл нөлөөлөхгүй, гагцхүү захиргааны байгууллагатай харилцах, хууль буюу гэрээгээр хүлээсэн үүрэгт л хамаарна гэж ялгамжтай агуулгаар тайлбарлахгүй.

16. Иймд Газрын тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг захиргааны байгууллага үндэслэлтэй зөв тогтоож, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулснаас гадна түүний улмаас нэгэнт ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон хуулийн этгээдийн эрх сэргэхгүй тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй учраас шийдвэрийг хэвээр үлдээж, харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ

 

 

 

 

 

                                

 

 

[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2024/0068 дугаар тогтоол