| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
2023 01 26 2023/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Н.Ганчимэг,
нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
шүүгдэгч Н.О түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О од холбогдох эрүүгийн 2206 00736 1676 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О ыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа алгадах, гарын булчин хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн хацар, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга, шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00736 1676 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
шүүгдэгч Н.О нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... тоот гэртээ хамтран амьдрагч Б.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 2 цагийн үед нөхөр О той сансарт уулзсан. Тэгээд нөхөр, төрсөн эгч, хүргэн ах бид 4 О ын ээжийн гэрийн гадаа буюу .......... тоотод 06 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд эгч нөхөртэйгөө машиндаа унтаад өгсөн. Манай нөхөр гэртээ орохгүй байхад ээж нь гэртээ оруулсан. Тэгээд “орон дээр хүүхэдтэйгээ яаж багтанаа” гэсэн чинь нөхөр “чи хөлд унт” гэхээр нь “би яагаад чиний хөлд унтах ёстой юм гэсэн. Тэгсэн чинь “гарч юм яръя” гээд хажууд байдаг гэр рүү ороод “яагаад байгаа юм, пизда, янхан гичий” гээд доромжлоод байсан. Тэгээд гар утсаар миний хамар руу нэг удаа цохисон. Тэгснээ үснээс зулгаагаад хаалганаас түлхэж унагаагаад чирээд машин руу ороод хэл амаар доромжлоод тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад нөхөр машинд унтаад өгсөн. Тэгэхээр нь би гараад гэрт ороод охиныхоо хажуугаар ороод унтсан. Тэгж байтал нөхөр орж ирээд охины хөл, гар дээр дарах гээд байхаар нь “цаашаа унтаарай” гэсэн чинь “тайван унтуулахгүй юм пизда чинь” гээд нөхөр босч ирээд толгой, гар, нуруу гээд биеийн бүх хэсэг рүү гараараа олон удаа цохиж юм авч шидээд байсан. Тухайн үед нөхрийн төрсөн эгч Н нөхөртэйгөө байсан. Эгч нь салгах гэсэн чинь эгчийнхээ нуруу руу цохисон. Тэгж байтал гаднаас миний төрсөн эгч Энхтуул машин дотор нөхөртэйгөө унтаж байгаад намайг зодуулж байгааг сонсоод гэрт орж ирээд нөхрийг “болиоч” гээд салгах гээд тэгсэн чинь “би өөрөө мэдэж байна” гээд эгчийн шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд би нөхрийг салгах гэсэн чинь миний хавирга руу олон удаа цохисон. Тухайн үед 15 цаг болж байсан. Тэгж байтал ээж над руу залгасан чинь О утас авч яриад би хажуугаас нь О намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай ах нар ирээд намайг аваад явсан. Тухайн үед О ын ээж нөгөө гэрт байсан ба О намайг зодож байхад миний төрсөн эгч Энхтуул, эгчийн нөхөр Б , О ын эгч Н , Н гийн нөхөр Б , О ын бэр эгч Заяа, О ын төрсөн ах Бакана, манай охин Үүлэнсолонго нар байсан. Тэгээд орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд аавын гэрт байхад аав ажлаасаа ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”,
Тухайн өдөр миний хамар руу гар утсаар зөөлөн цохисон болохоор миний хамранд ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний хэрэглэж байсан гар утсыг юм угааж байгаад усанд унагаасны улмаас ажиллагаагүй болсон... Миний хамтран амьдарч байсан Н.О өмнө нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг нэг удаа алгадаж байсан ба би энэ үед цагдаагийн байгууллагад хандан шалгуулж шүүхээс түүнд 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж байсан. Хэрэг гарсан өдөр Н.О надад гар хүрч миний биед халдахад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 17/,
Гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө өөрийн төрсөн дүү Б.Э , Н.О той сансрын тунелын ойролцоо уулзаад бид 3 хамтран амьдрагч Б ыг дуудаж дөрвүүлээ О ын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайд байх гэрийнх нь гадаа очиж архи ууцгаасан. Миний хамтран амьдрагч Б бид 2 нилээн согтуу байсан учир машинд нь унтаад өгсөн байсан. Өглөөгүүр даарч сэрэхдээ Н.О ын гэр рүү орж машины түлхүүр аван машин асааж суухаар болсон. Би Н.О ын байшин руу ороход Н.О , Б.Э нар хэрэлдээд байсан. Н.О Б.Э ыг үсдээд 2 гарын булчин хэсэг рүү 3-4 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би очоод Н.О ыг “чи яаж байгаа юм” гээд салгахад Н.О над руу дайрч намайг нэг удаа алгадсан. Энэ үед Б.Э хүрч ирээд Н.О тэр 2 хоорондоо нэг нэгийгээ цохиод байсан ба Н.О Б.Э ыг түлхээд бурханыхаа тавиур руу унагаасан. Б.Э унахдаа бурхан дээр байсан хүрдийг нь унагаачихсан. Тэгээд Н.О Б.Э ыг “чи манай гэрийн бурханыг унагаачихлаа” гэж дайраад байсан ба Энхжаргал ээж рүү утсаар залгаж болсон асуудлын талаар хэлж манай ах нар ирэн бид хоёрыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №2398 дугаартай:
Б.Э ын биед зүүн хацар, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,
Шүүгдэгч Н.О ын мөрдөн байцаалтад өгсөн:
“...Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчим найзуудтайгаа Сансарын тунелийн ойролцоо уулзаад байж байхад миний хамтран амьдрагч Б.Э над руу залгаад таксины мөнгө аваад “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд таксины мөнгө аваачиж өгөхөд Б.Э эгч Б.Э ын хамт байсан. Тэгээд бид сансарын тунель дээрээс Б.Э ын нөхөр болон Б ыг нэмж аваад Б ын гэрийн гадна очиж 1 шил архи уугаад байж байхад Б , Б.Э нар хоорондоо зодолдоод байхаар нь би тэр хоёрыг салгаад “та 2 гэртээ ороод дахиж зодолдох юм байна, манайх руу бөөнөөрөө явъя” гээд ..... тоот манай гэрт ирсэн. Бид нар манай гэрт ирээд үлдэгдэл архиа ууж дуусгачихаад Б.Э бид 2 хүүхдийнхээ хамт байшинд орж орон дээр унтах гээд хэвтсэн ба араас Б.Э нилээн согтсон байдалтай орж ирээд Б.Э аас машины түлхүүр нэхээд орилоод байсан. Гэтэл Б.Э эгчдээ түлхүүр өгөхгүй гэж хэсэг маргалдаж байснаа миний хөнжлийг хуу татаж намайг сэрээгээд байсан. Би тоохгүйгээр хэвтээд байсан ба Б.Э уурандаа манай гэрийн бурхныг авч надруу шидэхээр нь би очоод “чи яаж байгаа юм бэ” гэхэд надруу дайрч миний гэдэс болон цээжин дээр маажсан. Тэгэхээр нь би миний ах нас бараад удаагүй байхад бурханыг нь шидсэнд уурлаад түүнийг хавирч унагаагаад нүүр рүү нь 2 удаа алгадсан. Гэтэл Б.Э ыг айлын бурхан авч шидсэн чиний буруу гээд аваад гараад явсан. Удалгүй цагдаа нар ирж намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Н.О ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 59-73/, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 283 дугаар “прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 86-87/, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 88/ 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр “мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.О ын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Э ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.О , хохирогч Б.Э нар хамтран амьдардаг, дундаасаа нэг охинтой болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий” гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Н.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Э ын биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Э нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-ийн 17/ гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйлд заасан дундаж хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж “хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол үйлдэж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 923 дугаар яллах дүгнэлтийг үйлдсэн боловч яллагдагч нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж уг яллах дүгнэлтийг гардаж аваагүй тул дээрх яллах дүгнэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 283 дугаар прокурорын тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс яллагдагч Н.О нь мөрдөн байцаалтаас оргон зайлж түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа тасралтгүй явагдсан талаарх баримтууд хавтаст хэрэгт тусгагджээ. Түүнийг эрэн сурвалжилж 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олж тогтоон мөрдөн байцаалтыг сэргээж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 44 дүгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан учир түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэглэв.
Шүүгдэгч Н.О нь гэмт хэргийн учир 7 хоног цагдан хоригдсон байх учир шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар 1 хоногийг нь ажлын 8 цагаар тооцож нийт 56 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцов.
Шүүгдэг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.О ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.О од оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О ын энэ хэргийн учир цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 56 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж эдлэх ялыг 344 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ