Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

                                                                                                                      

 

 

 

 

  2023        01         31                                  2023/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Сайнхүү,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М т холбогдох эрүүгийн 2206 05681 0030 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М ыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..........  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.С ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 05681 0030 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.М  нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ..........  тоотод эхнэр Ц.С ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны оройн 23 цагийн үед манай нөхөр М   нь 2 лааз пиво авч орж ирэхээр нь бид хоёр нэг нэгээр нь уусан. Нөхөр Д.М  гэрт орж ирэхээсээ өмнө 1 лааз пиво уусан юм шиг байна лээ. Тэгээд М   нь дахин дэлгүүр орж нэмж 2 лааз пиво авч ирээд мөн бид 2 хувааж уусан. Тэгээд нөхөр бид хоёр ойр зуурын юм ярилцаад байж байсан чинь нөхөр М   хүү А ын турсик нь 2-3 цоорчихсон байсан чинь М   “дахиад орондоо баачихсан байна ш дээ, чамайг ангийн чинь охинд хэлнэ гэсэн шүү” гэсэн чинь А  уурлаад аавыгаа 3-4 удаа цохисон. Тэгэхэд М   зөрүүлээд А ын нуруу, гуя руу гараараа цохиод байхаар нь би хүүгээ тэвэрч аваад М   руу уурлаад “чи хүүхдээ ингэлээ” гэхэд миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгээд багалзуурдсан. Тухайн үед миний ухаан балартсан байсан. Тэгэхэд хажуу талаас хүү маань “аав аа, миний буруу” гэж уйлж байсан. Түүний дараа М   нь гал тогооны тэнд толгойгоороо миний дух руу мөргөсөн, тохойгоороо нэг удаа нүүр рүү цохисон. Тухайн үед миний хамар хугарсан байсан, зүүн талын нүд хөхөрсөн, зүүн талын дээд зовхи сэтэрч сорви болсон. Тухайн үед толгой өвдөж байсан. Миний урд 2 шүд хөндүүр байсан. Зүүн талын шүд хөдөлсөн байсан. 2018 онд манай нөхөр намайг зодож тухайн үед Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байсан. Жилд 1-2 удаа зоддог байсан. Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны үеэр хамрын хагалгаанд орсон. Тэгээд сая зодуулаад хамар хугарсан болохоор хамраа эдгэрхээр 2-3 сарын дараа хамрын хагалгаанд оруулна гэж хэлсэн. Би хөмсөгний дээд талын зовхины сорвио гоо сайхны газраас асууж арилгах боломжтой эсэхийг мэдмээр байна. Би гомдолтой байна...”,

“...Тэр үед манай том хүү уурлаад нөхрийн бие рүү дөрвөн удаа цохихоор нь нөхөр уурлаад “чи намайг гуч цохисон” гэж хэлээд том хүүхдийн гэдэс нуруу хэсэг рүү таван удаа цохиод, зүүн гарыг нь мушгиж дараад орон дээр унагахад том хүү орилоод уйлаад байхаар нь би нөхрийн хойноос тэврээд “хүүхэд цохихоо болиоч” гэж хэлээд гарнаас нь татаад хүүхдээс холдуулахад миний хамар хэсэг рүү нөхөр 2 удаа цохиод шалан дээр толгойгоор саваад багалзуурдаад, шалан дээр саваад цохиод байсан. Тэр хооронд ухаан балартаад сэргэхэд миний аманд цус амтагдаад цус гарч байхаар нь нөхрийг өөрөөсөө холдуулаад хөлөөрөө нөхрөө арагш жийж унагаагаад гэрийн хаалга онгойлгоод “авраарай” гэж орилоход нөхөр татаж оруулаад “чи муу пизда намайг хазсан байна” гэж хэлээд байхаар нь “би цагдаад дуудлага өгнө” гэхэд миний утсыг нөхөр авчихсан. Тэгж байтал хаалга цохиод нөхөр хаалга онгойлгоход 2 цагдаа орж ирээд нөхөр бид хоёрыг авч явсан. Би хамраа эмнэлэгт үзүүлэхэд хамрын үзүүр хэсгээр 3 цувралт, 1 хугаралттай байна гэсэн. Томограпд үзүүлсэн зураг байгаа мөн зүүн нүд хавдаж хөндүүртэй, зүүн нүдний хөмсөгний зүүн доод талд 1 см орчим шархтай, толгой баруун дээд хэсэгт хавдсан, үүдэн дээд талын урд нэг шүд хөдөлж, дээд талын үүдэн шүднүүд хөндүүртэй, эрүүний доод хэсэгт хавдаж шалбарсан, хүзүү улайсан, хоёр гарын булчин хэсэг, хөлийн гуя, шилбэ хэсэгт хөхөрсөн гэмтэл учирсан байна. Манай хүүгийн хоёр гарын бугуй хэсэг улайж хөхөрсөн гэхдээ одоо зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 12-14/,   


            Иргэний нэхэмжлэгч А.М  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөөгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Д.М  нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Ц.С тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ц.С  нь 2022 оны 11 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөг, ЭМЖЖ эмнэлгээс 114.000 төгрөг нийт 162.000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.М аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Чулуунсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15695 дугаартай:

“Ц.С ийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч, мурийлт, 21 дүгээр шүдний ганхалт, зүүн нүдний дээд зовхи, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамар, зүүн хацар, хүзүү, баруун мөр, баруун бугалга, 2 тохой, гуя, шилбэ, 2 өвдөгт цус хуралт, зүүн хацар, хүзүүнд булгаралт, хамар, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх, нидрэгдэх, унах, багалзуурдах үйлчлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

“Мөнгөн гүүр” эмнэлгийн толгойн компьютер томографид үзүүлсэн баримт /хх-ийн 32/,

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дүрс оношилгооны төвд үзүүлсэн баримт /хх-ийн 33/,

Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн соронзон резонанст томографид үзүүлсэн баримт /хх-ийн 35/,

Ц.С ийн ЭМЖЖ чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн баримт, хамар, дайвар хөндийн компьютер томографи /хх-ийн 36-38/,

 

Хохирогч Ц.С ийн гэмтэл авсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41/,

 

Шүүгдэгч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед баярт үйл явдал болсон болохоор “Номин” худалдааны төвөөс хүнсний зүйлээ авч дээрээс нь 4 ширхэг лаазтай пиво нэмж аваад гэртээ орж ирсэн.  Тэгээд эхнэр С  бид 2 авсан пивонуудаа хувааж ууж байгаад би гадаа гарч тамхилж байгаад байрны ах Ц тай таарсан. Ц  ах бид 2 өмнө нь бизнесийн асуудал ярьж байсан болохоор тэр яриагаа үргэлжлүүлээд машинд пиво ууцгаасан. Тэгээд машинд сууж байхад С  дахин дахин утсаар яриад “чиний бизнес ярина гэж юу байдаг юм” гээд байхаар нь “одоохон” гээд сүүлдээ утсаа авахгүй байсан чинь С  гарч ирээд намайг Ц  ахын дэргэд эвгүй байдалд оруулж элдэв бусаар харааж ерөөгөөд гэр рүү цуг орцгоосон. Бид хоёрыг гэрт ороход 2 хүүхэд кино үзээд сууж байсан бөгөөд би дунд нь ороод кино үзээд суусан. Тэгээд С  миний хажууд ирээд сууж байсан. Тэгсэн манай том хүү А  /6 настай/ турсикэн дээр нь 2-3 удаа цоорчихсон байхаар нь би шоолоод инээсэн чинь А  нь Э  гээд хүүхдэд сайн юм шиг байхаар нь би “Э д хэлнэ дээ” гэсэн чинь цохиод байсан. Тэгэхээр нь би “миний хүү боль, ямар олон цохидог юм бэ” гэсэн чинь болихгүй байхаар нь би барьж байгаад “хүнд өвдөлт мэдрүүлэх ямар байдгыг мэдэр” гээд бөгсөн дээр нь тоншсон чинь А  уйлаад ээжрүүгээ очсон. Тэгэхээр нь А ыг гараас нь татсан чинь С  миний гарнаас хазсан. Тэгээд би гараа авах гээд татсан чинь бүр өвдөөд авагдахгүй байхаар нь буцаад гараа татсан. Гараа савлуулж байгаад С ийн нүүр хэсэгт цохигдоод бид хоёрын дунд хэрүүл маргаан эхэлсэн. С  над руу 2 гараараа маажаад дайраад байхаар нь 2 гарыг татаад автал миний зүүн хөхөн дээр хазсан. Тэгээд надад өвдөлт мэдрэгдэхээр нь цааш нь түлхэж цохисон. Тухайн үед С ийн ухаан балартсан байсан гэж бодож байна. Сонин байхаар нь өргөж авч яваад ариун цэврийн өрөө рүү оруулаад ваннд хүйтэн усаар нүүрийг нь шавшиж ухаан санаа чинь зүгээр үү гэж сэргээсэн. Мөн миний баруун гарын тохойноос хазсан... С  миний хөхнөөс хазахаар нь би болиулах гээд нүүр хэсэгт нь ойрхон байсан болохоор мөргөсөн байж магадгүй. Мөн гарнаас хазахаар нь болиулах гээд гараа татаж авахдаа нүүр хэсэгт нь цохигдсон байж магадгүй. С  бид хоёрын хооронд хэрүүл маргаан болж иймэрхүү асуудал гардаг. С  нь өөрийн ухаанаа алдталаа уурлаж дайрдаг, биенээс хаздаг болохоор тэрнээс нь болж асуудал үүсдэг. Би эцэг хүний хувьд үг хэлдэг, тухайн өдөр бөгсөн дээр нь хуруугаараа тоншсон. А  сургууль дээрээ байнга асуудал гаргадаг. Тэр асуудлаар нь би сургууль дээр нь байнга очдог. Тэр өдөр “чи хүнд өвдөлт мэдрүүлдэг, өөрөө энэ өвдөлтийг мэдэрч үз” гэж хэлээд бөгсөн дээр нь хуруугаараа тоншсон. Би ч бас стрессдэж байна. Шүүх, цагдаа болохоор миний буруу болоод яг гэрт болж байгаа зүйлд их стрессдэж, өөрөө дарангуйлагч болж хувираад байна. Би санаатайгаар эхнэрээ барьж аваад хүчирхийлж зоддоггүй. Би өөрөө өвдөлт мэдэрч байгаа болохоор тэрийг болиулах гэж ийм асуудал үүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

 

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл:

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв амбулаторийн үзлэг 30.000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төв ойрын дуудлага 48.000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэг амбулаторийн үзлэг 30.000 төгрөг, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 84.000 төгрөг /хх-ийн 59/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хохирогч Ц.С ийн гаргасан “Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болсон асуудлын талаар ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 81/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шүүгдэгч Д.М ын гаргасан “Миний бие Ц.М   нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ц.С ийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг тухай бүрт нь барагдуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 82/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 63-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 68/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69/, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаар “хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт, прокурорын санал /хх-ийн 97-98/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Д.М  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.С ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.М ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.С ийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч, мурийлт, 21 дүгээр шүдний ганхалт, зүүн нүдний дээд зовхи, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамар, зүүн хацар, хүзүү, баруун мөр, баруун бугалга, 2 тохой, гуя, шилбэ, 2 өвдөгт цус хуралт, зүүн хацар, хүзүүнд булгаралт, хамар, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.М , хохирогч Ц.С  нар хууль ёсны гэр бүл болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69/ зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.М  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.С ийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Д.М т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ц.С  гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С т эмнэлгийн тусламж үйлчилгээг нийслэлийн түргэн тусламжийн төв болон “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн төлбөр гарчээ. Иймд Эрүүл мэндийн даатгалын санд 192.000 төгрөгийг шүүгдэгч Д.М аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд төвлөрүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Д.М ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь ахуйн хүрээнд нийлж хамтдаа согтуурсан үйлдэл нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсныг цаашид анхаарах нь зүйтэй. Цаашид хамтдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, мөн хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж байх, хэрүүл маргаанаа хүчээр бус эв зүйгээр шийдэж байх шаардлагатай байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг биш үү, ийм үйлдэл байгаа эсэхийг шалгая, эрүүгийн хариуцлага нь ухамсарлуулах зорилтод нийцэхгүй байх учир торгох ял оногдуулах оновчгүй байна, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зөв” гэх дүгнэлтийг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хуульчилжээ. Д.М ын хувьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, торгуулийн ял шийтгэгдэж тухайн эрүүгийн хариуцлагын зорилго биелэгджээ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэх шинж нь нэг үйлдлийг олон удаа ойр ойрхон хугацаанд хийснийг ойлгохоос бус нэг үйлдлийн хугацааг нь харгалзахгүйгээр гурав ба түүнээс дээш удаа хийсэн байна гэж тайлбарлах нь өрөөсгөл болно.

 

Шүүгдэгч Д.М  нь урьд 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн нь нэг удаагийн үйлдэл байх бөгөөд 2022 онд дахин дээрх гэмт хэргийг үйлдсэнтэй хамаарч улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн байнга гэх шинжийг давтамжийн хувьд хангахгүй болно.

 

Шүүгдэгч Д.М  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М т оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М аас 192.000 /нэг зуун ерөн хоёр мянган/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ..........  тоот дансанд төвлөрүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ